Хасбанк бондын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Хасбанк бондын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

ХАСБАНК 300 САЯ АМ.ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ ДУНД ХУГАЦААНЫ ЕВРО БОНДЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Банк санхүүгийн салбарт ил тод засаглал, найдвартай түншлэлээр тэргүүлж, олон улсад итгэл хүлээсэн ХасБанк нь 300 сая ам.долларын дунд хугацааны Еврогийн бондын хөтөлбөрийг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын ING (www.ing.com) болон UBS (www.ubs.com) банкуудтай хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Энэхүү хөтөлбөрийн дагуу ХасБанк нь бонд болон хоёр дугаар зэргийн өөрийн хөрөнгөд хөрвөх чадвар бүхий үнэт цаасыг хамтран ажиллах хөрөнгө оруулалтын банкуудын зуучлалаар аль ч валютаар гаргах боломжтой боллоо.

Түүнчлэн олон улсын зээлжилтийн үнэлгээний байгууллага болох Moody’s Investors Service (www.moodys.com) нь ХасБанкны уг бондын хөтөлбөрт “Ba3”болон цаашид “ТОГТВОРТОЙ” гэсэн үнэлгээг өгсөн юм.

Олон улсын бондын зах зээлд анх удаа оролцож байгаа талаар ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир ярихдаа “Сүүлийн жилүүдэд бид бичил санхүүгийн салбарт хуримтлуулсан нөр их туршлага дээрээ суурилан, Жижиг Дунд Бизнесийн санхүүгийн салбарт байр сууриа бэхжүүлж эхлээд байна. Энэхүү бондын хөтөлбөр хэрэгжсэнээр бидний санхүүгийн эх үүсвэрийн нэр төрөл, чадавхи нэмэгдээд зогсохгүй, ХасБанкны ирээдүйн хөгжил дэвшилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм” гэсэн бол ХасБанкны толгой компани болох Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн Ерөнхий Захирал Г.Амартүвшин нэмж хэлэхдээ “Энэхүү хөтөлбөрийг бий болгосноор бид ХасБанкны болоод групын цаашдын хөгжилд томоохон алхам хийлээ гэж үзэж байгаа бөгөөд энэ нь бидний Монгол улсын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалах хүсэл тэмүүлэлийн илэрхийлэл болж байгаа юм” гэж дурдлаа.

ХасБанк нь Монгол улсын тэргүүлэгч арилжааны банкуудын нэг бөгөөд бичил санхүүгийн салбарт манлайлагч төдийгүй байгууллагын банкны зах зээлд идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж байгаа билээ. Банк нь өдөгөө санхүүгийн бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг цогцоор нь хүргэхийг зорьж байгаа бөгөөд үүний дунд бичил зээл, иргэдэд зориулсан зээл, Жижиг Дунд Бизнесийн зээл, хөдөө аж ахуйн зээл, орон сууц, хашаа байшингийн зээл болон харилцагч бүрийн нас, хэрэгцээний онцлогт тохирсон харилцах, хадгаламжийн данс, овердравтийн үйлчилгээ, олон улс болон дотоодын карт зэрэг олон төрлийн үйлчилгээг нийт 86 салбар нэгж, 4 бизнес үйлчилгээний төвүүд болон 400 гаруй АМАR үйлчилгээний агентуудаар дамжуулан хүргэсээр байна.

Олон улсын ING хөрөнгө оруулалтын банк нь Нидерланд улсад төвтэй ING Group-ийн салбар компани бөгөөд Монгол улсад хөрөнгө оруулалт, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй цорын ганц олон улсын банк бол 150 жилийн түүхтэй Швейцарийн UBS хөрөнгө оруулалтын банк нь дэлхийн 50 улс орнуудад хөрөнгө зохицуулалт, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг банк юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж