Сонгуулийн товыг зарлав

Хуучирсан мэдээ: 2011.08.31-нд нийтлэгдсэн

Сонгуулийн товыг зарлав

Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев парламентын сонгуулийн товыг зарлалаа. Ерөнхийлөгчийн гарын үсгээ зурсан наймдугаар сарын 29-ний зарлигаар Төрийн думын зургаа дахь удаагийн сонгуулийг 2011 оны арванхоёрдугаар сарын 4-нд явуулахаар болсон байна. Зарлиг гарын үсэг зурснаас хойш хүчин төгөлдөр болж байгаа бөгөөд ийнхүү Орост парламентын сонгуулийн кампани эхэллээ.

Энэ өдрөөс эхлэн намууд сурталчилгаагаа чөлөөтэй хийж болно. Тэд өмнө нь хэн нэгний төлөө санал өгөхийг уриалахгүйгээр сурталчилгааг явуулж байлаа.  Ийм маягаар “Правое дело-Зөв үйлс”, “Единая Россия-Нэгдмэл Орос”, ЛДПР-Либерал ардчилагчид, “Справедливая Россия-Шударга Орос” ба КПРФ-коммунистууд ажиллаж байв. Төрийн думын сонгуульд бүртгэлтэй долоо намаас гадна “Яблоко-Алим” ба “Патриоты России-Оросын эх орончид” мандатын төлөө өрсөлдөнө. Парламентад суудалгүй намууд сонгуульд оролцохын тулд 150 мянган дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж