П.Сэрдамба эхний тулаандаа ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба эхний тулаандаа ялагдлаа

БНСУ-ын Инчён хотноо өнгөрөгч баасан гаригт эхэлсэн боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын ширэн бээлийтнүүд амжилт муутайхан эхлүүллээ. Монголын баг тамирчдын салхийг хагалж, ОУХМ З.Энхзориг 2009 оны Азийн аваргын мөнгөн медальт Энэтхэгийн тамирчин Жей Бхагвантай тулалдсан. Харамсалтай нь, улаан булангаас гарч тулалдсан манай тамирчин 19:12 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирдаас З.Энхзориг ганцаараа тулалдсан бол амралтын өдрүүдээр бусад жингийн тамирчид Азийн аваргын рингэнд гарсан. Харамсалтай нь, П.Сэрдамба, Н.Төгсцогт нарын шилдгүүд эхний тулаандаа ялагдсанаар энэ жилийн Азийн аваргыг орхилоо.

Бямба гаригт манай таван тамирчин Инчёны рингэнд гарч тулалдсан. Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба наймны нэг шигшээд Өмнөд Солонгосын тамирчин Шин Жон-хунтай тулалдаж, 25:16 харьцаатай ялагдсан байна. Бусад боксчдын хувьд тус тусынхаа учрааг буулган авснаар шөвгийн наймд шалгарчээ. 56 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай Японы тамирчин Шохей Журакүг 24:6 харьцаатай, 64 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөн Японы тамирчин Юүта Фүкүмориг 22:6 харьцаатай, 63 кг-д Б.Түвшинбат Индонезийн Тауфан Парансаг 16:5 харьцаатай, 75 кг-д Т.Чулуунтөмөр Иорданы Мохаммад Алассиг 25:13 харьцаатай тус тус ялжээ.

Харин өчигдөр Н.Төгсцогт /52 кг/, Х.Мандахбаяр /-91/ нарын манай хоёр тамирчин тулалдсанаас дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Энэтхэгийн тамирчин Сантош Факираппа Харижанд 18:9 харьцаатай ялагдсан бол -91 кг-ын жинд Х.Мандахбаяр Хятадын боксчин Ван Шуаньшуаньд 19:2 харьцаатай дийлдсэнээр тэмцээнээ дуусгасан байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын буюу медалийн төлөөх тулаанууд өнөөдрөөс эхэлнэ. Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор найман тамирчны бүрэлдэхүүнтэй БНСУ-ыг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдээс дөрөв нь тэмцээнээ цаашид үргэлжлүүлэхээр болоод буй. Харин өнөөдөр 56 кг-ын жинд Д.Отгондалай Киргизстаны тамирчинтай, Б.Түвшинбат /69 кг/ Иракийн боксчинтой медалийн төлөө нударга зөрүүлэх бол маргааш У.Мөнх-Эрдэнэ /64 кг/ Казахстаны тамирчин Алмасбек Алибековтой, Т.Чулуунтөмөр /75 кг/ Киргизстаны Нурсултан Осмоновтой хүрэл медалийн төлөө тус тус тоглох юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөнө. Сонирхуулахад, 2009 онд Хятадын Жухай хотноо болсон 25 дахь удаагийн Азийн аваргаас Монголын боксчид гурван хүрэл медаль хүртсэнээс багийн дүнгээр есдүгээр байрт бичигдсэн юм. Тухайн жил 48 кг-ын жинд Н.Төгсцогт, 57 кг-д Б.Жавхлан, 60 кг-д З.Энхзориг нар хүрэл медаль хүртэж байлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж