Цагаан зээр үхсэн шалтгаан тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.08.11-нд нийтлэгдсэн

Цагаан зээр үхсэн шалтгаан тодорхойгүй байна

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цагаан зээр олноороо үхсэн байна. Шүлхий өвчин дахин гарлаа" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар үнэн бодит мэдээллийг хүргэх үүднээс Сүхбаатар аймгийн ХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн албаны дарга Т.Тунгалагаас тодрууллаа.


-Цагаан зээр олноороо үхсэн байна гэсэн мэдээлэл танайд хэзээ ирсэн бэ?

 
-Цагаан зээр олноороо үхсэн байна гэдэг мэдээлэл энэ сарын 6-нд Эрдэнэцагаан сумын хилийн  заставаас Онцгой байдлын хэлтэст ирсэн. Онцгой байдлын хэлтэс манайд мэдээлснээр бид эргээд Эрдэнэцагаан сумын засаг даргын тамгын газартай холбогдож Мал эмнэлэг үржлийн тасаг руу нь хэлүүлсэн. Танай орон нутгаас ийм мэдээлэл ирсэн учраас тамгын газар нь мал үржлийн тасагтайгаа хамтарч газар дээр нь очиж үзээд өвчний  улмаас үхэж үү, аль эсвэл бороонд осгож уу, амьтанд баригдаж үхсэн байна гэх зэргийг  шалгаад шаардлагатай гэвэл манайд хандаачээ гэсэн хариу өгсөн. Ингээд Эрдэнэцагаан сумаас отрядын малын эмч, сумын малын эмч, тасгийн дарга, мал эмнэлэг хариуцсан мэргэжилтнүүдээс бүрд­сэн ажлын хэсэг гарч газар дээр нь очиж үзсэн. Эрдэнэцагаан сумын  заставын Бичигтийн толгой гэдэг газар 15-16 зээр үхсэн байдалтай, үхээд сэг зэм нь нэлээд муудсан байсан. Харин нэг үхэж байгаа зээр байсныг нь нядлаад үзлэг хийгээд шинжилгээний дээж материал авч явуулсан. Манай лабораторид энэ сарын 9-ний өглөө дээж материал нь ирсэн. Одоогийн байдлаар шинжилгээ хийгдэж байгаа. Хариу нь хараахан  гараагүй байна. Бусад үхсэн зээрүүдийг газар дээр нь ажилласан ажлын хэсгийнхэн тэнд нь нүх ухаад булаад ариутгал халдваргүйжүүлэлтийг нь хийгээд орхисон гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Өчигдөр  бид нэмж тандалт хийхэд одоогийн байдлаар эргэж өвчилсөн юмуу үхсэн зээр байхгүй байна гэж мэдээлж байна. Тэнд ажилласан хоёр малын эмч бол эхний үзлэгээр шүлхий өвчний шинж тэмдэг байгаагүй хордлогоор үхсэн байж магадгүй гэж үзээд ямар ч байсан манай лабораторид шинжилгээг нь хийлгэж байна.

-Шинжилгээний хариу хэдий­гээр гарах бол?

-Ирэх долоо хоногийн эхээр гарчих байх.

-Шинжилгээний хариу гараа­гүй ч анхны таамгаар ямар шалт­гаанаар үхсэн байж магадгүй гэж үзэж байна вэ?

-Гаднаасаа харагдах онцгой шинж тэмдэг байхгүй, ямар ч гэсэн их халуурсан байж болзошгүй учраас хүүр нь маш хурдан муудсан байсан. Задлан шинжилгээ хийж үзэхэд элгэнд маш их өөрчлөлттөй, бөөр нь зөөлөрсөн байсан. Эдгээр шинж тэмдэгүүд хордлогын үед илэрдэг учраас хордсон байж магадгүй гэж үзэж байгаа.

Т.Есөн-эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж