Хятадууд оросуудаас хуулбарлав уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хятадууд оросуудаас хуулбарлав уу?

Барууны хэвлэл мэдээллээр өнгөрсөн пүрэв гаригт Хятадын тав дахь үеийн  J-20 сөнөөгч онгоцны зарим эд анги нь Оросын үйлдвэрийн дамжлагад ороогүй МиГ 1.44.  төслийнх гэсэн мэдээлэл гарчээ. Оросын ВЗГЛЯД сонины шинжээчид Оросын зохион бүтээх товчоо ийм тэргүүлэх технологийг хятадуудад худалдана гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Хоёр орон дэлхийн сөнөөгч онгоцны зах зээл дээр эртнээс өрсөлдөж ирсэн нь ингэж эргэлзэх шалтгааны нэг болоод байгаа гэнэ.

Батлан хамгаалахын аж үйлдвэрт ойр эх сурвалж “Reuters”-т мэдээлэхдээ Хятадын тав дахь үеийн J-20 сөнөөгч онгоц хятадад дамжуулан өгсөн орос технологиор бүтээгдсэн гэжээ. Оросын тав дахь үеийн МиГ 1.44 МФИ (А.И.Микочны нэрэмжит зохион бүтээх товчооны 1.44 бүтээгдэхүүн) үйлдвэрлэлийн дамжлагад ороогүй сөнөөгч онгоцны туршилтын хувилбартай адилхан байсан учир ийм хардлага төрсөн бололтой. “Үл үзэгдэгч онгоцны тен­дерт Батлан хамгаалах яамны татгалзсан Микоянын төслийн зураг, баримттай… тэд танилцаж амжсан бололтой” гэж агентлагийн нэрээ нууцалсан эх сурвалж хэлжээ Хятад технологийг хуулийн дагуу эсвэл тагнуулын аргаар олж авсан уу гэдгийг эх сурвалж мэдэхгүй байгаа гэнэ. Хятадын Батлан хамгаалах яам агентлагт тайлбар хийхээс татгалзсан байна.

«РСК «МиГ» (Оросын онгоц бүтээгч концерн)-ийг хянадаг Онгоц бүтээх нэгдсэн корпораци (ОАК) ямар нэгэн технологийг Хятадад дамжуулаагүй гэв.

Орос, Хятадын харьцаагаар мэр­гэж­сэн бие даасан шинжээч Адиль Мукашев “Reuters”-т ярилцлага өгөх­дөө санхүүтэй холбоотой асуудал байс­ныг хэлсэн байна. “Хятад онгоц­ны эд ангийн технологийг үүний дотор сүүл хэсгийг нь мөнгөөр худал­дан авсан” гэж тэрээр хэлсэн байна.

“Орост ашигтай юу”

Үүний зэрэгцээ ВЗГЛЯД сонины асуусан Оросын шинжээчид Хятадад ямар нэгэн технологи дамжуулах боломж байхгүй гэв. “Энэ нь боломжгүй. Түүнээс биш аль эрт л энэ тухай мэдэгдэнэ шүү дээ. Мөн Орост ашиггүй. Учир нь Орос дэлхийн зэвсгийн зах зээл дээр тэдэнтэй өрсөлддөг. Хууль номоор бид тэдэнд юу ч өгөөгүй” хэмээн Дэлхийн зэвсгийн наймааг судлах төвийн орлогч захирал Владимир Швалев хэлсэн байна.

Хятад сөнөөгч онгоцнуудыг амжилттай туршиж үйлдвэрийн дамжлагыг нь зохион байгуулж чадлаа гэж үзэхэд тэр нь Орос, АНУ гэх мэтийн цэргийн техникийн томоохон экспортлогч орнуудын сонирхолд нийцэхгүй.

Тэмдэглэхэд МиГ 1.44 нь 1979 оноос Америкийн F-22 сөнөөгчийн өрсөлдөгч болгон бүтээгдэж эхэлсэн ба зарим үзүүлэлтээр давуутай. Онгоцонд дуунаас хурдан крейсерийн хурд, меневр ба нууцлаг байдлын шаардлагыг тавьсан. Тэр бүх супер чанарыг нь гаргахын тулд салбарын Шинжлэх ухааны судалгааны олон институтууд ажиллан ихээхэн хэмжээний бүтээл гаргасан байна.

Ажлынх нь анхны зураг төс­лийг 1986 онд хийж гаргаад том хэмжээний нисэх загварууд дээр туршилтыг эхэлсэн байлаа. Ингээд 1992 оноос хөтөлбөрийн санхүүжилт унасан учраас жиллагааг нь 1998 он хүртэл зогсоосон. Хамгийн анхны туршилтын загварыг 1999 оны нэгдүгээр сарын 22-нд сэтгүүлчдэд үзүүлж, 2000 оны хоёрдугаар сарын 20-нд 1.44 сөнөөгч анх агаарт хөөрчээ.

Хамар нь F-22-ынх гэнэ үү?

Энэ жилийн эхээр Хятадын сөнөөгч анх удаагаа агаарт хөөрсний дараа Хятад J-20-ийг бүтээхдээ Оросын технологийг ашигласан гэх яриа гарч эхэлжээ. Тэр үеэр буюу өнгөрсөн нэгдүгээр сард Америкийн конгрессмен Бак Маккеон уг онгоцыг бүтээхдээ Хятад нь орос технологи ашигласан гэж мэдэгдлээ. Хятадын тэргүүлэх технологи нь Оросын нутаг дэвсгэрт хийсэн кибер тагнуулдаа баярлах ёстой хэмээн Маккеон хэлээд тэдний ийм арга барил АНУ-ыг ноцтой түгшээж байна гэжээ.

“Кибер тагнуул нь улс орон бүрийн толгойн өвчин. Гэхдээ л дахиад хэлэхэд түүгээр зарим нэг эд ангийг хулгайлж болохоос биш бүхэл бүтэн онгоцыг авчихгүй” хэмээн Владимир Швалев хэлсэн байна. Хятадад технологи дамжуулсан хэрэгт ч АНУ-ыг өмнө нь буруутгаж байлаа. Цэргийн шинжээчид J-20 ба америкийн F-22 хоёрт адилхан зүйл байна гээд түүний онгоцнуудын хамраас олж харжээ. Мөн F-22 ба F-35 сөнөөгч онгоцнуудад хэрэглэдэг нисэгчийн бүхээгийн шилэн бүрхүүлийн технологийг ч хятадууд мэдэж эзэмшсэн юм.

Тэмдэглэхэд Хятад тав дахь үеийн сөнөөгчтэй гэдгээ албан ёсоор зарлаагүй байна. Сүлжээнд гарсан зураг бичлэгээс өөр мэдээлэл, үзүүлэлтүүд нь байхгүй. Гэхдээ мэрэгжилтнүүд бодит онгоц мөн гэж зураг бичлэгээс дүгнээд байгаа. Харин шинжээчид орос онгоцыг хуулсан гэдэгтэй нь бүгд санаа нийлж байгаа. “Хятад хуулбарладаг. Гэхдээ зүгээр нэг хуулбарлаагүй. Бээжин дараагийн шатанд нь ороод зүгээр л хуулахгүй, харин онгоцыг сайжруулж байна” хэмээн Владимир Швалев онцлов.

Тухайлбал, Хятад өөрийн үзэсгэлэн дээр Оросын X-55 далавчит пуужинтай төстэй С-602 пуужин, Су онгоцны хөдөлгүүр АЛ-31Ф адилхан Tai Hang WS-10 хөдөлгүүрээ харуулж байлаа. Хамгийн дуулиан тарьсан нь алсын нисэхийн Су-27 онгоцтой төстэй хятад машин болсон юм. 1995 онд Орос, Хятад хоёр Шэньянийн үйлдвэрт лицензээр 200 Су-27СК (хятад хувилбараар-J-11) онгоц цуглуулах гэрээ байгуулан 100 машин цуглуулсны дараа хятадууд гэрээнээсээ татгалзсан юм. Тэд арван жилийн дотор өөрсдийн эд ангийг бүтээн түүгээр J-11 сөнөөгч угсарч суржээ.

Хятад инженерууд Су-27-гийн эд анги, радиолокацийг хуулж сураад зогсолгүй уг онгоцонд хятадын тийрэлтэт хөдөлгүүрийг суурилуулж чаддаг болсон байлаа. Үүнээс гадна Хятадын J-15 гэх хөлөг онгоцны машин нь Оросын Су-33 онгоцтой маш төстэй аж. Шинжээчид хятадуудыг Украинаас авсан онгоцны загвараас хуулсан гэж байгаа.

Орос, Хятад хоёрын цэргийн техникийн наймааны өрсөлдөөн эхлээд байгаа. Жишээлбэл, Мьянмад нийлүүлэх сөнөөгч онгоцны тендерт хоёр орон өрсөлдөн Хятад JF-17, Орос МиГ-29 онгоцоороо оролцон Орос ялж байв. Мөн тэд 2010 оны Египетийн тендерт тулгарсан юм. Орос 40 МиГ-29 нийлүүлэхээр хэдэн жил зүтгэж байгаа бол Хятад Пакистантай хамтраад тэдний нутагт JF-17 сөнөөгчөө үйлдвэрлэх санал тавиад байгаа. Оросын МиГ-29 сөнөөгчийн үнэ 35 сая ам.доллар хүрч буй бол  JF-17 дөнгөж 10 сая ам.доллараар зарагдах юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж