Нүүдлийн номын сан орон нутгаар аяллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Нүүдлийн номын сан орон нутгаар аяллаа

Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай 20 дахь жилдээ нүүдлийн номын сангаа хөдөөгүүр аялуулж, 2000 гаруй км замыг туулаад өнгөрсөн долоо хоногт нийслэлд ирлээ. Монголын өргөн уудам тал нутгаар 80 мянган км хөндлөн гулд аялж хөдөөгийн багачуудад ертөнцийг харах цонх болж чадсан нүүдлийн номын сан энэ жил Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайн зарим сумын багачуудын гэрт зочиллоо. Түүний энэхүү хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх буянтай үйлсийг “Go help” олон улсын хүмүүнлэгийн байгууллага санхүүжүүлсэн бөгөөд Английн Лондонгоос Монгол хүртэлх авто аяллын манай улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг замын дагуу “Нүүдлийн номын сан” ажилласан байна. Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Хайрхандулаан, Нарийнтээл, Баянхонгорын Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутгаар аялж, 182 хүүхэд уг арга хэмжээнд хамрагджээ. Энэ үеэр хүүхдүүдийн дунд номын сэдэвт асуулт, хариултын уралдаан, уран уншлагын тэмцээн зохиож, хичээлийн хэрэглэл түгээж, эцэг, эхчүүдэд нь “Хүүхдийн сэтгэлд хүрэх хамгийн дөт зам” лекц уншиж, үр хүүхдээ номоор хөгжүүлэх боломжийн талаар Ж.Дашдондог зохиолч зөвлөгөө өглөө. Дашрамд сонирхуулахад, зохиолч гадаадын болон Монголын хүүхдийн зохиолын 108 шилдэг номыг хувийнхаа хөрөнгөөр хэвлүүлж номын фондоо бүрдүүлсний дээр Япон, АНУ-аас бэлэглэсэн 120 номыг дөрвөн жилийн турш оюутнуудтай хамтран монгол хэлээр орчуулжээ. Тэрбээр Монголын багачуудыг номтой нөхөрлүүлээд зогсохгүй гадаадад суугаа монгол хүүхдүүдийн дунд энэхүү номын сангаа аялуулаад зогсохгүй Солонгос, Энэтхэг оронд хоёр ч удаа очихдоо хүүхдүүдэд ном хүргэж өгөх ажил зохиож байжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж