“Mongolia Bike Challenge”-ын ялагч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.08.12-нд нийтлэгдсэн

“Mongolia Bike Challenge”-ын ялагч тодорлоо

Талын Монголд зочилж, эх орны маань говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэнт нутгаар 12 өдрийн турш 1200 гаруй км замд уралдсан дугуйчид бариандаа орж, “Mongolia Bike Challenge-2011” олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдааны ялагч тодорлоо. Монголын аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулж, Хөх тэнгэрийн орон гэгддэг Монголыг дэлхийд сурталчлах бас нэгэн хөдөлгүүр болж чадсан тус уралдааныг энэ жил хоёр дахь удаагаа манай улсад зохион байгуулсан юм. Зохион байгуулагчаар “Mongolia Expeditions” компани, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, БТСГ ажиллажээ.

Уралдаанд Итали, Испани, Канад, Франц зэрэг дугуйн спорт өндөр хөгжсөн дэлхийн 12 орны 60-аад дугуйч ХААН, спортсмен, мастер 1, мастер 2, ахмад, эмэгтэйчүүд болон тандем гэсэн долоон ангилалд элсэн говь, уул толгойд, гол мөрөн бүхий хүнд бартаат замыг туулан өрсөлдсөн. Монголын багийн тухайд “Аттила” дугуйн клубын таван тамирчин дэлхийн шилдгүүдийн хамт хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдлөө.

Олон орны дугуйчид өнгөрсөн сарын 30-нд Монголд хөл тавьсан бөгөөд уралдааны нийт оролцогчид 31-ний өдөр нийслэлийн төв цэгээс аян замдаа гарсан юм. Уралдаан нийт есөн гараатай үргэлжилсэн. Өнгөрсөн жил болсон “Mongolia Bike Challenge” анхдугаар уралдаанд тамирчид 12 гараанд 1300 гаруй км замыг туулсан бол энэ удаад гарааны тоог цөөрүүлсэн ч өмнөхийн адил хэцүү, уул толгодтой хэсэг буюу хүнд бартаатай шалгуурууд хэвээр үлдсэнийг зохион байгуулагчид нь онцолж байсан. Улмаар оролцогчид энэ сарын 2-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос гараагаа хийж, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар уралдаж, өчигдөр Хархорин хотын Эрдэнэзуу хийдийн өмнө бариандаа орсон юм. Уралдааны нээлтийн гараанаас эхлэн эцсийн гараа хүртэл Канадын тамирчин Кори Уоллос уралдааныг өнгөлж байсан ч өнгөрсөн жилийн аварга, Италийн дугуйч Марзио Дехо сүүлчийн гараанд амжилттай уралдаж, харин Кори Уоллосын дугуйнд асуудал үүссэнээр Канадын тамирчин түрүүгээ алджээ. Ингэснээр Марзио Дехо “Mongolia Bike Challenge” уралдааны хошой аварга боллоо. Тэрбээр есөн гарааны туршид нийт 1200 гаруй км замыг 39 цаг, 14 минут, 48 секундэд туулжээ. Харин Кори Уоллос түүнээс 38 минут, 23 секундээр хоцорч хоёрт орсон бол мөн Канадын тамирчин Крейг Ричи 40:51:52 цагийн амжилтаар гуравдугаар байрт шалгарсан байна.

Монголын тамирчдын тухайд хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь М.Уламбаяр. Тэрбээр 49:59:43 цагийн амжилт үзүүлж, 18 дугаар байрт бичигджээ. Харин М.Батмөнх /52:33:07/, Д.Эрдэнэбаяр /53:52:32/, н.Түмэндэмбэрэл /53:57:08/ нар 27-29 дүгээр байрт, Л.Батбаяр /64:29:58/ 44 дүгээр байр тус тус шалгарсан байна.

“Mongolia Bike Challenge” уралдааны оролцогчид өнөөдөр өглөө Хархорин хотоос нийслэлийг зорин хөдөлжээ. Уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр орой тамирчдыг нийслэлд ирсний дараа болох юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж