Баянхошууны урд замыг Толгойтын замтай холбоно

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Баянхошууны урд замыг Толгойтын замтай холбоно

Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь оршин суудаг Сонгинохайрхан дүүрэгт энэ жил долоон хорооны шинэ барилга, нэг гүүрэн байгууламж баригдахаар болсон. Энэхүү ажлын явцтай Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б. Баатарзориг танилцлаа. Сонгинохайрхан дүүргийн дөрөв, тавдугаар хороонд баригдаж буй гүүрэн байгууламжийн ажил хэвийн, графикийн дагуу явагдаж байв. Баянхошууны урд замыг Толгойтын замтай холбох 2.4 км зам, 36 метр урт гүүрэн байгууламжийн барилгын ажил тавдугаар сарын нэгнээс эхэлжээ. Гүйцэтгэгч компани уг ажлыг аравдугаар сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх аж.

Одоогоор гүүрний зутгалт, явган хүний замыг хийж гүйцэтгээд байгаа юм байна. Ирэх долоо хоногт гүүрний дам нурууг угсарна гэдгийг “ЗМ” компанийн хяналтын инженер Б.Ганбаатар хэлж байв. 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гүүрэн байгууламж нь хоёр алслалттай, 14 дам нуруутай, нэг тэнхлэг нь 20 тонн даах хүчин чадалтай учир хотын замын ачааллыг багагүй багасгана гэж албаны хүмүүс хэлж байсан.

Гүүр орчмын гэрэлтүүлгийн ажлыг “Гэгээн цайдам” ХХК хийж гүйцэтгэхээр болсон байна. Б.Баатарзориг дарга гүүрэн байгууламжийн ажилтай танилцах үеэрээ “Хот Сүхбаатарын талбайг тойрсон тохижилт гэлтгүй хорооллын гадна талын зам, тохижилтонд ч анхаарал хандуулж байгаа. Тиймээс өнөөдөр энэхүү гүүрийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж байна. Гүүрийг чанартай, хугацаанд нь барих чухал. Чанаргүй барьсан гүүрийг байгаль шалгах учраас бүх зүйлийг зураг төслийн дагуу, хяналтын дор гүйцэтгэх хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр гүйцэтгэж буй ажлаа чанаргүй, нүд хуурсан төдий хийвэл хатуу хариуцлага тооцож, дараа дараагийн замын ажилд оролцуулахгүй, тэр бүү хэл нэр хүндэд нь хүртэл халдах болно гэдгийг хатуухан сануулав.

Гүүрэн байгууламж барих ажил нийслэлд саяхнаас өрнөсөн. Энэ ч үүднээсээ ажлын туршлага дутаж байгаа эсэхийг “ЗМ” компанийн хяналтын инженер Б.Ганбаатараас тодруулахад “Манай компани анх удаа гүүрэн байгууламж дээр ажиллаж байна. Хотын захиргаанаас Сөүл хотод гүүрэн байгууламж барих инженер, техникийн ажилчдын мэргэжлийг удаа дараа дээшлүүлсэн. Түүнд манайхан явж, суралцсан. Тиймээс гүүрний ажлыг бид өдөр тутамд хянаж байгаа учраас ямар нэгэн асуудал гаргахгүй” гэв.

Нийслэлийн өдрөөс өмнө 26 дугаар хороо шинэ байрандаа орно

Улаанбаатар хотод энэ онд 20 хорооны цогцолбор барилгыг барьж байгаа. Нийслэлийн дөрвөн хүн тутмын нэг нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг учраас тус дүүрэгт 26-32 дугаар хорооны долоон цогцолбор барилгыг барихаар болсон. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны барилгын ажил 26 хувьтай байгаа аж. Хорооны барилга баригдаж буй газар уулархаг, өгөршилт орсон хайрган хөрстэй байсан нь хундаам ухахад багагүй хүндрэл учруулсан байна. Тиймээс барилгын ажлын графикт хугацаа хэд хоногоор хойшилжээ. Харин үүнээс өөр ямар нэг хүндрэл гараагүй гэдгийг “Таван талст оргил” ХХК-ийн талбайн инженер О.Нарандулам хэлж байлаа. Барилгыг хугацаанд нь буюу нийслэлийн өдрөөс өмнө ашиглалтад өгөхийн тулд бэхжилттэй зуурмагийг авч ашиглахаар болсон гэдгийг ч тэрбээр хэлж байсан. 

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нь өнгөрсөн гуравдугаар сард гурав, дөрөвдүгээр хорооноос тасарч гарсан шинэ хороо аж. 10559 иргэнтэй, 3014 өрхтэй тус хороо нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин 324,5 сая төгрөгийн өртөгтэй хорооны цогцолбор ашиглалтад орсноор иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна гэдгийг тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг хэлж байсан. Зоорийн давхартайгаа нийлээд гурван давхар барилгад хорооны байр, өрхийн эмнэлэг, цагдаагийн тасаг байрлах аж.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж