Хятадын нефтийн компаниуд хилийн чанадыг сонирхох болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Хятадын нефтийн компаниуд хилийн чанадыг сонирхох болжээ

Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд дотооддоо өсөн нэмэгдэж байгаа газрын тосны хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахын тулд хилийн чанадад үйл ажиллагаагаа өргөжүүлэх ээлж дараатай алхмуудыг хийж байна. Энэ хүрээнд дэлхийн хоёр дахь том газрын тос боловсруулагч Хятадын “Синопек” компани эргэлтийн хөрөнгөө бүрдүүлж, зээлсэн өрөө төлөхийн тулд 7,8 тэрбум ам.доллартай дүйцэх хэмжээний бонд болон хөрвөх чадвартай бондыг арилжихаар болсон тухайгаа ням гаригт мэдэгджээ. Уг мэдэгдлийг тус компанийн цэвэр ашиг оны эхний хагаст 12 хувиар өссөн гэсэн мэдэгдэлтэй давхцуулан хийсэн байна.

Хятадын газрын тос, байгалийн хийн магнат “Петрочайна” компанийн цэвэр ашиг 2011 оны эхний хагаст ердөө нэг хувиар өссөн бөгөөд энэ үзүүлэлтийг бусад нефтийн компаниудтай харьцуулахад харьцангуй сул байна. Бээжин өнгөрсөн хавраас эхлэн шингэн болон дизель түлшний үнээ нэмсний зэрэгцээ Брент маркийн түүхий нефтийн үнэ нэг баррель нь 120 ам.долларт хүрсэн зэрэг шалтгаанууд нь “Петрочайна”, “Синопек” зэрэг компаниудын ашгийг бууруулахад хүргэжээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар Хятадын газрын тосны компаниуд үйлдвэрлэлийн баазаа сайжруулахын тулд хилийн чанад дахь үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх сонирхолтой байгаа аж. Эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг Хятад улс нь дэлхийн хоёр дахь том газрын тосны хэрэглэгч бөгөөд төрийн өмчийн газрын тосны компаниуд нь сүүлийн таван жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр гол тоглогчдын үүрэг гүйцэтгэж байна. 2011 он гарсаар Хятадын газрын тосны томоохон компаниудын хилийн чанадад хийсэн томоохон гэрээ хэлэлцээрүүдээс иш татвал Хятадын “Cnooc” компанийн Оклахомагийн “Чесапик” эрчим хүчний компанитай хийсэн 1,3 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ орж байгаа ба тус компани саяхан “Опти Канад” компанийг 2,1 тэрбум ам.доллараар худалдан авсан байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж