Монгол судлал бол Монголчуудын хөгжил дэвшилд оруулж буй гайхамшигтай хувь нэмэр

Хуучирсан мэдээ: 2011.08.09-нд нийтлэгдсэн

Монгол судлал бол Монголчуудын хөгжил дэвшилд оруулж буй гайхамшигтай хувь нэмэр

Ц.Элбэгдорж: “Монгол судлал гэдэг бол миний хувьд Монголчуудын хөгжил дэвшилд эрдэмтдийн зүгээс оруулж байгаа гайхамшигтай хувь нэмэр гэж боддог”
Олон улсын Монголч эрдэмтний Х их хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үг

Эрхэм хүндэт монгол судлаачид аа,
Хатагтай, ноёд оо,

Олон улсын монголч эрдэмтдийн Х их хуралд оролцож байгаа дотоод, гадаадын эрдэмтэн судлаач Та бүхэнд Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, эрдмийн их чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэн мэндчилье.

Зуны энэ сайхан өглөө Та бүхэнтэй хамт байж, танай хэлэлцүүлэгт оролцох боломж олдсонд туйлын баяртай байна.

Тус их хурал нь монголчууд бидний ардчилал, эрх чөлөөг эрхэмлэн шинэ нийгмийг цогцлон байгуулж буй бүхий л үйл ажиллагааг дэлхийн эрдэмтэд дэмжин урамшуулж байгаагийн нэг тод илрэл хэмээн үзэж байна.

Улаанбаатар хотноо 1959 онд чуулсан олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал нь зөвхөн монгол хэл бичгийн судлал төдийгүй, Монгол судлалын хамгийн анхны олон улсын их хурал байсан юм. Ардчилсан нийгмийн өнөөгийн өндөрлөгөөс хагас зууны тэртээх үйл явдлыг эргэн харахад тэр үеийн эрдэмтэн судлаачид монгол судлалыг олон улсын төвшинд хүртэл хөгжүүлэхийн төлөө ямар их эр зориг, оюун ухааныг хөвчлөн гаргаж байсныг ойлгож болно.

Анхдугаар их хурал нь цар хүрээгээ улам тэлж “Олон улсын монголч эрдэмтдийн их хурал” болсноор есөн удаа чуулж, оролцогч орон, илтгэгч эрдэмтдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр ирсэн байна.

Энэ дашрамд бид олон улсын Монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Английн Ч.Баудэн, Японы Г.Абэмацу, Ш.Озава, Финляндийн П.Алто, Оросын Ю.Н.Рерих, Г.Санжеев, Хятадын Вэн Ду Цзян, Энэтхэгийн Рагу Вира, Монголын Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан нарын алдар нэрийг нэхэн дуурсах учиртай. Тэдгээр агуу эрдэмтдийн Монгол судлалын талаар хийж бүтээсэн зүйлийг үргэлжлүүлэх шинэ залуу үе түрэн орж ирж байгаа нь тун бахархалтай хэрэг юм. Монгол судлалыг улам гүнзгийрүүлэх нь монголын ирээдүйд чухал ач холбогдолтой байх болно.

Монгол судлалын чиглэлээр дэлхийн олон оронд болдог хурал цуглаануудын дотор Олон улсын монголч эрдэмтдийн их хурал өндөр нэр хүндтэй байдаг учир гадаадын олон орны монголч эрдэмтэд Улаанбаатарын их хуралд зориулан шинэ санал онол дэвшүүлсэн сонирхолтой сайхан илтгэлүүдээ сойдог болжээ.
Эрдэмтэн мэргэд ээ, Монгол орныг, монголчууд биднийг хамгийн сайн мэддэг хүмүүс энэ танхимд сууж байна.

Монгол бол баялаг түүхтэй, төрт ёсны их уламжлалтай үндэстэн. Аливаа улс үндэстний оршин тогтнох нэг үндэс бол үндэстний түүх, өв соёл, уламжлал билээ.

Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс бол түүх соёл, өв уламжлал гэж би хувьдаа үздэг. Бид даяаршлын эрин үед бусдын адил хөл нийлүүлэн аж төрөхийн тулд бусдаас ялгарах өөрсдийн үндсэний өвөрмөц хэв шинж, түүхэн соёл, уламжлал, зан заншилаа улам дэлгэрүүлэн хадгалж хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа.

Ер нь даяаршина гэдэг бол бүгдтэй адилхан болно гэсэн үг биш. Харин даяаршилд нэгдэж хөл нийлүүлнэ гэдэг бол тэр даяаршил, хөгжлийн үйл явцад тухайн улс орон өөрийн өнгө төрхтэй, өөрийн хэл соёлтойгоо, өөрийн түүх уламжлалтайгаа өөрийн өнгөө нэмж орно гэсэн үг. Монголд ирэхэд гадаадын орноос ялгарах юмгүй харагдвал Монгол Улс шиг харагдаж чадахгүй, энэ их уйтгартай байх болно.

Монголд ирэхэд өөрийн соёлтой, өглөө босоод монгол хүн юу хийдэг вэ, орой унтатлаа мөн юу хийдэг вэ, юуны төлөө санаа зовж байдаг вэ, байгальтайгаа хэрхэн яаж зохицож оршин байдаг вэ, энэ газар нутаг дээр монголчууд хэдэн зуунаар яаж зохицон амьдарч ирсэн бэ? гэдгийг харах явдал бол үнэхэээр гайхамшиг.

Монголчуудын бүтээсэн хэл соёл, зүгээр л энэ байгаа амьдралын хэв шинж бол энэ дэлхийд хүн төрөлхтний бүтээсэн түүх соёл, амьдралын хэв шинжүүдийн дотор содон дэлгэрч гардаг гайхамшигт үйл явц юм.

Тэгэхээр монголчууд бид энэ хэв шинжээ хадгалж, дэлхий нийтийн энэ даяаршлын үйл явцад нэгдэж орох ёстой. Энэ чиглэлд манай эрдэмтдийн олон санал санаачилгыг дэмжиж ажиллахыг гол үүргээ болгон би ажиллаж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод анхаарах шаардлагатай зургаан үндсэн чиглэл гэж гаргасан. Энэ чиглэлээр олон зарлиг шийдвэрүүд гараад байна. Үүнд Ерөнхийлөгчийн өдөр тутам анхаарах шаардлагатай нэг үндсэн чиглэл бол Монголын түүх уламжлал, соёл, ахуй, зан заншил юм. Үүнийг цааш нь уламжлуулан авч явах, монголыг монголоор нь үлдээхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд байнга анхаарч байх ёстой гэсэн ийм чиглэлийг ажлынхаа үндсэн үүрэг болгож байгаа.

Үүнээс гурвыг дурдъя гэж бодож байна. Энэ жилээс эхлэн бид засгийн газартай хэлэлцэж дунд сургуулийн сурагчдад нэгдүгээр ангиас нь эхлээд тэдний хичээлийн хөтөлбөрт монгол соёл, түүх, зан заншил, ахуй амьдралыг нь танин мэдүүлэх “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийг шинээр оруулахаар зарлиг гарган сурах бичгийг боловсруулан заах багш нарыг нь бэлдээд явж байна.

Ер нь эдгээр хичээлийг заахад мэдээж багш нар бэлтгэх хэрэгтэй. Монгол ахуйгаа сайн мэддэг хөдөөний өвгөн ч зааж чадна. Миний ээж ч зааж чадна. Тэгэхээр энэ боломжийг бид төрийн зүгээс гарган өгч, монгол ахуй, монгол соёл, цаашлаад монголчууд түүхтэйгээ яаж харьцаж ирсэн юм, монголчууд ямар бахархам түүхтэй, монголчууд яаж ахмадуудаа хүндэтгэж ирсэн юм, монголчууд яаж түүхэндээ ханддаг байсан юм, монголчууд яаж үр хойч үеэ хүмүүжүүлдэг байсан юм гэдэг талаарх энэ хичээл, энэ сургалт бол Монгол Улсын дунд сургуулиудын албан ёсны хөтөлбөр болж явах юм.

Хоёр дахь зарлиг нь Засгийн газрын хүрээнд хэлэлцэж энэ оны 7 сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Энэ зарлиг бол төрийн албаны бүх бичиг, захидал монгол бичгээр болох тухай асуудлыг хөндөж баталсан зарлиг болно. Бид 7 дугаар сарын 1-ээс эхлээд бусад улсын төрийн тэргүүнүүдэд явуулж буй бүх баярын бичиг, захиа, мэндчилгээг монгол бичгээр явуулж эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр энэ ажлыг одоо Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн бүх шатанд ажиллаж буй хүмүүс хэрэгжүүлж монгол бичгээрээ мэндчилгээ дэвшүүлж төрийн албан ёсны харилцааны бичгээ монгол бичгээр явуулах ёстой.
Олон жил энэ босоо бичгийн төлөө зүтгэж ирсэн олон буурал эрдэмтэд намайг Ерөнхий сайд байхад ч, мөн Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ч эл саналыг тавьж байсан юм. Үүнийг ажил хэрэг болгоод явж байгаа, одоо энэ асуудал дээр Засгийн газар, хариуцсан яам, энэ чиглэлийн хүмүүс маш их идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллах ёстой.

Монголчууд бид монгол бичгээрээ бичдэг, монгол бичгээрээ бахархдаг, монгол бичгийнхээ агуу гайхамшгийг мэддэг, мэдэрдэг бусадтай тэр бичгээрээ харьцаж чаддаг байх ёстой. Энэ алхам бол энэ жилээс эхэлж хийгдэж байгаа. Үүний төлөө дэлхийн олон орны монголч эрдэмтэд санаа тавьж ажилласан гэж би хувьдаа боддог.

Дараачийн нэг зарлиг бол монголч эрдэмтний хурлаас, монголч эрдэмтний санаачилгаар гарсан зарлиг болно. Энэ жил Монгол Улс Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэж байна. Үүнийг бид Хүннү гүрэн байгуулагдсан гэж ярьж байгаа. Тэгэхээр Хүннү гүрэн бол Монгол, Монгол бол Хүннү гэдгийг манай орны болоод гадаадын олон монголч эрдэмтэд судлаачид нотолсон байгаа. Хүннүчүүдийн ахуй амьдрал, соёл, бүх зүйл нь монгол. Тэгэхээр тэнд үүссэн нүүдэлчний, монголын анхны төрт улс бол Монголын газар нутаг дээр үүссэн, монголчуудын буй болгосон төрт улсын эхлэл гэж үзэж байгаа.

Аливаа улс үндэстэн түүхээ бүрнээр нь урагшуулж харах сонирхолтой байдаг. Монголчууд ч гэсэн ийм сонирхолтой байгаа. Тийм учраас энэ жил албан ёсоор зарлиг гаргаж монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэсэн, монголын эрх чөлөө тусгаар тогтнолоо дахин сэргээсэн эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг бид тэмдэглэлээ. Чингис хаанаа өргөмжилсөн Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 50 жил гээд олон түүхт ойг тэмдэглэлээ. Арван жил тутам тэгш ойг тэмдэглэх ийм түүхэн үйл явцуудыг тодорхойлж гаргасан.

Их Монгол Улс байгуулагдсаны ойг 10 жил тутамд Монгол Улсыг мэддэг хүн бүхэн тэмдэглэж байх болно. Энэ бүхэн бол манай эрдэмтдийн олон жил энэ чиглэлээр ажилласан уйгагүй хичээл зүтгэл, монгол төрийн бодлого болгож явуулах гэж зүтгэсэн зүтгэлийн үр дүн байсан юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.

Ер нь энэ жил Монгол орон даяар сайхан жил болж байна. Монголыг судалдаг олон эрдэмтэд ирэхэд мэдрэгдэж байгаа байх. Орон даяар сайхан зун болж байгаа. Орон даяар монголын ард түмний хийморь лундаа гийсэн ийм сайхан өдрүүд болж байгаа.

Монголч эрдэмтэд Монгол Улсын нийслэлд цуглаад ном хаялцана гэдэг бол монголчуудын номын цагаан буяныг сэргээсэн ийм сайхан үйл явдал. Энэ арга хэмжээ монголын нийслэлд үргэлжилж байна.

Тэгэхээр энэ үйл ажиллагаанд зөвхөн оролцох нь их буян гэж бодож байгаа. Энд судалгаа хийгээд хувь нэмэр оруулаад явна гэдэг бол эрдэмтдийн хувьд бүр гайхамшигтай үйл явдал юм. Монголчууд түүх соёлоо судалдаг уламжлал үргэлжилнэ. Ирэх жил эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг монголчууд бид тэмдэглэхээр төлөвлөж байгаа.

Саяхан монголын түүхийн чиглэлээр олон хурлууд боллоо. Монголын түүх уламжлалыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрч байгаа энэ үйл явц үргэлжлилнэ. НҮБ-ийн Нарийн бичгийн дарга саяхан манай оронд айлчлаад буцахдаа Монгол наадам, Монгол уламжлал, Монгол бичиг гээд олон зүйлийг баталгаажуулсны зэрэгцээ Алтайн ууланд байдаг хадны сүг зургуудыг ч НҮБ-ын соёлын үнэтэй өвд бүртгэсэн байгаа. Ийм үйл явц ийм сайхан мэдээнүүд үргэлжилж байгаа.

Энэ оны 8 дугаар сарын 27-нд Хүннү судлаачдын олон улсын хурал болно. Зөвхөн энэ сэдвээр дахиад ярилцана. Тэгэхээр энэ чиглэлд манай эрдэмтдийн хувьд олон жил бичиж, олон жил нойргүй хонож зүтгэсэн бүтээлүүдээ дэлхий нийтэд хүргэх түүнийгээ таниулах ийм сайхан боломж бүрдэнэ ээ гэж бодож байгаа.

Мэдээж монгол судлал дотор олон асуудал байгаа. Тэр дундаа түүхийн асуудал бол их чухал гэж би хувьдаа боддог. Ер нь түүхийг бодит байдлаар нь бичих, энд эрдэмтдийн дотор түүхийг гуйвуулах тухай асуудал байж болохгүй гэж бодож байгаа. Миний эх оронд, Монгол Улсад энэ асуудал байдаггүй болоод удаж байна.

Үзэл суртлаа харж үүх түүх бичдэг үе өнгөрсөн хорин жилээс үгүй болсон. Түүхийн сайныг нь бичих ёстой, саарыг нь ч бичих ёстой. Түүхийг үнэнээр нь гаргаж ирэх ёстой. Өнөөдөр энэ боломжууд буй болж байна. Зөвхөн XX зууны эхэн үеийн түүх гээд л аваад үзэхэд VIII Богд Жибзундамба хутагт хийгээд төрийн тэр үеийн нэрт зүтгэлтнүүд Д.Бодоо, С.Данзан зэрэг хүмүүсийн түүхийг өнөөдөр бодит байдлаар нь гаргаж бичиж байна. Энэ бол сайн зүйл. Түүх гуйвсан зүйлүүд монголын түүх судлалд нэлээд байсан. Энэ бүхнийг бодит байдлаар нь гаргаж ирэх цаг болсон.

Энэ дотор судлагдаагүй гэмээр нэг зүйл бол Манжийн үеийн монголын түүх байгаа. Тэгэхээр энэ чиглэлд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Монголын газар нутаг дээр өрнөж байсан Шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл явц бол наад зах нь 2000 жилийн түүхтэй. Энэ 2000 жилд одон орон, тооны ухаан, анагаах ухаан, хөдөө аж ахуй энэ бүхэн бол гайхамшигтай судлалын объекттууд гэж бодож байна.

Энэ чиглэлээр судлах олон зүйлүүд байгаа. Монгол угсаатны олон тэмдэглэгээ сурвалжууд олон хэлээр дэлхийн өнцөг булан бүрт үлдсэн байдгийг би энд нурших хэрэггүй. Та бүхэн сайн мэднэ.

Тэгэхээр Монгол Улс хөгжлийнхөө ээрчимтэй замруу орж байгаа. Энд хүний эрх чөлөө, шударга ёсыг хүндэтгэдэг энэ эдийн засаг улс төрийн шилжилт, өөрчлөлтийг хамт хийж чадсан. Дэлхий нийтийн анхаарлыг татахуйц хэмжээнд хийж чадсан орон бол Монгол Улс.

Тиймдээ ч Монгол Улс дэлхийн Ардчилалын орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болж байгаа. Монголчууд асуудлуудыг гэртээ хүртэл хэлэлцэж олон талаас нь нягтлан сонсч, нухацтай шийдвэр гаргадаг байсан уламжлалтай.

Монголд буй болсон хүний эрх, эрх чөлөөний тухай яриа бол хоосон газар буй болоогүй гэдгийн нотолгоо. Энэ бол гүн гүнзгий түүхэн уламжлалтай зүйл юм. Тэгэхээр ийм үе явж байна, дээрээс нь ийм эдийн засгийн эрчимтэй хөгжлийн зүйлүүд болж байна аа.

Сүүлийн үед монголын газар нутгаас олдож байгаа олдворууд нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа. Зарим улсууд олдсон олдвороо буцааж өгч байгаа. Саяхан ОХУ -ын Элчин сайдын яаманд дээр том үйл явдал болж Хүннүгийн булшнаас олдсон олдворыг сэргээснээ буцааж өгсөн. Үнэхээр дэлхий нийтийн хэмжээнд одоогийн байдлаар ганцхан хувь гэж хэлж болохоор тийм олдворууд монголын газар нутгаас олдож байгаа.

Ер нь хүн гэдэг амьтан хүн гэдэг төрхөө олоод явсан тэр олон зуун мянган жилийн дотор энэ монгол газар нутаг, Азийн гол нутаг бол их чухал газар нутаг байсаар ирсэн гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ удаагийн Олон улсын Монголч эрдэмтний ээлжит хурал дээр ямар асуудлууд байна вэ? гэдэг дээр саналаа хандуулах ёстой гэж бодож байгаа.

Би Монгол судлалаар ажиллаж байгаа Монгол судлаач эрдэмтдэд, ялангуяа гадаадын эрдэмтдэд үнэхээр гүн талархаж явдаг. Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын яам, гадаад орнуудад байгаа элчин сайдуудыг хүлээж аваад миний хэлдэг гурван зүйлийн нэг нь энэ байдаг. Монгол судлалаар ажиллаж байгаа, Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрдэмтдээ тухай тухайн оронд нь байгаа хариуцан ажиллаж байгаа газар нь дэмжиж ажилаарай гэж хэлдэг. Наад зах нь Элчин сайдын яаман дээр уриад уулз, тэр чиглэлээр олон зүйл хийсэн эрдэмтдийн бүтээлийг Монголчуудын хүртээл болгоход та бүхэн анхаарал тавьж ажилла. Урамшуулах хэрэгтэй бол өргөн мэдүүл гэдэг үүргийг байнга өгч байгаа.
Монгол судлал гэдэг бол миний хувьд Монголчуудын хөгжил дэвшилд эрдэмтдийн зүгээс оруулж байгаа гайхамшигтай хувь нэмэр гэж боддог.

Бүрэн эрхт, тусгаар тогтносон, эрх чөлөөт энэ ард түмний түүхийг судалж дэлхий нийтийн хүртээл болгоно гэдэг бол тухайн орны иргэдийн зүгээс, мөн тэр сайн санаат эрдэмтний зүгээс манай улс орны хөгжилд оруулж байгаа, хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулж байгаа гайхамшигтай хувь нэмэр гэж бодож байгаа.

Энэ бодлого цаашид ч үргэлжлэх болно гэдгийг хэлье. ШУА, Монгол судлалын эрдэмтдийн зүгээс тавьсан саналыг Ерөнхий сайд байх хугацаандаа дэмжиж зуны сургалт явуулж эхэлсэн. Энэ сургалт сүүлийн гурван жил хүчтэй хөгжиж ирлээ. ШУА-ийн Ерөнхийлөгч надад хэлэхдээ, саяхан 9 орны 27 хүн энэ зуны сургалтад хамрагдсан гэж байна. Залуу монголч эрдэмтэдийн үе тасраад байгаа. Сая би монгол судалын чиглэлээр ажиллаж байсан зарим алдартай эрдэмтдийн нэрийг хэллээ. Тэгэхээр залуу халаагаа бэлдэж үлдээх явдал бол хамгийн чухал зүйл. Иймд олон орноос ирсэн эрдэмтдэд нэгэн зүйлийг уриалах гэж байна.

Та бүхэн залуу халаагаа бэлдээрэй гэж. Энэ төрөөс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс, Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг үзүүлмээр байна бид нээлттэй ажиллана аа, бидэнд асуудлаа нээлттэй тавь.

Яагаад гэвэл Монгол судлал гэдэг бол чухал зүйл гэдгийг энд хэлье. Тэгэхээр залгамж халааны асуудал бол даяаршиж буй өнөөгийн нийгэмд чухал юм. Дээр нь эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, хэвлэлүүдийн асуудал байна. Ер нь Монгол судлал бол “сайн дурын шинжтэй” явж ирсэн. Том систем өөрчлөгдөж тухайн үед Монгол орон хамрагдан шилжилтийн хүнд хэцүүг туулж байхад ч Монгол судлал бол үнэхээр бор зүрхээрээ явж ирсэн юм.

Монгол судлалын төлөө тэрхүү зүтгэлийг өдий болтол авч ирсэнд тань Та бүхэнд талархах ёстой. Цаашид Та бүхний авчирсан Монгол судлалын өнөөгийн амжилтыг Шинжлэх ухааны нэгэн гол чиглэл болгох хэрэгтэй. Монгол судлал бол энэ өнгөтэй өөдтэй явах ёстой. Үүнд монголын төр засаг анхаарах ёстой.

Ийм учраас өнөөдөр би энэ хурал дээр санал дэвшүүлье, ер нь цаашдаа монгол судлалыг дэмжих сан байгуулъя. Манай Монгол судлалын холбоо нийлээд энэ санг байгуул. Монголын төрөөс бид дэмжлэг үзүүлье, Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлье, энэ санд хүрч ажилладаг, монгол судлаач байгаа газар бүхэнд энэ сан хүрч ажиллах ёстой гэж бодож байна.

Манай зарим судлаач эрдэмтэд Монгол Судлалын Дээд Сургууль байгуулах ёстой гэсэн санал тавьж байгаа. Би энэ асуудлыг дэмжиж байгаа. Монголдоо ийм сургууль байгуулаад энэ чиглэлээр гадаадын олон орны оюутныг сургаад монгол судлалыг гүнзгийрүүлдэг, дэмждэг, идэвхтэй ажилладаг тэр эрдэмтэдрүү шавь нарыг нь бэлдээд явуулах байх нь гайхамшигтай боломж юм.

Тэгэхээр олон чанартай чанаргүй сургуулиуд буй гэдэг. Хамгийн дутагдаж байгаа сургууль бол энэ. Энэ жилээс эхлэн их дээд сургуульд суралцдаг оюутнуудаа монголын төр албан ёсоор дэмждэг болж байгаа. Цалинтай болгож байгаа. Сурч буйнх нь төлөө тодорхой мөнгө өгдөг болгож байгаа.

Социализмын үед стифент гэж байсан. Чинээлэг хөрөнгөтэй орнуудын хувьд бүр ч өндөрийг өгдөг. Төр нь дунджаар дээд сургуулийн боловсролын санхүүжилтын 50 хувийг гаргаж байгаа. Европын оронд 80 хувь нь байгаа. Монголд бол 9-хөн хувь байгаа. Дээд боловсролын санхүүжилтийн энэ хууль батлагдсан, энэ чиглэлээр хийх ажил их байгаа. Тэгэхээр Монголын төрийн зүгээс, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс албан ёсны тэтгэлэгтэй болгох хамгийн гол чиглэл бол Монгол судлал, Монгол судлалаар сурч байгаа оюутнуудын дэмждэг тэтгэлэгийг эндээс гаргаж өгч байх ёстой.

Иим шийдвэр монголын төрөөс шийдвэрлэгдээд явж байна. Цаашид хэрэгжүүлж, улам бүр хөгжүүлэх ёстой гэж бодож байна. Тэгээд өнөөдөр монгол судлалын талаар, монголчуудын түүх уламжлалын талаар ном хаялцах ийм сайхан гэгээн цагаан өдрүүд үргэлжилж байна. Номын мөр цагаан гэж ярьдаг. Сая би нэг бас зарлиг дээр гарын үсэг зурсан.

Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлд ажиллаж байгаа олон эрдэмтэд, ер нь улс оронд айлчлал хийж байхдаа тэр оронд ажиллаж байгаа монгол судлалын эрдэмтдийг дэмжих, шагнан урамшуулах, хөдөлмөрийг нь үнэлэхэд би хувьдаа байнга анхаарал тавьж ажиллана гэж бодож байгаа.

Ерөнхийлөгч болсноосоо хойш энэ ажлыг байнга хийж байгаа. Өнөөдөр монгол судлалын салбарт зүтгэсэн монголын болоод бусад орны монголч эрдэмтэд, манай монгол судлалын олон улсын хүрээлэн энд олон жил ажиллаж байгаа хүмүүсээ шагнаж байгаа. Жишээ нь 25 жил Монгол судлалын салбарт ажилласан Цогт-Очирын Ишдорж гэж хүн байна. Энэ хүнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат Ажилтан цол олгох зарлиг дээр дөнгөж сая би гарын үсэг зурлаа.

Ийм байдлаар Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд боломжит бүх дэмжлэгийг та бүхэнд үзүүлэх болно. Монголчуудын бүтээсэн энэ их өвийг дэмжин судлах, монголыг дэлхийтэй улам ойр дөт холбох, сайхан үйлсэд та бүхний амьдралаа зориулж ирсэн энэ гэгээн үйлсэд улам их амжилтыг хүсье.

Монголын судлал улам бадран мандах болтугай. Монголын түүх үр хойчдоо улам тасралтгүй үргэлжлэх болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье.

Баярлалаа.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж