Сонгуулийн штаб дээр шүлэг уншина гэдэг биеэ үнэлж байгаагаас өөрцгүй

2011 оны 8 сарын 12

Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Монголын уран зохиол дахь улс төрийн нөлөөлөл өн­гөрсөн зууны дунд үеийг бод­вол  харьцангуй буурсан ч улс төрчийг магтаж эл­дэв магтуу бичих үзэгдэл сон­гуулийн үеэр гардаг. Энэ та­лаарх таны үзлийг юун тү­рүүнд сонсмоор байна?

-Уран зохиол бол үндэстэн оршин тогтнох тулгуур бу­юу өөрсдийнх нь түүхийг бо­­дитоор тусгадаг зүйл. Мон­голчууд өөрсдийнхөө үнэн түү­хийг үзье гэвэл түүх бус зохиолыг унших ёстой. Түүх бол товчоолдог. Уран зо­хиол үзүүлдэг. Уран зо­хиол тухайн үндэстний оюун санааных нь баялгийг ха­руулдаг онцлогтой. Харин уран зохиол ямар хүчтэй чухал зүйл болохыг улс төрчид ойл­годог. Социализмын үед уран зо­хиол хүн бүхэнд хүрдэг байсан. Тиймээс тухайн үед уран зохиолыг улс төрийн зо­рилгодоо ашиглаж эхэлсэн. Ашиглахын тулд улс төрийн бодлого нь дотор нь оршдог тодорхой аргыг зээлдэж авсан. Тэр нь социалист реализм юм. Социал буюу нийгмийн асуу­дал. Ингээд нийгмийн асууд­лыг уран зохиолтой нийцүүлэн үнэгүй, маш шуурхайгаар олон нийтэд хүргэж эхэлсэн. Тэгэ­хээр зохиолчдыг сонгуулийн ажилдаа дагуулж явдаг энэ явдал бол тэр хүмүүсийн уран хэл, цэц, ард түмний дунд олсон нэр хүндийг нь ашиглаж байгаа хэрэг. Мөн энэ бол зохиолч хүн өөрийн авьяасаа улс төрийн үйл хэрэгт хутгаж байгаа хэрэг. Хаа нэгтээ сонгуулийн штаб дээр шүлгээ уншиж байгаа зохиолчийг би л лав зохиолч гэж хэлэхгүй. Энэ чинь биеэ үнэлж байгаа хэрэг. Тиймээс ирэх оны сонгуульд зохиолчдод хандаж уриалга гаргая гэж бодож байгаа. Тэр нь юу гэхээр “Та нар битгий биеэ үнэлээч ээ” гэж.  Нэг талаасаа зохиолчид  ядуу байгаагаас, дээр нь төр, засгаас оюуны бүтээлд хөрөнгө оруулалт хийх бус хэдэн гялгар тэмдэг олгож байгаатай холбоотой.

-Утга зохиол, улс төр хоёрт огтолцох зүйл ер нь үгүй байх. Тийм үү?

-Улс төр өөрөө уран зохиолд ямар нэг нууцгүйгээр илэрхийлэгддэг. Ерөөс улс төрийн далд булхай, ха­маг зүйлсийг зохиолд нэмэр хачиргүйгээр тусгаж болдог. Түүнээс биш улс төрөөс хамаарч уран бүтээл туурвина гэдэг байж болшгүй зүйл.

-Танд улс төрд оролцох сонирхол байдаг уу?

-УИХ-ын 2004 оны сонгуульд би 22 дүгээр тойрогт нэр дэвшиж байсан. Харин улс төр миний ёс суртахуунд огт нийцэхгүй зүйл байсан.

-Огт нийцэхгүй ч гэсэн одоогийн улс төрийн талаар шүүмжлэлтэй хандах үе их гарна биз?


-Улс төр бол тоглоом. Манай нийгэмд улстөрч гэдэг нэр томьёо тогтоод уджээ. Гэхдээ улстөрч гэдэг мэргэжил байдаггүй шүү дээ. Улс төрийг  судалж болно. Гэхдээ тийм мэргэжил байхгүй. Улс төрч гэдэг үгийн “Ч” үсэг маш ноцтой. Улс төрөөр “тоглогч” гэдэг утгыг илэрхийлж байна. Би ингэж ярьж байгаа нь улс төрийн шинжлэх ухаанд, засаг, төрийн байгуулалтад дүргүйцэж байгаа хэрэг биш. Ерөөсөө Монголын ард түмний амьдралыг анхааралдаа авч, зохион байгуулж байвал тэр сайн төр. Ард иргэдээ хаясан хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байх юм бол тэр улс төр, парламент огт биш. Тэгээд түүнийгээ ардчилал гэх сайхан үгээр илэрхийлдэг. Ардчилал бол цөөнхийн биш олон нийтийн эрх ашгийг хамгаалах учиртай. Өөрсдийн эрх ашгийн төлөө бус олонхын, ард түмний төлөө явах ёстой. Тийм л байж чадвал тэр хүн бөх байна уу, чавганц байна уу хамаагүй. Тэгээд ч улс төрч гэж мэргэжил байхгүй байхад энэ үгийг байнга ярьж, улс төрийн талаар чалчихаа больё.

-Улстөржсөн зохиолууд олон байдаг байх аа?

-Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” роман байна. Улс төрийн үйл явлдууд дүүрэн зохиол. Гэхдээ зохиолч өөрийн зохиолдоо харьяалагддаг намын байр суурийг сурталчлаагүй. Зүгээр л зохиолын баатрынхаа үйл хөдлөлийг бичиж, түүндээ тусгасан. Энд л миний хэлээд байгаа зохиолч зүгээр л бодит байдлыг үзүүлэх ёстой гэдэг утга яваад байгаа юм. Улс төр бол нийгмийн шинжлэх ухаанд хийсвэр зүйл. Уран зохиол бол соёлын салбарт хийсвэр улс ухагдахуун.

-Та утга зохиолоос ангид өдөр хоногуудыг өнгөрөөж байсан уу. “Миний амьдралын бүх л өдөр утга зохиолтой холбоотой” гэж ярих дуртай зохиолчид олон бий болохоор л асуулаа.

-Уран зохиол гэдэг чинь өдөр болгон уншаад байдаг зүйл биш.Байнга уншаад байвал галзуурна биз дээ. Тэнд чинь маш олон ертөнц, амьдралыг тусгасан байдаг болохоор тэр. Тиймээс заримдаа жинхэнэ бодит амьдрал руу орох хэрэгтэй.

-Та Москва хотын  алдарт А.М.Горькийн нэрэмжит Ут­га зохиолын дээд сургуульд сурал­цаж, төгссөн хүмүүсийн нэг. Энэ сургуулийг их нэр хүндтэй гэх юм билээ. Суралцаж байсан үеийнхээ талаар дурсаач?

-Миний суралцаж байсан үед ЗХУ задран унаж, оросууд биднээс арай өмнө өөрчлөн байгуулалт хийсэн. Харин ингэж улс төрийн үзэл задрангуут утга зохиолын хориглож байсан үзлүүд ч сэргэсэн. 1989 онд би Горькийн сургуульд очоод “Эрс эргэлтийн босгон дээр” гэдэг өгүүлэл бичиж “Цог” сэтгүүл дээр гаргаж байсан. Би тэр өгүүлэлдээ “Чөлөөтэй сэтгэдэг,  үгээ хэлдэг, юу ч бичиж болдог цаг ирлээ. Бидний утга зохиолыг хэн ч засдаггүй, хориглодоггүй байх боломжтой болох нь” гэж бичиж байв. Энэ маань ч яг ардчилсан хувьсгалын цаг, мөчтэй нийцэж байсан. Харамсалтай нь би хойно байсан тул Улаанбаатар хотын төв талбайд болсон жагсаалд оролцож амжаагүй. Гэхдээ тухайн үед Москвагийн “Урал” зочид буудлын өмнө бидний хэсэг залуус дэмжиж жагсаж байлаа. Москвагийн оюутнууд Монголд ардчилсан хувьсгал хэрхэн эргэж байгааг ярьж, санал солилцож байсан үе. Тэр үед талийгаач Д.Баасан лам, гавьяат Д.Сосорбарам байсан. Мөн одоогийн энэ  том бизнесмен “Сод Монгол” группын Ц.Анандбазар байсан байх.

-Таныг тэнд багшилж байсан гэж сонссон?

-Бас л өнөөх өөрчлөлт шинэчлэлийн үеийн тухай ярих хэрэгтэй болно. Тэр үед чинь М.Горбачев дарга хүнд байдалд ороод, Борис Ельцин талбай дээр танкан дээр зогсож үг хэлж байхыг санах юм байна. Тэр үед миний амьдралд тохиолдсон гайхамшигтай өдрүүдийн нэг нь болж байв. 1990 оны хавар. Миний семинарын удирдагч В.И Гусев гэж байлаа. Оросын шүүмж салбарт нэлээд нэр хүндтэй хүн байсан. Нэг өдөр Гусев багш “Өнөөдөр семинар орж чадахгүй нь. Дайн болж байна. Бүх зохиолчдын байгууллагын хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр семинар хийсэнгүй. Зөвлөлтийн зохиолчын ордон луу намайг дагуулан явсан. Надаас гадна хоёр ч хүн байлаа. Тэр ордонд ороод зогсож байтал ордны хаалгаар намхан, хав хар царайтай, цагаан цамц өмссөн, хар үстэй нэг нөхөр орж ирсэн. Хүмүүс шуугилдаад, Володя, Володя! гээд л хашгиралдаад байсан. Дараа нь мань эрийг бүр тэнд байсан хүмүүс дээш өргөж шидээд бөөн юм болж байна. Хэн юм болдоо л гэж бодож байлаа. Гэтэл тэр хүн Нивхийн зохиолч Владимир Санги байсан. Тэр хүн 1940 онд анх Нивхийн цагаан толгойг зохиож байсан гэдэг. Түүний ард түмэн нь тэр үеэс л бичиг үсэгтэй болсон байдаг. Гэтэл тэр 200 гаруйхан мянган хүнтэй жижигхэн үндэстний зохиолчийг Оросын тийм луугарууд дээш өргөж байсан нь үнэхээр гайхалтай санагдсан. Үүний дараа зохиолчдын хурал эхэллээ. Зөвшилцөөд л маргалдаад л байсан. Гэхдээ ингэж хуралдахдааутга зохиолын сэтгэлгээний хавчигдмал, захиалыг зохиол бичих ажлыг зүгээр л ардаа орхиж чадсан. Тэгээд дараа нь манай Горькийн сургуульд нэг симпозиум болсон. Тэр хуралд ма­найхнаас одоо энэ О.Чинбаяр, Г.Аюурзана нар лав сууж байсан. Мэ­дээж өөрчлөн байгуулалт болон­гуут Горькийн сургууль гээд олон үндэстний цуглуулга болсон га­зар бас өөрчлөгдөнө шүү дээ. Ха­маагүй чөлөөтэй болж эхэлсэн. Тэнд суралцаж байсан монгол оюут­нуудын үндэсний ухамсар ч сэргэж байв. Бүр тэнд монгол хэл, бичгээ хүртэл судалж эхэлсэн шүү.  Тэр зуур л би хэдэн хүүхдэд Монгол бичгийн хичээл зааж байсан. Тухайн үед тэнд сурч байсан залуусын олонх нь орос хэлээ түлхүү эзэмшицгээсэн байсан болохоор тэр л дээ.

-Таны дэмжлэгийг авч байсан 1990-ээд оны залуус өнөөдөр юм хийж чадаж байна уу?


-1990 оноос хойш утга зохиолд орж ирсэн залуус үүргээ гүйцэтгэсэн. Тэд одоо харин зогсонги болчихож. Нөгөөтэйгүүр одоо шинэ залуу гарч ирж байгаа залууст боломж байна. Тэдэнд бүхэл бүтэн нисэх буудал байна. Тэр нисэх буудал гээчийг чинь л 1990-ээд оныхон бий болгосон. Дээр нь 1990-ээд оныхон Монголын утга зохиолыг сонирхолтой болго­сон. Тэд одоо дахин 10 жил хө­дөлмөрлөнө, хийж бүтээнэ. Харин тэдний гаргасан жимээр шинэ залуу гарч ирж байгаа азтай аавын хүүхдүүд гарч ирнэ. Гэхдээ яг одоо уран зохиолын гараагаа эхэлж байгаа, анхныхаа номыг хэвлүүлж байгаа залууст 1990-ээд оныхон мэдээж 10-20 жилийн турш саад болно. Яагаад гэвэл тэдний хийж бүтээх хугацаа дуусаагүй байна шүү дээ. Саяхан л зохиолчид Г.Аюурзаныг хаздаг, хуцдагаар нь дуудаж байсан. Гэтэл одоо түүнийг магтаж мандуулах үе нь ирчихэж. Ер нь 90-ээд оныхон ардчилсан хувьсгалаар бий болсон эрх чөлөөгөө бүрэн эдэлж чадсан хүмүүс.

-Сүүлийн үед ном уншихаа өмнөтгөлүүд нь хэт адилхан, нэл магтаал болсон, уншуургүй болчихсон юм шиг санагдах болсон. Энэ талаар таны бодол?


-Өмнөтгөл үг гэдэг бол уран бүтээлч хүнийг таниулах, уран бүтээлийг уншигчдад хөтлөх тийм зүйл. Өмнөх үг, өмнөтгөл, оршил гэдэг юм уу нэрс яваад байгаа. Хамгийн гол нь зохиолч уншигч хоёрыг холбох уран зохиолын шүүмжийн жижиг жанр юм. Зохиолын үнэ цэн, шинэ сэргэг зүйлийг хүргэх зорилготой эд. Ялангуяа утга зохиолын чиглэлээр суралцаж байгаа хүн өмнөтгөл бичихэд суралцах ёстой. Сайн бичвэл ном нь уншигчдад хүрнэ. Сайшаал, муушаал бий болно. Зохиолч амил­на шүү дээ. Тиймээс өмнөтгөл бичих гэдэг чухал. Ялангуяа шинэ залуу гарч байгаа уран бүтээлчдийг өмнөтгөл нь их тодотгож өгдөг.

-Таны бичсэн томоохон судалгааны зохиолууд олдоц муутай болсон гэж залуус үздэг юм билээ. Тэднийгээ дахин хэвлэх талаар бодсон зүйл бий юү?


-Би багш хүн. Лекц уншдаг. Оюутан надад шалгалт өгөхийн тулд ном унших хэрэгцээ байгаа. Түүнээс биш би алдартай ном биччихсэн юм биш байх. “Монголын уран зохиолын онол түүхийн зангилаа” гээд номыг удахгүй хэвлэнэ. Мөн модерн, постмодерн сурах бичиг гаргах санаатай байгаа. Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан ном байх юм. Яагаад гэхээр бид орчин үеийн уран зохиолын зүйг бүрэн ойлгохгүй хуучин зохиолуудаа уншсаар байгаад хэвшмэл болж байна шүү дээ. Тиймээс ийм ном бичвэл ирээдүйн оюутнуудад хэрэгтэй байх болов уу.

-Ер нь ойрд ямар бүтээл дээр ажиллаад байна?

-“Уран зохиолын онол” гээд нэвтэрхий тайлбар толь дээр сүүлийн хоёр жил ажиллаж байна. Энэ номдоо оюутнуудад зориулсан онолын үндэс маягийн цогц зүйлийг тусгачих санаатай байгаа.

-Миний бодлоор та 60, 70-аад оны үед Монголын уран зохиолд Ц.Мөнх гуайн гүйцэтгэж байсан үүргийг өнөөдөр биелүүлж байх шиг санагддаг. Ингэж ойлгож болох уу?

-Ц.Мөнх гэдэг бол миний багш байсан. Тэр хүн намайг уран сайхны шүүмжлэл гээч зүйлтэй холбосон. Түүнээс биш тэр хүн надад онол, түүх заагаагүй. Миний үеийнхэн дотроос надад хамгийн их итгэл найдвар тавьж байсан учраас би итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байх юмсан гэж зүтгэсэн. Намайг Горькийн сургууль руу явахад ч их дэмжсэн гэдгийг хэлмээр байна.Ц.Мөнх багш “За  чи энэ номыг унш, шүүмж бич” гэж даалгавар өгдөг байлаа. Маргааш нь өнөөхөө аваад ирэхээр шүүмжийг маань навсайтал нь засчихдаг байв. Минийх биш болгоно шүү дээ. Тэр үед мөн манай утга зохиолын салбарт Ш.Лувсанвандан гээд ганц профессор байлаа.

-Шүүмжийн салбар өнөөдөр доголдох болсон шалтгаан нь юутай холбоотой вэ?

-Би оюутан байхдаа муугүй сурлагатай байсан тул боломжийн степенд авчихдаг байв. Мөн миний бичсэн шүүмжийн хөлсийг МЗЭ-ээс дуудаж өгдөг байсан. Харин  өнөөдөр шүүмж судлалд ямар ч хөлс, мөнгө байхгүй тул унтаа байдалд орчихсон. Бод л доо. Хэн ч ямар ч үнэ хөлс авалгүйгээр хэн нэгний номыг орой үдэш сууж уншаад бичиж өөрийгөө зовоох вэ дээ. Гэхдээ шүүмж судлал огт байхгүй болчихсон мэтээр ойлгож болохгүй. Бүр дөрвөн үеийн шүүмжлэгч ч бидний дунд байна.

-Та шүүмж, судлалаас арай өөр зүйл зохиол ч юм уу, дурдатгал ч юм уу бичнэ гэж боддог уу?

-Зохиол гэдэг бол хувь хүнийх нь өөрийнх нь бүтээл. Тиймээс хэн ч намайг дооглохгүй. Бичихийн хувьд мэдээж бичнэ. Гэхдээ би шүүмжлэлийн ажилдаа илүү дуртай. Яагаад гэвэл зүгээр бичдэг хүн байснаас мэддэг хүн байсан нь дээр санагддаг юм. Харин дурдатгалын хувьд бичих хугацаа нь болоогүй гэж үзэж байна. Манай зохиолчдын дунд нэг тийм яриа байдаг. Үхэх дөхөхөөрөө дурдатгал бичдэг гээд. Тиймээс амны бэлгийг нь бодсон ч арай тийм юм зүйл бичих болоогүй бололтой.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

"Улс төрийн тойм" сонин




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна