АНУ Умард Солонгост буцалтгүй тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.19-нд нийтлэгдсэн

АНУ Умард Солонгост буцалтгүй тусламж үзүүлнэ

Умард Солонгост үерийн аюул нүүрлээд байгаа энэ үед тус улсад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор АНУ 900 мянган ам.долларын яаралтай тусламжийг Умардад үзүүлэхээр боллоо. Нью Йорк хотноо өнгөрсөн долдугаар сард АНУ, Умардын тусгай төлөөлөгчдийн хооронд болсон хурлын үр дүн нааштай гарч, хүйтэрсэн харилцаа гэсэх хандлагатай болсны дараа АНУ Умардад ийнхүү тусламжийн гараа сунгаж байна. Хоёр улсын төлөөлөгчдийн хооронд болсон хурал нь цөмийн зэвсгээс ангид байх зургаан талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тандах зорилготой байсан.

АНУ-ын Төрийн Департаментаас пүрэв гаригт мэдээлснээр Америкийн засгийн газрын бус байгууллагуудаас хандивлаж буй буцалтгүй тусламжийг Умард Солонгосын Канвон болон Хванхи мужуудад хүргэх юм. Тусламжийн бараанд хучлага, майхан болон бусад ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд орсон ч хүнсний бүтээгдэхүүн огт ороогүй байна.

Умардын талаас өнгөрсөн тавдугаар сард хүнсний тусламж авах хүсэлтээ АНУ-д тавьсны дараа тус улс нөхцөл байдалд бодит үнэлгээ хийлгэхээр тусгай багийг илгээсэн ч одоо хүртэл тусламж өгөх шийдвэрийг гаргаагүй байгаа.

АНУ-ын зэрэгцээ Өмнөд Солонгосын талаас энэ сарын эхээр Умардад 4,7 сая ам.долларын үнэтэй дүйцэхүйц эмнэлгийн болон бусад хэрэгцээт бараа бүтээгдэхүүний тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өгөхөө мэдэгдсэн. Энэ үйл явдал нь хоёр Солонгосыг аажимдаа нэгдэхийн шинж тэмдэг байж болох юм гэж ажиглагчид үзэж байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж