МУИС-ийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

МУИС-ийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлсэнгүй

Өнөөдөр есдүгээр сарын 1. Сургуулийн босго алхаж буй зургаан настнууд, их, дээд сургуулийн ширээнд дээд боловсрол эзэмших ирээдүйн том зорилго өвөртөлсөн нэгдүгээр курсын оюутнууд, найз нөхдөө санасан охид хөвгүүдийн хүсэн хүлээсэн өдөр. Тэд энэ өдөр хамгийн гоё хувцсаа өмсч, сэтгэл дүүрэн сургуульдаа ирдэг. Үүднээсээ эхлээд хоймор хүртлээ засч, өнгө нэмсэн сургуулийн анги танхим энэ л өдөр тэдний өмнө үүд хаалгаа цэлийтэл нээж, эрдмийн их өргөөний эздээ угтах учиртай. Харин Монголдоо хамгийн шилдэг гэгдэх Монгол Улсын Их Сургуулийн зарим тэнхмийн хичээл есдүгээр сарын 1-нд эхэлсэнгүй. Учир нь тус сургуулийн хоёрдугаар байрны засвар хичээлийн шинэ жилийн эхний өдөр болоход бүрэн дуусаагүй байна. Гадна фасадаа цагаан хүрэн, шаргал өнгөөр шохойдож, өнгө зассан ч хаалгаар ороход шороо тоос бужигнаж, хана өрөмдөх дуу чихний хэнгэрэг цоолох шахав. Юун шинэ хичээлийн жилийн анхны хонхны жингэнээн. Шинэ, хуучин оюутнууд  нааш цааш хөлхөлдөж, барилгын ажил үргэлжилсээр. Энд тэнд овоолсон элс, шавар шохой, будаг, цахилгааны утас, плита энд тэндгүй хөлд тээглэнэ. Улсдаа ганц Монгол Улсын их сургууль оюутнуудаа угтсан энэ дүр төрх хэн хүний нүдэнд даанч нэг таалагдсангүй…

Хоёрдугаар давхарт нь гарлаа. Оюутнуудын дугаарлан зогссон хаалганы дөнгөж цаахна цахилгааны утсыг сольж, оюутнууд эгнэн суусан дугуй танхимын урдуур үйлчлэгч бүсгүй тоос татуулан хогоо шүүрдэнэ. Дараагийн давхарт гарвал хонгилд эгнэн суух оюутнуудын хажууд хуруу зузаан тоостой ширээ сандал эгнүүлэн тавьсан харагдана.

Дөрвөн давхар өндөр энэ барилгын гурван давхар нь бүхэлдээ их засварт орсон нь сайшаалтай ч засварын ажил дэндүү оройтож эхэлсэн бололтой. Шинэ хичээлийн жилийн эхний өдрөө иймэрхүү дүр зурагтай угтсан оюутнууд сургууль руугаа орохоос залхсан шинжтэй гадуур нарлана. Зарим нэг нь pub, cafe орж, ганц хоёр шил шар айраг эргүүлэх тухай ярилцаж  байв. Есдүгээр сарын 1-нийг хог новш болсон хичээлийн байранд угтсан оюутнуудын сэтгэгдэл сайхан байсангүй. МУИС-ийн хоёрдугаар байранд хичээллэдэг Биологийн сургуулийн  гуравдугаар курсын гурван оюутнаас сэтгэгдлийг нь сонсоход, “Хичээл эхэлж байхад засвар нь  дөнгөж эхэлнэ гэдэг ямар сайхан байх вэ. Ер нь жилийн жилд манай сургууль бараг л засвар хийдэггүй. Хэдийгээр засвараа оройтуулсан нь хүндрэлтэй ч засвар хийж байгаад нь баярлаад явж байна. Энэ сардаа дуусчих байлгүй дээ” гэсэн юм. Харин тус сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд элсэн орж буй, Архангай аймгийн оюутантай уулзахад, “Хөдөө, орон нутагт МУИС гэхээр их нэр хүндтэй. Ер нь хамгийн сайн сурлагатай хүүхдүүд л энэ сургуулийн хуваарийг авч элсдэг шүү дээ. Сургалтын чанар, сурах орчин гээд бүхий л зүйл нь бусдаас шилдэг гэж боддог. Харин манай сургууль арай л муухай байдалтай оюутнуудаа хүлээж авлаа. Хэзээ энэ их засвар нь дуусахыг мэдэхгүй байна” гэв. Зөрөн өнгөрөх оюутнууд “Засвараа эртхэн хийж болдоггүй юм байх даа. Ямар хэцүү юм бэ” гэх нь дуулдав. Энэ яриа МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд сурдаг оюутан бүрийн амнаас унах биз. Засварын ажил ямар шалтгаанаар, яагаад оройтсон талаар удирдлагуудаас нь тодруулахаар явах замдаа нэгэн багштай таарлаа. Түүнээс сургуулийн засварыг хэн хариуцаж байгаа талаар лавлахад, нэлээд бухимдангуй байдалтай “Би энэ сургуульд олон жил багшилж  байна. Түүхэндээ анх  удаа л ийм  байдлаар есдүгээр сарын 1-нийг угтаж  байгаа сургууль харж байна” гэж халаглав.

Харин сургуулийн байранд засвар хийж буй барилгын компанийн ажилтнаас засвар хэзээ эхэлсэн, хэдийд дуусах талаар асуувал, “Манайх долоон хүнтэй бригад байгаа юм. Энэ сургуулийн нэг давхрын хана таазыг шохойдож, будах ажлыг хийж байна. Бид долоо хоногийн өмнөөс ажлаа эхэлсэн. Ирэх даваа гариг гэхэд өөрсдийн хариуцсан ажлаа дуусгах төлөвлөгөөтэй байна” гэв. Тус сургуулийн ерөнхий засвар ажлыг “Боловсрол Софт” гэх компани хариуцаж байгаа аж. Тус компанийн удирдлагаас хариуцсан хүн нь байсангүй. Харин МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын дэд захирал Б.Даваасүрэнгээс засварын ажил  хугацаанаасаа хоцорсон шалтгааныг лавласан юм. Түүний хэлснээр МУИС-ийн байруудаас их засвар нэн тэргүүнд хийх шаардлагатай нь хичээлийн хоёрдугаар байр. Сүүлд ашиглалтад орсон МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн байрнаас  бусад  байрны сургалтын орчин, материаллаг бааз хуучирч муудсан, засвар хийх шаардлагатай гэдгийг удирдлагууд нь хүлээн зөвшөөрч байлаа.

Энэ жил улсын төсөв, Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт буюу 300 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр тус сургуулийн хоёрдугаар байранд их засвар хийхээр болжээ. Их засварын ажилд МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны гаднах хана, фасадыг бүрэн өнгөлөх, хуучин модон цонхыг вакум цонхоор солих, бүх давхруудын ханыг шохойдох, будаж нэгэн жигд стандарттай болгох, шалны хулдаасыг иж бүрэн солих, ариун цэврийн өрөөг системээр нь солих гэсэн үндсэн ажил хийгдэх учиртай гэнэ.

Тус сургуулийн албаны хүмүүс “оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр засвар хийх ямар ч боломжгүй. Их засвар хийх хөрөнгө тэр болгон төсөвт суудаггүй” гэх зовлон тоочно. Энэ жилийн засварын ажил оройтсон нь улсын төсвийн санхүүжилт оройтсон, тендер шалгаруулах ажлын зохион байгуулалттай холбоотой гэнэ. Тиймээс ч өнөөдрийн хүндрэл үүсээд байгаа гэх. Сургуулийн зүгээс засвар хийх шаардлагатай хэсэг, зураг зэргээ өнгөрөгч зургадугаар сард бэлэн болгожээ. Харин зургадугаар сарын сүүлээр шаардлагуудыг хүлээж аваад, долдугаар сараас тендерийн асуудал яригдаж эхэлсэн байна. Энэ талаар МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын дэд захирал Б.Даваасүрэн “Тендер зарлаад нэг сар, зарласны дараа шалгаруулалт болно гээд 21 хоногоос нэг сарын хугацаа алдаж байгаа юм. Ингэхээр наймдугаар сарын сүүлээр ажил эхэлж таарах болж байна. Бид нэлээд шахаж байж засварын ажлыг наймдугаар сарын 10-наас эхлүүлэхээр болсон. Гэтэл бас компаниудтайгаа гэрээ байгуулах гээд ерөнхийдөө 15-наас засвар эхэлсэн гэж хэлж болно. Энэ сарын 20 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэх хариулт өглөө.

Засварын ажлаас болоод анги танхим хүрэлцэхгүй байх, хичээл явуулахад саад болох зэрэг хүндрэлүүд гарна. Тиймээс сургуулийн барилгын нэгдүгээр давхрын ажлыг эхний ээлжинд  дуусгахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг албаныхан хэлж байв.

Ямартай ч энэ удаад МУИС-ийн хоёрдугаар байрны 4000 оюутан энэ сарын 20 хүртэл тоос бужигнаж, будаг ханхалсан хичээлийн байранд байх нь. Дотроо МУИС-ийн харьяа 4-5 сургуулийн 3500-4000 оюутан суралцдаг томоохон сургуулийн хичээлийн байрны дүр зураг нэг иймэрхүү. Энд суралцаж буй оюутнуудаас гадна өөр бусад сургуулийн 1000-1500 оюутан тус сургуулийн номын сангаар үйлчлүүлдэг гээд бодохоор өдөр бүр энд 5000 оюутан ирээдүйн чадварлаг, оюунлаг боловсон хүчин болохоор хөлхөж байна. Ер нь ганц МУИС гэлтгүй бусад их, дээд сургуулиуд ч жилээс жилд сургалтын төлбөрөө нэмдэг хэрнээ сургалтын програм, сурах орчиндоо анхаарч байгаа нь маруухан. Улсын нэрийг барьсан том гуншинтай хэрнээ үнэн хэрэг дээрээ ийм л байна. Тендер гэх ээдрээтэй, адармаатай, удаашралтай зүйл байдаг бололтой. Хаана засварын ажил цагтаа хийгдэхгүй байна тэр бүхэнд тендер “буруутай”. Тэгэхээр хамаг юмны буруутан болоод байгаа тендер гэгчийг хоёрдугаар сард зарлаад, дөрөвдүгээр сард шалгаруулаад, тав, зургадугаар сараас засварын ажлаа эхлүүлбэл яасан юм бэ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж