Б.Түвшинбат хүрэл медалийн болзол хангав

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Б.Түвшинбат хүрэл медалийн болзол хангав

Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр Монголын хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангалаа. БНСУ-ын Инчён хотноо үргэлжилж буй тус тэмцээнд Монголын баг тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Р.Сайнбилэг нарын удирдлага дор найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй. Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба /49 кг/, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт /52 кг/, ОУХМ З.Энхзориг 60 /кг/, Х.Мандахбаяр /-91 кг/ нар эхний тулаандаа ялагдсанаар Азийн аваргын рингийг орхисон бол Д.Отгондалай /56 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/ нар медалийн төлөө тулалдах эрхээ аваад байсан юм. Улмаар өчигдөр Д.Отгондалай, Б.Түвшинбат нар ээлжит учраагаа ялснаар хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгө, алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой боллоо. Харин өнөөдөр У.Мөнх-Эрдэнэ, Т.Чулуунтөмөр нар медалийн төлөөх тулаанаа хийх юм.

Өчигдөр үдээс өмнө Д.Отгондалай /56 кг/ Киргизстаны тамирчин Медер Мамакеевийг 18:16 харьцаатай буулган авснаар маргааш мөнгөн медалийн төлөө БНСУ-ын тамирчин И Жин-Ёнтой тулалдахаар болсон бол үдээс хойш 69 кг-ын жингийн шөвгийн наймын тулаан болж, Б.Түвшинбат Иракийн боксчин Зайдон Мохамедийг 7:1 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангажээ.

Харин өнөөдөр 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ Казахстаны боксчин Алмасбек Алибековтой, Т.Чулуунтөмөр 75 кг-д Киргизстаны Нурсултан Осмоновтой тус тус медалийн төлөө өрсөлдөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж