Гишүүдийг ч бас өмөөрөх хүн бий

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Гишүүдийг ч бас өмөөрөх хүн бий

Хүүдээ дэндүү хайртай нэг ээж байж. Хүү нь ажлаасаа гарсан гэдгээ хэлээд мөнгө асуухад ээж нь “Миний хүү амрах цагтай боллоо” хэмээн баярлаж, түрийвч рүүгээ гүйсэн гэдэг. Ядаж алхаж болно доо. Гэтэл тэгээгүй юм. Тэр юу ч хийж байсан хүүгээ ухаан сэхээгүй өмөөрдөг ээж байж. Нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал сөхөгдөх үед УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “Гэмт хэрэг хийж байх үед үйлдэл дээр нь бариагүй учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй” гэх агуулгатай тайлбар өгсөн. Тэр уг нь ядаж Улсын их хурлын тухай хуулийн 6.9.2 дугаар заалтыг нэг сануулчихаж болох байсан даа. Гэтэл бас л тэгээгүй юм.

Монгол Улсын хуулинд УИХ-ын гишүүний бү­рэн эрхийг дараах хоёр шалт­гаанаар түдгэл­зүүлэхийг зөв­шөөрчээ. Нэгдүгээрт, гэмт үйлд­­лийнх нь явцад, эвсэл гэмт хэргийн газарт эд мөрийн ба­римттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түд­гэлзүүлэх тухай саналыг Ул­сын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд. Хоёр­дугаарт, гишүүнд холбог­дуулан эрүүгийн хэ­рэг үүс­гэсэн бөгөөд Улсын ерөн­хий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулах үед. Хуулийн энэ заалтыг сөхөх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Д.Дондог, Х.Наранхүү, О.Чулуунбат нартай холбоотой.

Улсын Ерөнхий прокуророос Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэл­тийг УИХ-д гурван удаа хүргүүлсэн. Гэвч удаа бүрт нь татгалзсан хариу авсан юм. Хамгийн сүүлд Нийслэлийн прокурорын газраас Улсын ерөнхий прокурорын тавьсан хүсэлтийг яагаад буцаагаад байгаагийн шалтгааныг асуухад “Хууль зөрчсөн гэх үндэслэлээ тайлбарла” гэх хариу ирчээ. Харин Д.Дондог гишүүн яасан билээ. Түүнийг 2008 оны сонгуулийн үеэр бусдаас 150 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр зэхэж байгаа. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хууль, шүүхийнхний хөл, гарыг тушчихаад байна. Харин Д.Дондог гишүүн залилангийн хэргийн буруутнаар туслах залуугаа нэрлэсэн. Бас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр өөрийгөө өмгөөлсөн уртаас урт ярилцлагууд өгсөн. Уг нь тэрбээр хуулийнхны өмнө энэ тайлбараа хийгээд зогсож байх ёстой байсан юм. Гэвч шударга иргэн хүний үүргээ биелүүлэх гэсэн түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрх гэгч зүйл тушаад байгаа бололтой.

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 10 гаруй тэрбум төгрөг хувьдаа завшсан юм байх. Энэ бол эрүүгийн хэрэг. Гэвч Авлигатай тэмцэх газар түүнээс тайлбар авах тухай албан тоот хүргүүлсэн боловч амралтаа аваад явчихсан учир хүндэтгэн хүлээхээс өөр аргагүй болсон юм. Улсын ерөнхий прокурор Х.Наранхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргахаар зэхэж байгаа боловч Д.Дондогийн асуудалд эцсийн хариу аваагүй учир бас л харзнаж байна. Ер нь түүнийг мөнгө завшиж байхад нь үйлдэл дээр нь баривчлаагүй учир ингэх нь зөв байж болох юм. Ямартай ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай ярихаас өмнө Х.Наранхүү 2006, 2009 онд батлагдсан Өршөөлийн хуулийн аль нэгнийх нь үйлчлэлд хамрагдана гэдгийг албаны хүмүүс онцолж эхэллээ.

Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуун­батыг АНУ-ын иргэн Жорж Чалмерсийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Он дамжин сунжирсан энэ хэрэгт одоо болтол эцсийн шийд гараагүй байна. О.Чулуунбат 2006 онд Мон­голбанкны ерөнхийлөгч байх үедээ “40 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Ж.Чалмерстай 200 сая аккредитив нээх гэрээ байгуулжээ. Тухайн үед Ж.Чалмерс 20 сая ам.долларын хөрөнгө босгож чадсан боловч ганц ч орон сууц бариагүй өдий хүрсэн юм. Харин эцэст нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй О.Чулуунбатын хэргийг Чингэлтэй дүүр­гийн шүүх хэлэлцэж чадахгүй байсаар өдийг хүрэв. Уг нь Авлигатай тэмцэх газарт шалгасны дараа бүрэн эрхийг нь түдгэл­зүүлчихсэн бол өдийд манай хууль сахиу­лагчид учрыг нь олчих л байсан юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Хад­галамж” банкны хэрэгт холбогдуулан Т.Ба­дамжунай, Г.Занданшатар, У.Хүрэлсүх на­рын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай яриа гарч байв. Тухайн үед мөн л Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-д үүнтэй холбоотой бичиг хүргүүлсэн. Гэвч үр дүнд хүрээгүй. Уг нь “Хадгаламж” банкны мөнгийг завшсан гэх Ц.Чимэдцэрэн казинод тоглож байх үед нь нэр бүхий гишүүд мөн тэнд байлцсаныг нотлох баримтууд ч хангалттай олдож байж. Яг л одоогийнх шиг. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь цуцлаагүй. Тэгэхээр гишүүдийг эрүүгийн хэрэгт холбогдсон эсэх нь хамаагүй. Харин яг гэмт хэрэг хийж буй үйлдэл дээрээ баригдаагүй л бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэггүй юм байна. Хуулийн заалт юу гэж байх нь хамаагүй. Хамгийн гол нь үрээ хайрлаж, түрийвч рүүгээ гүйдэг ээж шиг эрүүгийн хэрэгт холбогдсон гишүүдийг өмгөөлж, тэднийг хаацайлах эрх мэдэлтнүүд ч олон байдаг аж. Харин жил ирэх бүр өөрийгөө хуулийнхнаас дээгүүр эрхтэй гэдгийг нотлох гишүүдийн тоо нэмэгдсээр байгааг дээрх жишээнүүдээс харж болох юм. Эсвэл тэд өөрсдийгөө хүрч, халдаж болдоггүй “ноён оргил”-д хүрсэн гэх итгэл үнэмшлийг жирийн иргэдийн толгойд суулгах гэж ингээд байгаа юм болов уу. Хэн мэдэх вэ.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж