Байгалийн хийн асуудлаар чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.29-нд нийтлэгдсэн

Байгалийн хийн асуудлаар чуулж байна

“Зүүн хойд Азийн байгалийн хийн болон дамжуулах хоолойн форум”-ын 12 дахь удаагийн уулзалт өнөөдөр “Хаан палас”-т эхэллээ. Анх 1997 онд байгуулагдсан уг форумын гишүүн орноор БНСУ, Япон, Хятад, Монгол болон ОХУ багтдаг. Ирээдүйд өсөн нэмэгдэх байгалийн хийг Зүүн хойд Азид нийлүүлэх гол улс бол ОХУ. Тиймээс тус улсаас Зүүн хойд Азийн хэрэглэгчдэд байгалийн хийг хоолойгоор дамжуулах асуудлыг уг форум авч хэлэлцдэг.

Чуулга уулзалтад БНХАУ-ын Азийн байгалийн хий дамжуулах хоолойн хамтын ажиллагааны судалгааны хүрээлэн, ОХУ-ын холбооны улсын Азийн дамжуулах хоолойн судалгааны нийгэмлэг, БНСУ-ын Пан Азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн ассоциаци, Япон Улсын Зүүн хойд Азийн байгалийн хийн болон дамжуулах хоолойн нийгэмлэгийн удирдлагууд оролцож байна. Форумын ерөнхийлөгчийг жил бүр гишүүн орнуудын төлөөлөгчид ээлжлэн хариуцдаг бол энэ оны ерөнхийлөгч нь Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа ажиллаж байна. Тиймдээ ч энэ чухал цаг үед байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих сонирхлоо тавихаар чуулга уулзалтыг Улаанбаатарт ийнхүү зохион байгуулж байгаа ажээ.

Чуулга уулзалтад “Монгол Улсын эрчим хүчний бодлогын чиг хандлага”, “Монгол Улсад эрчим хүчийг тээвэрлэхэд тулгарч буй бэрхшээлүүд” болон “Монгол Улс олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаанаас хүлээж буй үр дагавар” зэрэг сэдвээр илтгэл тавих гэнэ. Форум маргааш хаалтаа хийх бөгөөд оролцогчид уриалга гаргах юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж