Европын холбоонд ”бөмбөг тэсрэх нь”

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Европын холбоонд ”бөмбөг тэсрэх нь”

Германы Сангийн сайд Вольфганг Шойбле "2009 оноос мөрдөж байгаа Европын холбооны үндсэн хууль болох "Лиссабоны гэрээ"-г яаралтай өөрчлөх хэрэгтэй" гэж мэдэгдлээ.
 Германы хэвлэлээс иш татан Франс пресс агентлаг энэ талаар мэдээлсэн байна. Түүний үзэж байгаагаар, Брюссель дахь Европын холбооны удирдлага эдийн засаг, банк санхүүгийн асуудалд одоо байгаагаасаа илүү их эрх мэдэлтэй болох шаардлагатай гэнэ.

"Лиссабоны гэрээ"-нд буй нэг бус "хэвийн биш" заалтуудыг өөрчлөх нь Европын холбоог цаашид авч үлдэхэд тустай ажээ. Эдийн засгийн асуудалд үзүүлэх хариу үйлдэл нь удаан байгаагаас болж маш их алдагдал хүлээж байгаа учир Холбоонд нэгдсэн орнууд шийдвэрээ маш богино хугацаанд нэгтгэх шаардлагатай, үүний тулд Европын холбооны төлөөлөгчдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зайлшгүй хийх ёстой зүйл гэж тэрбээр үзсэн байна.
 2009 онд хүчин төгөлдөр болсон "Лиссабоны гэрээ"-нд хоёр жил хагасын хугацаагаар сонгогддог ЕХ-ны байнгын даргын /ЕХ-ны Ерөнхийлөгч/ албан тушаал бий болгосон бөгөөд ЕХ-ны улсуудын хагас жилээр солигддог даргалах журмыг өөрчлөөгүй ч, одоо дарга орнууд тус холбооны гагцхүү дотоод асуудлыг эрхлэх заалт оруулж байсан юм.
 ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч нь Европын комиссын орлогч дарга болж, түүний бүрэн эрх нэлээд өргөжих бөгөөд гадаад бодлогын албыг өөрийн мэдэлд бүрэн авч байлаа. Энэ үүргийг өдгөө Ирландын Кэтрин Эштон гүйцэтгэж байгаа билээ.
 Яг одоогийн байддаар Европын холбооны 27 орны ихэнх нь санхүүгийн хүндрэлд ороод байгаа бөгөөд гишүүнчлэлийн татварыг хэт их гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байна. Хэрвээ эдгээр орнуудын эдийн засагт асуудал гарвал хамгийн түрүүнд Германд нөлөөлөх юм.
 "Лиссабоны гэрээ"-нд Холбоонд багтаж буй ямар ч улс хүсвэл гишүүнчлэлээ цуцалж болно гэж заасан байдаг. Тиймээс Герман тэргүүтэй донор улсууд бусдын аргагүй байдлыг ашиглаж эрх мэдлийг гартаа оруулах гэж байна гэсэн хардлага жижиг орнуудын зүгээс гарч байна. Асуудал шийдэх журмыг одоо мөрдөгдөж буй Лиссабоны гэрээнд "Европын нийт хүн амын 65 хувийг төлөөлсөн орнуудын 55 хувь нь санал өгвөл" гэж заасан байдаг юм.

Эх сурвалж: Монголын мэдээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж