Болт тэргүүтнүүд дэлхийн рекордыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Болт тэргүүтнүүд дэлхийн рекордыг шинэчиллээ

Дэлхийн хамгийн хурдан хүн гэх албан бус тодотголтой Усаин Болт Өмнөд Солонгосын Дэгү хотноо болсон хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр алтан медальтай үдлээ.

Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-нд үргэлжилсэн дэлхийн аваргын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд бүдэрсэн ч бямба гаригт болсон 200 метрийн уралдаанд тэргүүлж, улмаар өчигдөр 4х100 метрийн буухиа уралдаанд багийн нөхдийн хамт аваргалсан байна. Энэ төрөлд Ямайкийн спринтерүүд 37,04 секундын амжилт үзүүлж, Бээжингийн олимпийн үеэр өөрсдийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн юм. Неста Картер, Майкл Фрейтер, 100 метрийн гүйлтийн дэлхийн аварга Йохан Блейк болон Болт нарын дөрвөл шигшээ багаа төлөөлсөн бөгөөд Болт буухиаг төгсгөсөн. Энэ төрөлд Францын тамирчид мөнгөн медаль хүртэж, хэний ч төсөөлөөгүй байсан Сент Китс ба Невис гэх Кариббийн тэнгисийн арлын жижиг орны тамирчид хүрэл медалийн эзэд болсон юм. Шигшээ уралдааны үеэр АНУ-ын багийн буухиаг үргэлжлүүлсэн гурав дахь тамирчин болох Дарвис Пэттон Их Британийн тамирчинтай мөргөлдөж, унаснаар тус хоёр баг хоёул өрсөлдөөнөөс хасагдсан.

Харин эмэгтэйчүүдийн 4х100 метрийн буухиа уралдаанд АНУ-ын эмэгтэйчүүд тэргүүлж, Ямайкийн тамирчид мөнгөн медаль хүртсэн. Харин хүрэл медалийн тавцанд Украйны тамирчид гарчээ.

Өчигдөр болсон бас нэгэн гэнэтийн үйл явдал эрэгтэйчүүдийн гурвалсан харайлтын тэмцээний үеэр болсон. Америкийн залуу тамирчин Кристиан Тейлор 17,96 метрийн уртад харайснаар бүх цаг үеийн түүхэнд дөрөвт бичигдэхүйц амжилт гаргаж, өмнөх дэлхийн аваргыг ардаа орхисон. Өдгөө 21 настай тэрбээр дөрөв дэх харайлтаараа дээрх амжилтыг үзүүлж, түрүүлсэн бол Британийн тамирчин Филипс Идову 17,77 метрийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин АНУ-ын Уилл Клей хүрэл медалийн эзэн болжээ.

Мөн тэмцээний сүүлийн өдөр болсон эрэгтэйчүүдийн 5000 метрийн уралдаанд Британийн тамирчин Мо Фара алт, АНУ-ын Бернанд Лагат мөнгө, Этиопын Дэен Гебремескел хүрэл медаль хүртсэн байна.

Харин эмэгтэйчүүдийн 800 метрийн уралдаанд ОХУ-ын Мария Савинова нэг минут, 55,87 секундын амжилтаар тэргүүлсэн бол өмнөх дэлхийн аварга, Өмнөд Африкийн тамирчин Кастер Семенья мөнгө, Кенийн тамирчин Жанет Жепкосгей хүрэл медалийн эзэн болжээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр мөн эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болсон байгаа. Үүнд Кенийн Абель Кируи тэргүүлж, түүний нутаг нэгт Винсент Кипруто мөнгө, Этиопын Фейиса Лилеса хүрэл медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн марафонд өрсөлдсөн Монголын марафонч Б.Сэр-Одын тухайд 2:16:41 цагийн амжилтаар 20 дугаар байрт шалгарч, өмнөх дэлхийн аваргын амжилтуудаа ахиулсан билээ.

Ийнхүү спортын ертөнцийн энэ оны хамгийн том үйл явдал гэгдэж байсан хөнгөн атлетикийн ДАШТ Өмнөд Солонгосын Дэгү хотноо ес хоногийн турш үргэлжилж, өндөрлөлөө. АНУ-ын баг тамирчид дэлхийн аваргаас нийт 12 алтан медальтай медалийн хүснэгтийг тэргүүлсэн бол ОХУ-ын хөнгөн атлетикчид есөн алт, харин Кенийн тамирчинд долоон алттай удаалсан байна.

Дараагийн буюу 14 дэх удаагийн ДАШТ 2013 оны наймдугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэхэд болно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж