Зориг сангийнхан мониторинг хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Зориг сангийнхан мониторинг хийжээ

-Баянзүрх дүүргийн 22, 24, Сонгинохайрхан дүүргийн 1, 4 дүгээр хороодод хийсэн судалгаагаар иргэдийн 10,6 хувь нь төрийн ажилтны буруугаас болж иргэний үнэмлэхээ авч чадаагүй байна-

Нээлттэй нийгэм форумаас хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын ил тод байдал, ха­риуцлагыг дээшлүүлэх зо­рил­­готой тэтгэлэгт хөтөл­бөрийн санхүүжилтээр Зо­риг сан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22, 24, Сонгинохайрхан дүүргийн 1, 4 дүгээр хороодод иргэний бүртгэл, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчил­гээний хүртээмжинд хийх мониторингийн төслийг 2011 оны нэгээс  зургадугаар сард хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслөөр төрийн үйлчилгээний ажиллагааны ил тод байдал ямар байгаа,  иргэдэд үйлчлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаа, төрийн үйлчилгээг ямар төвшинд үзүүлж байгааг бодит байдлаар тодорхойлох зорилготой.

Ингээд Б.Оюундарь ахлагчтай, Л.Гансүх Д.Баяр­цэнгэл, И.Алтантана нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийнхан 200 гаруй хүнтэй уулзаж ярилцан, төрийн үйл­чилгээний талаар судалгаа хийжээ. Ингээд тэдний хийсэн сонирхолтой судалгааны талаар та бүхэнд танилцуулж байна.

Нийслэлийн захын хороодод иргэний бичиг баримтгүй, хаягийн бүртгэлгүй хүмүүс олон байдаг. Тус багийнхны судалгаа хийсэн Баянзүрх дүүргийн 24-р хороонд 126,  22-р хороонд 182 хүн  иргэний үнэмлэхгүй байна гэсэн мэдээллийг иргэний бүртгэлийн ажилтны гаргаж өгчээ. Эдгээр иргэдийн нэг хэсэг нь иргэний үнэмлэхээ аваагүй, хаяж үрэгдүүлсэн, бусад шалтгаанаар бичиг баримтгүй болсон иргэд байгаа бол өөрөөс нь огт шалтгаалаагүй, төрийн ажилтны хайхрамжгүйгээс гаргасан алдаанаас болоод олон жил бичиг баримтгүй яваа ч хүн цөөнгүй байсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүрийн 22-р хорооны иргэн О.Б нь “Иргэний үнэмлэхээ авахаар УБЕГ-т очиход аль хэдийнэ миний үнэмлэхийг өөр хүн авчихсан байсан. Тагнуулыханд бүртгүүлсэн. Иргэний бичиг баримтгүй гурван жил болж байна.” гэсэн бол Баянзүрх дүүргийн 24-р хорооны Цахлайн 8-25-д оршин суугч Гомбын Орхонтуул “Бүртгэлийн ажилтны буруугаас регистрийн дугаар давхар олгогдсон. Ижил регистртэй хүн нь нас барсан тул нэгэнт нас барсан гэгдээд иргэний үнэмлэх авч чадахгүй байгаа”  гэсэн байна. Энэ мэтчилгэнгээр судалгаанд оролцсон нийт иргэний бичиг баримтгүй хүмүүсийн 10,6 хувь нь төрийн ажилтны буруугаас болж иргэний үнэмлэхээ авч чадаагүй байна.

Гэтэл иргэний үнэмлэх  нь төрийн үйлчилгээ авах үндсэн баримт бичиг болдог учир олон хүмүүс бичиг баримтгүйн улмаас төрийн үйлчилгээг хүртэж чадахгүй хаягдмал байдалтай байна. Иргэний үнэмлэхгүй болохоор эмнэлэгт үзүүлэхдээ ч танил талаараа дамжуулах, төлбөр төлөх зэргээр ямар нэгэн аргалдаг. Хамгийн наад зах нь олон айл өрхийн амьжиргааны гол эх үүсвэр болсон “Хүний хөгжил” сангийн мөнгийг судалгаанд хамрагдсан дөрвөн хорооны 150 хүнээс 76 нь хүртэж чадахгүй байгаа нь нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээ иргэдэд хангалттай хүрч чадахгүй байгааг харуулж байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл төрийн үйлчилгээний гадна, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг хүртэж чадахгүй үлддэг бүхэл бүтэн давхарга бий болох төлөв ажиглагдаж байна.

Иргэд нийгмийн халамж, үйлчилгээ авахад шаардагддаг баримт бичгийг бүрдүүлж чадахгүй, мөнгө төгрөгийг нь төлөх чадваргүйболохоороо иргэний үнэмлэхээ авах гэж хөөцөлдөхгүй, зөнд нь хаядаг явдал цөөнгүй харагдаж байна. Мөн төрийн албаны хүнд суртал, төрийн ажилтны иргэдэд үйлчлэх үүргээ умартдаг байдал иргэдийг залхааж, хүсэл эрмэлзлийг нь мохоодог аж.
Иргэд хуулийн мэдлэг нимгэн учраас халамж, тэтгэлэг авах, төрийн бусад үйлчилгээг хүртэх шаардлага болзлыг хангасан зарим иргэд энэ тухайгаа мэдэхгүй, нийгмийн халамжид хамрагдаж чадахгүй тохиолдол судалгааны явцад дайралджээ.

Ингээд мониторингийн судалгааны дүнг үндэслэн Зориг сангийн төслийн баг дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд,

Иргэний бичиг баримтыг олгох, дахин олгох, бичиг баримтын шилжүүлэг хийх зэрэг процессыг хялбарчлах шаардлагатай нь судалгааны явцад анзаарагдсан юм. Ялангуяа иргэдийг чирэгдүүлдэг, хүндрүүлдэг үйл ажиллагааг багасгах талаар шийдвэртэй арга хэмжээ авч,зохих хууль журмуудад  өөрчлөлт хийх шаардлагатай байна.

Иргэний бичиг баримтгүй иргэдийн ихэнхийг гэр хо­рооллын, эмзэг бүлгийн иргэд эзэлж байгаа учир эдгээр иргэдийг үнэ төлбөргүй бичиг баримтжуулах нэг удаагийн үйл ажиллагаа  зохион байгуулах шаардлагатай байна. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээг хүртэх боломж бүрдүүлэх төдийгүй бүртгэлгүй, эзэнгүй яваа иргэдээ бүртгэж авах болно.

Нийгмийн даатгал, халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авч чадахгүй байгаа иргэдэд зориулж нийгмийн даатгал, халамжийн газраас Нээлттэй сарын аян зохион байгуулах шаардлагатай байна. Энэхүү аяны хүрээнд нийгмийн даатгал, халамжийн ажилтнууд, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоох комисс болон бусад шаардлагатай мэргэжилтнүүд хороон дээр очиж, газар дээр нь иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөх нь иргэд рүүгээ чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болно.

Өрхийн эмнэлгийн үйл­чилгээг сайжруулахын тулд хүн хүч, орон тоог нэмэх шаардлагатай нь судалгааны явцад харагдлаа. Өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын тоог тухайн хорооны хүн амын бодит тоотой уялдуулан тогтоож байхаас гадна түр оршин суугчид, явуулын хүмүүсийг үзэж байхад нь зориулан тодорхой хэмжээний нөөц төсөв баталж байх шаардлагатай байна.

Энэхүү мониторингийн төслийн зэрэгцээгээр Зориг сан нь “Эмзэг бүлгийн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийг хэрэгжүүлж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн хорооны 200 иргэнийг бичиг баримтжуулаад байна.

ЗОРИГ САН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж