Онигоо: Монголд олимп болно

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Онигоо: Монголд олимп болно

Монголын спортын хөгжил дэлхийн хэмжээнд хүрлээ. Олимп, паралимп, дэлхийн аварга гээд томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцон, авч болох бүхий л медалиа хүртэж чадлаа. Харин ийнхүү эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, төрийн далбаагаа харийн тэнгэрт мандуулж буй тамирчдад бэлтгэл, сургуулилтаа бүрэн хангах, дэлхийн стандартад нийцсэн заал танхим үгүйлэгдсээр удлаа. Одоо тэр тухай мөрөөдөхөө ч байжээ. Спортын томоохон уралдаан тэмцээн эх орондоо зохион байгуулж, нутагтаа гайхуулах спортын ордон дутагдсаар л. Монгол улсын шигшээ багийн тамирчид дэлхийн аваргын бэлтгэлээ хангадаг вэ. Байтынхан нь гадаа хогийн ургамлын дүүрсэн  хашаанд бэлтгэлээ базаадаг. Чөлөөтийнхөн нь жижигхэн умгар өрөөнд ноцолдож, ноцолдож хөлстэй чигээрээ өвлийн хүйтэнд гараад гүйх нь энүүхэнд. Бусад нь ч дээрдэх зүйлгүй.

Улсын маань спортын томоохон барилга байгууламжийг тоолоод хуруу дараад үзье л дээ. Спортын ордон, Буянт-Ухаа спорт цогцолбор, Бөхийн өргөө, Хөлбөмбөгийн талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн юм. Ингээд гүйцээ. Гарын таван хуруунаас хэтэрсэнгүй. Иймэрхүү төрийнх, хувийнх нь мэдэгдэхгүй хэдэн байгууламж бий. Гэсэн ч эдгээр барилга байгууламжууд нь спортын уралдаан тэмцээн явуулахад хэтэрхий хуучирчээ. Эдгээр байгууламжийн аль нь ч ялгаагүй агааржуулалтын систем байхгүй, адаглаад тамирчид уралдаан тэмцээний дараа орчихмоор шүршүүр, саун байхгүй. Хамгийн сүүлд ашиглалтанд орсон спорт цогцолборт ч шүршүүр байхгүй гээд төсөөл дөө.

Тэгвэл Жүдо бөхийн ДАШТ-нд спортын ордонд жил бүр зохион байгуулагддаг. Анхны тэмцээн болоход гадаадын тамирчид, дасгалжуулагчид бүгд сэвүүр сураглаад зохион байгуулагчдыг баахан сандаргасан. Агааржуулагч огт байхгүйгээс олон хүний эвгүй үнэрт удаан тэсч чадахгүй “Энэ агаар, тоос тамирчдын амжилтад маш сөргөөр нөлөөлж байна” гэж гомдоллосон жишээ хүртэл бий. 

Нөгөөтэйгүүр Буянт-Ухаа дахь спорт цогцолборыг стандартад бүрэн нийцсэн том сайхан спортын ордон бариуллаа гээд магтаад байгаа. Гэтэл энэ байгууламж ч олон учир дутагдалтай аж. Халуун ус, саун байхгүй атлаа маш олон ариун цэврийн өрөөтэй. Манай урд хөршийн буцалтгүй тусламжаар барьсан болоод тэр үү манай улсад тохирох тал дээр ч асуудалтай. Хэтэрхий өндөр таазтайгаас өвөл уралдаан, тэмцээн зохион байгуулахад уур нь таазандаа хөлдөж, мөстөөд хавар дулаарахад хайлж урсах жишээтэй. Урд хөршүүд барихдаа олон зуун хүн бие засна гэж тооцсон уу, бүү мэд. “00”-ийн өрөөг харин хангалттай хийж өгсөн юм билээ. Манайхан яахав “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэдэг шиг сайн сайхныг нь шагшаад л хүлээгээд авчихсан. Монголын 2,7 сая иргэнийг сар бүр 21 мянган төгрөгөөр тэжээдэг хэрнээ  ганц сайхан спортын ордон барьчих хөрөнгө төрд байдаггүй бололтой юм. Мэргэжлийн хяналтын газраас Спортын ордонг ашиглах боломжгүй, чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй шалтгаанаар актлах шийдвэр гаргасан ч өнөөг хүртэл үүд хаалга нь нээлттэй хэвээрэй л байна. Гэвч өөр тэмцээн уралдаан болох газаргүй хойно нурж унатал нь явагдсаар байхаас аргагүй.Жигшээ багийнхан маань ч дүүрч. Олон улсын тамирчид дотор нь битгий дарагдаад сүйд болчихоосой л гэж залбимаар ч юм шиг. 

Бяруу болоогүй бухын баадлаар гэгчээр иймээ мэдэхгүй бид их томыг мөрөөдөх аж. Арван мянган хүн багтчих цогцолборгүй байж 2040 оны олимпыг зохион байгуулах хүсэлт гаргаж байна. Уг нь спортын заал танхим, тамирчдын зочид буудал, “Олимп хотхон” гээд бөөн спортын ордон барих юм гэсэн. Тэрийг хүлээвэл 2040 оны олимп өнгөрчихнө биз. Хамгийн ойрын ганц жишээ дурьдахад, өнгөрсөн жилийн наймдугаар сарын 20-нд Төв цэнгэлдэхийн баруун талд “Нийслэлийн спорт цогцолбор”-ын шавыг тавьж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй хүмүүс “1000 хүний суудалтай спортын заалны шав тавих ёслол болж, улсын төсвийн 2,5 тэрбум хөрөнгө оруулалтаар 2010-2011 оны хооронд барьж дуусгана. Цаашлаад усан бассейн бүхий иж бүрэн цогцолбор болно. Гүйцэтгэгчээр “Үүрэг Трейд” компани шалгарлаа. Дараа жил миний зогсож буй энэ газар спортын ордон сүндэрлэж байх нь ээ” гээд л яриад байсан. Тэгвэл 2011 он дуусахад ердөө гуравхан сарын хугацаа үлдлээ. Нөгөө спорт заал барих газраа очоод зогсоод үзээрэй. Сүндэрлэж үү, яаж. Магадгүй үлгэрт гардаг шиг тэнэг хүнд харагдахгүй юм хийчихэв үү?

Б.Ойнбилэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж