Утаагүй зуух худалдаж авахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Утаагүй зуух худалдаж авахыг уриаллаа

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Мянганы сорилтын корпораци, Монголын Мянганы сорилтын сан, “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэгчдээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хязгаарлалтын бүс тогтоож, тус бүс дэх айл өрхүүдэд утаагүй зуух нийлүүлэх ажил эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 7000 орчим утаагүй зуухыг иргэдэд нийлүүлжээ. Иргэдийн хувьд утаагүй зуух худалдан авснаар түлшний хувьд 30 хувийн хэмнэлт эдэлнэ. Нөгөөтэйгүүр, уг зуух нь утааг 80 хувь хүртэл бууруулах хүчин чадалтай учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол тодорхой хэмжээгээр бууруулахад иргэн та хувь нэмрээ оруулна гэсэн үг. Тиймээс АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цэвэр агаар” төслийн хүрээнд хэрэгжиж буй хоёр төрлийн зуухнаас иргэн таныг сонголт хийн авахыг хүсч буй юм. Тухайлбал, таван ханатай гэр халаах хүчин чадалтай зуухыг 24300 төгрөгөөр, амины орон сууц халаах чадал бүхий зуухыг 50800 төгрөгөөр тус бүр худалдаалж байгаа юм. Ингэхдээ АНУ-ын Мянган сорилтын сан нь Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлд хөрөнгө гаргаж буй учраас Монгол Улсын Засгийн газар бас иргэддээ дэмжлэг үзүүлж, зуухнуудын үнийг тус бүр 50 мянган төгрөгөөр хөнгөлжээ. 

Нийслэлийн гэр хороололд 170 мянган өрх байдаг бөгөөд судалгаагаар хорт утааны дийлэнх хувь эдгээрийн яндангаас ялгардаг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Тиймээс өвлөөс урьтаж 70 мянган өрхөд утаагүй зуух нийлүүлэхээр ажиллаж буй юм. “Цэвэр агаар” төслөөс өнгөрсөн өдрүүдэд хямд үнэтэй зуух иргэдэд нийлүүлэх ажлыг Чингэлтэй дүүрэгт зохион байгуулсан бол ирэх бямба гаригаас Сүхбаатар дүүрэгт шилжих аж. Харин есдүгээр сарын 7-ноос Баянзүрх, есдүгээр сарын 10-наас Сонгинохайрхан дүүрэгт уг ажил зохион байгуулагдаж, таван дүүргийн 48 хороог хамруулахаар зорьжээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил зөвхөн утаагүй зуух нийлүүлснээр хязгаарлагдахгүй. Дулаан алддаггүй гэрийн бүрээс, үүдний пинг ч иргэдэд санал болгож байгаа юм. Гэрийн бүрээс 300000-350000 төгрөгийн үнэтэй бол үүдний пинг 80 мянган төгрөгөөр борлуулна. Эдгээрт мөн үнийн хөнгөлөлт орсон. Тухайлбал, үүдний пинг 320 мянган төгрөгөөр борлуулах ёстой ч үнийг дөрөв дахин бууруулж, 80 мянган төгрөг болгожээ. Тиймээс иргэдийн хувьд эдгээрийг худалдан авах бололцоо бас байна.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо нь утаагүй зуух худалдан авахаас эхлэх тул идэвхитэй оролцохыг уриалъя.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж