Сибирт ачааны онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.10-нд нийтлэгдсэн

Сибирт ачааны онгоц осолджээ

Оросын Сибирийн зүүн хэсэгт ачаа тээврийн нисэх онгоц осолдож, зорчиж явсан 11 хүн нь үрэгдсэн байж болзошгүй талаар ОХУ-ын тээврийн газраас мягмар гаригт мэдээлжээ. Антонов-12 нисэх онгоцны бүхээгт хөлгийн багийн есөн хүн, хоёр зорчигч түүнчлэн 16 тонн хүнсийг ачиж явсан бөгөөд онгоц Алс Дорнодын Магадан хотоос хойд зүгт Чукоткийн хойгийг чиглэн нисч явжээ. Онгоц газардах ёстой газраасаа 300 км зайд радиолокацаас холбоо тасарсан гэж ОХУ-ын Алс Дорнодын тээврийн хэрэг эрхлэх газраас мэдэгдсэн байна.

Нисгэгчид агаарын замын хяналтруу онгоцыг шатахуунаа алдаж, хөдөлгүүрт гал ноцож байгаа талаар мэдээлсэн ч ослын буулт хийхээр буцах тухай мэдээлэл өгч чадалгүй холбоо тасарчээ. Оросын үндэсний РИА Новости агентлагийн мэдээлснээр ослыг нүдээрээ харсан гэрчүүд онгоц Магадон мужийн Омсукчанд унасан гэж хэлжээ.

Ослын газар дээр аврах албаныхан шуурхай ажилласан ч үзэгдэх орчин муу, шөнийн цагаар ойд өтгөн манантай байсан нь эрлийн ажиллагаанд хүндрэл учруулжээ. Удирдлагууд зорчигчдын цогцосыг олохоос нааш тэднийг амь үрэгдсэнийг албан ёсоор зарлахгүй юм байна. Москвагаас туршлагатай мөрдөгчид болон задлангийн эмч нарыг осол болсон муж руу томилжээ. Антонов-12 ачаа тээврийн нисэх онгоц нь 1950-аад оны сүүл үеэс эхэлж үйлчилгээнд явж эхэлсэн бөгөөд нэг удаагийн нислэгээр 20 тонн ачаа, 90 зорчигчийг тээвэрлэж 5,000 км замыг туулах чадвартай аж.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж