Ургацын комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Ургацын комисс хуралдлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэргэдэх Улсын ургацын комисс өнөөдөр яамны хурлын танхимд хуралдлаа.

Салбар бүрийн яамд, мэргэжлийн байгууллагын 20 төлөөллийг багтаасан энэхүү комиссын хуралдаанаар энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцуулав. Ургацын урьдчилсан балансаар энэ намар 427 мянган тонн үр тариа, үүнээс 419,1 мянган тонн буудай, 174,3 мянган тонн төмс, 90,5 мянган тонн хүнсний ногоо, 8,9 мянган тонн тосны ургамал, 23,4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах болжээ. Тодруулбал, нэг га-с дунджаар 14,5 цн буудай, 120.0 цн төмс, 126,1 цн хүнсний ногоо тус тус хураан авахаар тогтсон байна.

Атаршсан болон өнжсөн талбайгаас энэ онд 34,3 мянган га талбайг нэмж ашиглалтад оруулснаар эргэлтийн талбайн хэмжээ 618,5 мянган га-д хүрчээ. Аж ахуйн нэгж, иргэд урьдчилсан байдлаар 293,2 мянган га-д чанар сайтай уринш боловсруулан бэлтгэсний 102,8 мянган га-г нь дэвшилтэд технологиор боловсруулсан байна.

Нар хур тэгширсэн энэ жилийн тухайд арвин ургац хураах боломж бүрдүүлсэн. Юутай ч ойрын хугацаанд ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангуулах, ургацын штабын жижүүрийг томилон ажиллуулж, орон нутгаас ургац хураалттай холбоотой тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа гэнэ. Салбарын сайд Т.Бадамжунай технологийн хугацаанд хаягдалгүй, бүрэн хурааж авах, удирдлага зохион байгуулалтаар хангах, хураалтын үеэр анхаарах хэд хэдэн асуудлын талаар үүрэг өгсөн байна.

Ургацын урьдчилсан балансын дүн, гурилын хангамж, буудайн өөрийн өртгийн тооцоог үндэслэн улаанбуудайн борлуулалтын үнийг өнгөрсөн жилүүдийнхтэй ойролцоо байхаар тогтсон байна. Энэ нь нэг тонн тутмыг 350 мянган төгрөгт худалдан авах тооцоо ажээ.

Б.БЯМБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж