АНУ, Европын удирдагчид Ассадыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

АНУ, Европын удирдагчид Ассадыг огцрохыг шаардав

АНУ болон Европын удирдагчид нэгдэж, Сирийн ерөнхийлөгчийг албан
тушаалаасаа огцрохыг шаардаж, засгийн газрын эсрэг тэмцэж буй босогчдод
өршөөлгүй халдаж, олон арван гэмгүй иргэдийн цусыг урсгаж байгаа Сирийн
дэглэмд үзүүлж буй олон улсын дарамт шахалтыг нэмэгдүүлж эхэллээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн мэдэгдэлд “Сири улсын ирээдүйг
ард түмэн тодорхойлох ёстой хэдий ч Ерөнхийлөгч Башар Аль Ассад тэдний
зам дээр хөндөлсөж байна. Бид Ерөнхийлөгч Ассадад нэг бол ардчилалд
шилжих замыг сонгох аль эсвэл байр сууриа тавьж өгөхийг хатуу шаардаж
байна. Сирийн иргэдийн сайн сайхны төлөө Ерөнхийлөгч Ассад огцрох цаг
нэгэнт ирсэн байна” гэжээ.

Обамагийн энэхүү шаардлагыг Канад, Франц, Герман, Их Британи болон бусад Европын Холбооны удирдагчид дэмжжээ.

Түүнчлэн Их Британийн Ерөнхий  Сайд Дэвид Камерон, Францын Ерөнхийлөгч
Николя Саркози, Германы Канцлер Ангела Меркел нарын хамтарсан мэдэгдэлд
“Манай гурван улс өөрийн ард түмний эсрэг харгис хэрцгий зэвсгийн хүч
хэрэглэснийхээ төлөө үүрэг хариуцлага хүлээх ёстой Ерөнхийлөгч Ассадыг
хууль ёсны байр сууриа ард нийтийн дунд нэгэнт алдаж, Сири орныг цаашид
удирдан залж явах чадваргүй гэж үзэж байна. Бид Сирийн сайн сайхны
төлөө, тус улсын эв нэгдлийн төлөө харгис дэглэмийн эсрэг иргэдийн
өдүүлсэн тэмцлийг Ерөнхийлөгч Ассад хүлээн авахыг шаардаж байна” гэжээ.

Энэ хүрээнд Америкийн удирдлагууд пүрэв гаригт Дамаскийн эсрэг эдийн
засгийн шинэ хоригуудыг тогтоосны дотор Сирийн засгийн газрын хөрөнгийг
АНУ-д түгжих, Сирид Америкийн зүгээс шинээр хөрөнгө оруулалт хийхгүй
байх, Сирийн түлшийг АНУ-д импортлохыг зогсоох зэрэг хориг арга
хэмжээнүүд багтжээ.

Сири улс газрын тосны нийт борлуулалтынхаа 90 хувийг Европын холбоонд
нийлүүлдэг тул Европын холбоо ч АНУ-ын хийсэн алхмыг дагаж, хориг
тогтоохоо мэдэгджээ.

АНУ Ливид авч хэрэгжүүлсэн бодлого дээр үндэслэж Сирийн удирдагчийн
эсрэг арга хэмжээнүүдийг авч байгаа ч АНУ болон Европын засаг захиргааны
аль аль нь Ливи шиг Сирийн дотоод үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох
бодолгүй байна. Энэ зуур НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Сирийн нөхцөл байдалд
үнэлгээ хийх багийг илгээхээр төлөвлөжээ.

Франц болон бусад Европын холбооны улсууд Аюулгүйн зөвлөлийг Аль Ассадын
дэглэмийг унагах шийдийг яаралтай гаргахыг ятгаж байгаа ч ОХУ, Хятад,
Бразиль, Энэтхэг, Өмнөд Африкийн орнуудын хатуу эсэргүүцэлтэй тулгараад
байгаа. Тиймээс АНУ Сирийн асуудлаар ирэх долоо хоногт Швецарийн нийслэл
Женева хотод шуурхай хуралдах товыг гаргахаар хэлэлцэж байна. 


Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж