Сонгуулийн тухай хуульд гойд өөрчлөлт хийхгүй нь

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тухай хуульд гойд өөрчлөлт хийхгүй нь

Хаврын чуулганы сүүл­чийн өдрүүд бүхэлдээ Ард­чилсан нам хийгээд Ардын намын сөргөлдөөн дунд өн­гөрсөн гэж болно. Төрийн ордон бүхэлдээ УИХ дахь хоёр бүлгийн нуувчинд орох ичээ болж, аль алиныхаа шийд­вэрийг анаж тагнасан тийм хө­дөлгөөнгүй улс төр ноёлж байв. Тухайн үед ард нийтийн санал асуулга явуулахыг дэмж­сэн Ардчилсан энам нэг өд­­рийн дараа эсрэг хариу өгч, Ардын намынхныг бүхэлд нь шоконд оруулсан. Гэхдээ тэд өөрсдийн шокийг өмнөх байр сууриа бататгах их хүч бол­гон ашиглаж, Ардчилсан намынхан дэмий л төрийн аж­лыг зогсоосон гэм бурууг үүрэх болсон. Эцсийн мөчид Ардын нам ч, Ардчилсан нам ч Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг ард түмнээс бус өөрсдийнхөө амбициас асуух шийдэлд тулж үлдсэн юм.

Ингэснээр улсын төсвөөс зар­лагадахаар төлөвлөж бай­­сан арван тэрбум төгрөг дан­сандаа үлдэх боломжтой бол­сон. Цаашлаад есдүгээр са­рын сүүлчийн долоо хоног хүртэл Ардчилсан нам, Ар­дын намын дунд өрнөх бай­сан үзэл суртлын “дайн” ца­гаан цааснаа үлдсэн гэсэн үг. Тэгвэл ард нийтийн санал асуулга явуулах санаачилга ийн шийдэгдсэн байхад Сон­гуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр намын зорилго хэвээрээ байгаа болов уу. Учир нь, Ардын нам ч тэр, Ардчилсан нам ч тэр ма­жоритар, пропорциональ хувилбар оролцсон холимог тог­толцоогоор УИХ-ын сон­гуулийг явуулах эрмэл­зэл­тэй байгаа. Ардын нам  нь мажоритар давамгай, Ард­чилсан нам нь пропорциональ давамгайлсан л болохоос бус өөрчлөлт хийх дээр санал нэгдсэн гэсэн үг. Цаашлаад аль ч хувилбар нь дэмжигдлээ гэсэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. “Цаг үеэсээ хоцрогдсон Үндсэн хуу­лийг засах цаг болсон” хэмээн айлдах тэдний үг Үндсэн хуульд цаг үетэй нийцүүлсэн ямар өөрчлөлт оруулах вэ гэдэгт хараахан хариулт өгч чадахгүй байгаа. Зөвхөн Үнд­­сэн хуулийн 2.16.9-ийн “Шууд төлөөлөгчдийг бай­гуул­лагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх­тэй. Төрийн байгууллагад сон­гох, сонгогдох эрхтэй”  гэсэн заалт болон 3.1.21.2 бо­лон 3.1.21.3 дугаар заалтыг л өөрч­лөх тухай яриад байгаа.

Дээрх хоёр заалтын агуулга нь “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно”, “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн өгүүлбэр. Энэ нь улстөрчдийг Үндсэн хуулийн шинэчлэлийг улс орны, ард нийтийн эрх ашгийн төлөө бус гагцхүү хувь улстөрчийнхөө ашиг сонирхлын үүднээс өөрчлөхөөр ярьж байгаагийн баталгаа юм. Хувь хүнийг сонгох иргэний эрхийг “Зөвхөн намыг сонгох ёстой” гэсэн хуульчлалд оруулах л хувилбар. Нэг ёсондоо хүнийг ч, намыг ч сонгогчоор сонгуулдаг болохын төлөө Үндсэн хуулийг өөрчилнө гэсэн үг. Ийм хувилбар бол улс төр нь тогтворжсон, улс төрийн намууд нь хангалттай төлөвшил олчихсон барууны улс орнуудын мөрдөж ирсэн сонгодог тогтолцоо. Харин манайх шиг хоёр намын системд суурилж, тэрхүү хоёр нам нь өөрсдийн дангааршсан засаглалыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө санал нэгдэж буй улсад бол тун ярвигтай. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал энэ талаар дараах дүгнэлтийг хийж байсан. Тодруулбал “Би тийм асуудал байж болохгүй гэж үздэг. Манай Үндсэн хуульд ардчилсан шинж чанарыг маш сайн суулгаж өгсөн байдаг. Магадгүй тухайн үедээ одоогийнх шиг мөнгөний өрсөлдөөн болно гэж бодоогүйд л өөрчлөх шалтгаан оршиж байж болох юм. Би тэр үед ажлын хэсэгт нь ажиллаж байсан болохоор ямар их үнэ цэнээр баталж байсныг мэднэ. Мэдээж өөрчлөлт хэрэгтэй нь үнэн. Гэхдээ өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэстэй хийх хэрэгтэй. Зүгээр “Би ирээдүйд УИХ-ын дэд дарга болно” гэж бодоод л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргадаг байж болохгүй л байхгүй юу” гэх дүгнэлт.

Харамсалтай нь, одоогийн Сонгуулийн ту­хай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн аль, аль ху­вилбар нь Ардын нам хийгээд Ардчилсан нам гэсэн хоёр улс төрийн хүчний ашиг сонирхлын эсрэг туйл руу эргэчихсэн гэхэд болно. Ардын намын тухайд мажоритар давамгайлсан сонгуулийн тогтолцоог барьж авах нь юу юунаас илүү хэрэгтэй байгаа. Ойролцоогоор 24 суудлыг пропорциональ тогтол­цоонд үлдээснээр намын дарга хийгээд Удирдах зөвлөлийнх нь хувьд санхүүжилт өгсөн, ирээдүйд улс төрийн нөлөөг нь нэмэх шаардлагатай шахааны гэмээр баг бүрдүүлэх боломжтой болно. Харин Ардчилсан намын хувьд томсгосон тойргийг аль болох олон байлгахаар хичээж буй гол шалтгаан нь Ардын намыг Монгол ардын хувьсгалт намтай андуурах сонгогчдын будилаан дундаас нэрээрээ гараад ирэх тухай ойлголт. Тэдний хувьд энэ л хүчин зүйлээр пропорциональ давамгайлсан Сонгуулийн тухай хуулийг лоббидож буй.

Мөн Ардын намаасаа ч илүү үндэсний тэрбумтан олон гэдгээрээ тус нам илүүрхэх боломжтой. Тэд нь намдаа мөнгөө тушааж, улмаар сонгуулийн дүнг хүлээнэ гэсэн үг. Сонгуулийн дүнгээр ялалт Ардчилсан намын талд эргэвэл бусад улс орны улс төрийн жишиг ёсоор зөвхөн УИХ бус Засгийн газрын танхимын гишүүний суудалтай болно. Өөрөөр хэлбэл, намын дарга нь намд өгсөн хандиваар нь эрэмбэлж, эрх мэдлийг хуваарилна. Мөн намын дарга өөрийнхөө хүнийг ч завсар зайгаар нь шургуулах боломжтой.

Харин сүүлийн үед Ардын намынхан “Томсгосон мажоритар тогтолцоогоо хадгалж үлдэх нь зөв”  гэсэн байр суурь дээр нэгдэхээр шийдэж буй яриа дуулдах болж. Хэдийгээр бүгд найр, наадам хэсч, хэний хүлэг хурдалж, хаанахын бөх бяртай байгаа тухай хөөрөлдөж буй ч аймаг бүрийн наадмыг ёстой л УИХ-ын сонгуулийн өмнөх жилийн далд сурталчилгааны бай, талбар болгож хувиргасан байна. Наадамд хэн очиж, хэн нь их бэлэг өгөв гэдгээс УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эсэхийг нь тодруулж болохоор. Гэхдээ энэ бол ил дүгнэлт. Ардын намаас нэр дэвших сонирхолтой нөхөд ингэж ил тодоор олны өмнө өөрсдийгөө зарласнаас харахад тус намд тойргийн хуваарилалт жигдэрч эхэлсэн гэж болно. Энэ нь эргээд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй 2008 оны жишгээр явуулахаар ярилцаж буй нь үнэний хувьтай болохыг баталж байгаа юм.

Харин Ардчилсан намынхны хувьд таг чиг. Өөрсдийн ашигтай гэж үзсэн шинэчлэлдээ тэд бат зогслоо гээд Ардын нам УИХ дахь суудлын олонхиороо сонгуулийн тогтолцоог хэвээр үлдээвэл тэд яаж ч чадахгүй. Энэ бол 2012 онд мөрдөгдөх Сонгуулийн тухай хуулийн ерөнхий шинж. Ирэх аравдугаар сард багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлахгүй бол тэдэнд дээрхээс өөр гарц үгүй. Иймээс л гарц байхгүй хашлага руу шахах сонирхол эрх баригчдад буй болоод байгаа бололтой. 

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж