ЖДҮ, аж ахуйн нэгжүүдийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

ЖДҮ, аж ахуйн нэгжүүдийг бүртгэнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг ирэх аравдугаар сарын 1-нээс бүртгэх гэж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг УБЕГ-т, орон нутгийнхыг аймгуудын Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэхээр болжээ. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар баримталж буй бодлогын хүрээнд уг бүртгэлийг хийх юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд бүртгүүлэхээр ирэхдээ контракт, хөдөлмөрийн гэрээтэй ажилчдынхаа тоо, жилийн борлуулалтын орлогоо мэдэж байх ёстой бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ, ажилчдаа нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж 2200 төгрөг төлсөн баримт, аудитын байгууллагаар баталгаажуулсан өмнөх жилийн санхүүгийн болон татварын тайлан балансаа авч очих шаардлагатай юм байна. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгжийг уг бүртгэлд хамруулна.  Харин тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа явуулдаг, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ эрхэлдэг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулдаг бол жижиг, дунд үйлдвэрт тооцохгүй юм байна. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан компани, нөхөрлөл, хоршоог мөн жижиг, дунд үйлдвэрлэгчийн бүртгэлээс хасах аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж