Нийслэл хичээлийн шинэ жилд бэлэн үү

Хуучирсан мэдээ: 2011.08.30-нд нийтлэгдсэн

Нийслэл хичээлийн шинэ жилд бэлэн үү

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор их, дээд сургуульд шинээр элсэн орж байгаа хүүхдээ сургуульд нь бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд ч гэсэн нийслэлийг олноороо  зорьж байгаа. Орон нутгаас хүүхдээ сургуульд оруулах гэж ирсэн иргэдийн олонхи нь хувийн унаагүй тул нийтийн тээврээр зорчдог. Нэгэнт ирсэн дээрээ хүүхдийнхээ хичээлийн хэрэглэл, байрных нь асуудлыг шийдэж өгөөд буцдаг. Тэгвэл улсын нийслэл Улаанбаатар хот иргэдээ хүлээн авахад хэр бэлэн байгаа юм бол.

Зам засварын ажил 60 хувьтай байна

Зуны турш хэсэгчилэн хааж засварласан зам засварын ажлын явцыг Нийслэлийн авто замын газрын Засвар ашиглалтын хэлтсийн ахлах инженер С.Түмэндэмбэрэлээс тодруулахад “Нийслэлийн зам засварын ажил 60 хувьтай үргэлжилж байна. Дарь-Эхэд 6.7 километр зам тавих ёстойгоос 4.2 километрыг нь тавьсан байгаа. Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүрнээс уруудаад ТЭЦ-3-ын хойгуур 1680 метр тойрог зам хийсэн. Дунд голын гүүрнээс ТЭЦ-3 хүртэлх замыг хаасан байгаа. Сонсголон, 22-ын товчооны чиглэлийн замыг өнөөдөр, өчигдөр  нээх ёстой. Гэхдээ одоогоор би нээсэн гэдэг мэдээлэл аваагүй байна.” гэсэн мэдээллийг өгсөн юм. Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гээд нийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж байхад зам засварын ажлын явц 60 хувьтай байна.


Нийтийн тээвэр хүрэлцээтэй байх нь

Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн олонхи нь оюутан, сурагчид байдаг. Хичээл сургууль цугласан ид ачааллын үед ний­тийн тээврийн хэрэгслийн тоо хүрэлц­дэггүй. Нийтийн тээврийн газраас зорчигчдын тоо нэмэгдэж байгаа зарим чиглэлд автобусны гаралтын тоог нэмэгдүүлсэн байна. Тухайлбал ОУБДС-Чулуун овоо-Жанжин клуб, Ган хийц-Зайсан, Зүүн салаа-Халдвартын эмнэлэг зэрэг чиглэлд тээврийн хэрэгс­лийн тоог нэмсэн аж Ер нь хотын захын хороолол руу үйлчилгээг улам ойр­туулж байгаа аж. Бэлхийн чиглэлд үйлчил­гээний замыг 2.2 километрээр сунгаж буудал зогсоолын тоог гур­ваар нэмэгдүүлэн СБД-ийн 20 дугаар хороо хүртэл автобус явдаг болгосон байна. Мөн шинэ зам тавьсан тул Хайлаастын чиглэлд маршрутыг 1.1 километр уртасгасан байна. Ийнхүү захын хороооллын чиглэлд 60 гаруй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэмээд байгаа аж. Ямартай ч нийтийн тээвэрт олон автобус үйлчлэх болсон нь сайн талтай ч зам засварын ажлыг бүрэн хийж дуусаагүй байгаа энэ үед том оврын автобусны тоог нэмсэнээр замын түгжрэл улам нэмэгдсээр байна. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Улаанбаатар хотын зам жирийн өдрийнхөөс хэд дахин ачаалал ихтэй байдаг тул замын түгжрэл ч гэсэн мөн хэмжээгээр нэмэгддэг. Тэгвэл энэ жилийн хувьд зам засварын ажил удааширч байгаатай холбоотойгоор замын түгжрэл нэмэгдэх нь ээ.

Хичээлийн хэрэглэлийн үнэ нэмэгдэв

Жил бүрийн намар хичээлийн хэрэглэлийн үнэ жирийн үетэй харьцуулахад өссөн байдаг. Жишээлбэл, энгийн үед 100-110 төгрөгөөр худалдаалдаг 12 хуудастай дэвтэрийг 130-150 төгрөгөөр, 1500-3000 төгрөгөөр худалдаалдаг фламастерыг 2500-5000 төгрөгөөр худалдаалж байна. Харин 24-96 хуудастай дэвтэр 250-950, бал 150-1500, цавуу 250-600, цүнх 8000-35000 төгрөгийн ханштай байна. Зөвхөн хичээлийн хэрэглэлийн үнэ нэмэгдсэн бус өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бас л нэмэгдсэн аж.

Оюутны дотуур байр оюутнаа хүлээн авахад бэлэн бус байна

Жил ирэх тусам сургалтын төлбөр нэмэгдэ­хийн хэрээр оюутны дотуур байрны төлбөр ч нэмэгдсээр байгаа. “Ямар ч байсан айлын хажуу өрөө эсвэл нэг өрөө байр түрээслэж сар бүр 150-350 мянган төгрөг төлснөөс  жилдээ  240-500 мянган төгрөг төлөөд оюутны дотуур байранд орчихвол” гэсэн хүмүүс оюутны байрнуудын гадаа дугаарлан зогсоно.  Өнгөрсөн хавар хажуу өрөө 80-130 мянган төгрөг байсан бол 150-180 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Харин оюутны дотуур байрны хувьд энэ жил 10-50 мянган төгрөгөөр үнэ нь нэмэгджээ.  Дашрамд сонирхуулахад,  МУИС-ийн Ху­дал­­даа үйлдвэрлэлийн дээд сургуу­лийн оюутны дотуур байр сургуу­лийнхаа оюутныг 250 мянган төг­рөгөөр, өөр сургуулийн оюутан 500 мянган төгрөгөөр оруулах аж. Харин Монгол Улсын Боловсролын Их сургуулийн  дотуур байр 220 мянга, Санхүү эдийн засгийн дээд  сургуулийн дотуур байр 350 мянга, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дотуур байр 310 мянга, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дотууур байр 300 мянган төгрөгийн төлбөртэй байгаа юм байна. Хэдхэн хоногийн дараа хичээл эхлэх гэж байхад оюутны дотуур байрны засвар дуусаагүй байна. Өчигдрийн байдлаар ихэнх оюутны байрны засвар дуусаагүй байсан юм. “Төлбөр төлөөгүй оюутныг оруулахгүй болохыг мэдэгдэж байна”  гэсэн бичиг хаалган дээрээ наасан атлаа хаагуур нь хүн орох юм бол гэмээр шавар шохойных нь ажил дуусаагүй хэвээр.

Сурагчдын дүрэмт хувцасны үнэ өсчээ

Хичээлийн хэрэглэлээс гадна намрын цагт сурагчдын дүрэмт хувцас эрэлттэй байдаг. Мөн л үнэ нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Энэ жилийн хувьд “Батзүү” ХХК-ийн хийсэн дүрэмт хувцасыг 22-28 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол “Amno” ХХК-ний дүрэмт хувцасыг 35-65 мянган төгрөгөөр худалдаалж байна. Өнгөрсөн жил дүрэмт хувцас  20-55 мянган төгрөгийн үнэтэй байсан аж. Ах­лах, дунд, бага ангийн хүүхдийн дүрэмт хувцасны үнэ харилцан адил­гүй байдаг бол хийж байгаа материалаас нь хамааран үнэ нь мөн л ялгаатай байгаа аж.

Нийслэл хот дуусаагүй замын ажил, үнэ нь нэмэгдсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, замын түгжрэл зэрэг олон асуудлаар хичээлийн шинэ жилийг угтах нь.

Д.МӨНХГЭРЭЛ

"Улс төрийн тойм"сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж