”NY Times” цөмийн хаягдлын асуудлыг хөнджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

”NY Times” цөмийн хаягдлын асуудлыг хөнджээ

АНУ-ын Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд хэвлэлээр шуугиж буй  Монголд цөмийн хаягдал булах гэрээ хэлэлцээрийн талаарх мэдээллийг үгүйсгэсээр хэдэн долоо хоног өнгөрлөө.

Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа АНУ ураны нөөцтэй орноос уран олборлож харин хаягдлыг нь тухайн оронд нь булахаар Цөмийн энергийн газар нь төлөвлөж байгааг илчилж эхэлжээ. Барак Обамагийн засаг захиргааны нэгэн ажилтан АНУ-ын Засгийн газар Монгол, Япон, Арабын нэгдсэн Эмират зэрэг хэд хэдэн оронтой цөмийн хаягдал булах асуудлаар урьдчилсан хэлэлцээр байгуулсан тухай “Greenwire” сайтад энэ сарын эхээр мэдээлсэн. Цөмийн хаягдал булах аргын нэг жишээ бол ураны нөөцтэй улс оронд цөмийн түүхий эдийг олборлон, боловсруулж баяжуулан улмаар хилийн чанад дахь цөмийн реактортой орнууд руу гаргана. Харин шатсан цөмийн хаягдлыг эргүүлээд олборлосон газар нь булах төлөвлөгөө юм гэж тэрбээр тайлбарлажээ. Харин АНУ одоогоор дээрх орнуудтай эцсийн зөвшилцөлд хүрээгүй гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Бусад улс орнууд болон олон улсын байгууллагууд ч цөмийн түлшний банктай болохоор ажиллаж эхэлсэн бөгөөд цөмийн түлшний хангамж саатсан улс орнууд анхаарлын төвд байгаа ажээ. Олон улсын цөмийн энергийн газар ОХУ цөмийн хаягдлыг булах олон улсын банктай болох эхний алхмыг хийж эхэлсэн бөгөөд Казакстан улс цөмийн хаягдлыг булах байгууламжийг өөрийн улсын нутагт байгуулахыг зөвшөөрсөн гэж цөмийн энергийн шинжээч Марк Хиббс ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ цөмийн зэвсгийн хөтөлбөрт ашиглаж байсан ураныг цөмийн түлшний нөөц бий болгохоор төлөвлөж буй гэж мэдэгдсэн юм. Бусад улс оронд цөмийн түлш нийлүүлэх, шатсан түлшийг баяжуулах, булахтай холбоотой хөтөлбөрт АНУ оролцох, дэмжих, санхүүжүүлэх асуудал болон  цөмийн асуудлаар тус улс цаашид ямар байр суурьтай байхыг Конгресс, гүйцэтгэх зөвлөлөөр шийднэ гэж тэрбээр ярьсан байна.

Улс орнуудын байр суурь

АНУ цөмийн энергийн асуудлаар Япон болон Арабын нэгдсэн Эмират зэрэг орнуудтай байгуулсан хэлэлцээрийн дагуу хамтран ажиллах гэрээтэй ажээ. Харин Монгол улстай хараахан гэрээ байгуулаагүй гэнэ.  АНУ бусад улс орон руу цөмийн бүтээгдэхүүн, цөмийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд хамтран ажиллахад уг гэрээ зайлшгүй шаардлагатай.  АНУ-ын компаниуд цөмийн үйлдвэрлэлийн өндөр технологи, шаардлагатай мэдээ сэлтийг Арабын нэгдсэн Эмиратад худалдах боломжтой. Харин дээрх гэрээний дагуу уран баяжуулах, цөмийн шатсан түлшийг дахин боловсруулахгүй гэж үүрэг хүлээсэн Арабын нэгдсэн Эмират улс ирэх хоёрдугаар сард 2020 онд цөмийн дөрвөн реактороо шинэчлэхээр төлөвлөж буй Өмнөд Солонгостой хийх хэлэлцээрийн үеэр цөмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж гарч ирнэ гэж найдаж байгаа ажээ. Харин Японы тухайд цөмийн асар том үйлдвэрлэлтэй бөгөөд цөмийн хаягдлаа хэрхэн вэ гэдэг мухардалд ороод байгаа юм.  Японы зарим хот одоо хэрэглэж буй цөмийн хаягдал хадгалах торхнуудыг олноор бүтээхийг санал болгож байгаа гэнэ. Гэвч дотооддоо цөмийн хаягдал булах газар олох нь Японы гол асуудал болоод байгаа ажээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд цөмийн энергийн бодлогын олон улсын хурал дээр АНУ-ын цөмийн энергийн газрын аюулгүй байдлын албаны дарга Ричард Стратфорд Монголд цөмийн хаягдал булах байгууламж барихаар хэлэлцэж буй гэж мэдэгдсэний дараа энэ асуудал гадаад дотоодын хэвлэлийн гол сэдэв болоод байна.  Харин Монголд суугаа АНУ-ын элчин сайд Стратфордын мэдэгдлийг үгүйсгэж, Цөмийн энергийн газар АНУ цөмийн асуудлаар худалдааны гэрээ байгуулж, эсвэл цөмийн хаягдал булах асуудлаар бусад орны Засгийн газартай хэлэлцээр байгуулахгүй гэж мэдэгдсэн юм.

Хэдийгээр АНУ, Монголын хооронд цөмийн асуудлаар хамтарч ажиллах гэрээ байхгүй ч өнгөрсөн жил хоёр орон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн технологи, аюулгүй байдал болон хаягдлын менежмент зэрэг асуудлаар хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж