Номын санд суухад цагдаа найзтай байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Номын санд суухад цагдаа найзтай байх хэрэгтэй

Улаанбаатар хотод Улсын төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан гэсэн хоёр том номын сан бий. Эдгээр номын санд сууж ном уншихыг хүсэж байгаа хүмүүс байвал ”Горьдсоны чинь гарз” гэж хэлмээр байна. Хэдхэн хоногийн өмнө номын санд суух хэрэг гараад Улсын төв номын санг зорилоо. Харуул болгон тавьсан жижүүр нь дотогш нэвтрүүлдэггүй ээ. Учир явдлаа хэлээд уншигчийн үнэмлэх нээлгэх гэтэл урдаас “Хаана сурдаг вэ” гэж асууж байна. “Оюутан биш ээ, ажил хийдэг юм аа” гэвэл ажлын үнэмлэх шаардав. Байхгүй гээд учир шалтгаанаа хэллээ. Гэтэл “Хэрвээ номын сангийн уншигчийн үнэмлэх авмаар байгаа бол хороо хорины тодорхойлолт авч Цагдаагийн газрын бичиг хийлгэж ир” гэж хэлдэг байгаа. Монголд номын санд сууж ном унших эрх хаалттай байгаа юм биш үү. Номын сангийн уншигчийн үнэмлэх авахын тулд харьяалагдах хороо руугаа очоод, цагдаатай уулзаад, түүнийг гуйж “Номын санд сууж болно” гэх утгатай бичиг хийлгээд үнэмлэх авна гэвэл хэдэн цаг шаардагдах вэ. “Хүмүүс яагаад номын санд суудаггүй юм бол” гэх асуултын хариулт нь энд байгаа юм биш үү. Ийм хүнд сурталтай газраар хэн үйлчлүүлэх вэ дээ. Жишээ нь хотод амьдардаг ч хөдөө бүртгэлтэй иргэн байвал номын сангийн үнэмлэхний тодорхойлолт авахын тулд хөдөө явах шаардлага гарах нь ээ. Зах дээр наймаа хийдэг иргэн Батаа номын санд сууна гэвэл заавал ажлын газрын үнэмлэх “олох” шаардлага гарах нь. Номын санд суух дүрэм журам арай л хатуу байгаа юм биш үү. Гээд яахав арай л гэж үнэмлэх аваад дотогш нэвтэрч байгаа юм. Үзэх гэсэн сониноо үзээд, хэрэгтэй материалаа хувилуулах хэрэгтэй болов. Гэтэл “Каноны эзэн” нь “Ийм том, олон хуудастай ма­те­риалыг хувилахгүй ээ” гэдэг байгаа. Уг нь тэр хувилагч машин ажил­луу­лагчийн уг зорилго нь хувилж өгөх л баймаар. Гэтэл томыг нь хувилахгүй, жижгийг нь хувилдаг эрхтэй юм байна лээ. Дахиж л номын санд суух юм биш. Инээж ороод уурлаад гарах даг шүү.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж