Талийгаач Д.Энхбатын талаар баримтууд олдсоор байна

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Талийгаач Д.Энхбатын талаар баримтууд олдсоор байна

ТАЛИЙГААЧ Д.ЭНХБАТ ЭРҮҮДЭН ТАМЛУУЛСНААС БОЛЖ АМИА АЛДААГҮЙГ НОТЛОХ БАРИМТУУД ОЛДСООР БАЙНА

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хур­цад холбогдох шүүх хурлын эцсийн хуралдааны дүнд түү­нийг Германы талд хүлээлгэн өгөөд байгаа. Энэ хэргийн та­лаарх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа тасралтгүй үргэл­жилж, хамгийн сүүлийн мэ­дээл­лээр, “Өдрийн шуудан” со­нинд бичсэнчлэн Д.Энхбат агсны дүү Д.Баяраа Б.Хурцын эсрэг мэдүүлэг өгөхөөр Герман улсыг зорьсон бололтой. Энэ талаар шинэ мэдээлэл хайж байх үед нэгэн сонирхолтой баримт олдсон юм. Юу гэвэл энэ оны нэгдүгээр сарын 26-нд Нийслэлийн прокурорын газраас Хүний эрхийн үндэс­ний комиссын гишүүн П.Оюун­чимэгт зарим мэдээллийг шал­га­сан тухайгаа албан бичгээр мэдээлсэн байна.

Үүнд “Д.Энхбатын дүү Д.Баяраа 10 хоног ярих чад­варгүй болжээ” гэ­сэн гар­чигтай ярилцлага “Өнөө­дөр” сонины 2010 оны арван­нэг­дүгээр сарын 8-ны дугаарт гар­сан. Үүний мөрөөр мэ­дээл­лийг шалгуулахаар Нийс­лэлийн прокурорын газраас өг­сөн үүргийн дагуу Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх тасгийн ах­лах мөрдөн байцаагч шал­гаад эрүүгийн хэрэг үүс­гэхээс татгалзах санал гар­гаж ирүүлсэн байна. Уг материалыг 2010 оны арван­нэгдүгээр сарын 24-нд хүлээн авч хянахад дараах нөхцөл байдлууд тогтоогджээ. Дами­рангийн Баяраа нь 2010 оны арваннэгдүгээр сарын 1-нд Клиникийн хоёрдугаар эм­нэл­гийн дотрын тасагт элэг­­ний архаг С вирусын га­­рал­тай үрэвсэл, элэгний ха­­туурал, архаг дутагдал өвч­ний оноштойгоор хэвтэж эмч­лүүлсэн аж. Өвчтөний түүхийг нээж үзлэг хийхэд баруун бу­галга, мөр, ар нурууны хэс­гээр гүн хөхрөлттэй, өөр хөхрөлтгүй байсныг эмчлэгч эмч батлан хэлсэн байна. Мөн түүнтэй адил элэгний өвчтэй хүмүүсийн цусны бүлэгнэлт мууд­­даг. Бусад хүнийг бод­вол аливаа хүнсний бүтээг­дэхүүнээс амархан хорддог, судасны нэвчимтгий чанар ихэссэн, бүлэгнэлт багатай үед гадны биеттэй шүргэлцэх, унах, биеийн хэсгээс хүчтэй базах, тариа хийх зэрэгт тэр орчмын газарт хөхрөлт үүсдэг онцлогтойг мөн дурьджээ.

Түүнчлэн Д.Баяраа анхны үзлэг эмчилгээ хийлгэж байхдаа эмчдээ “Спрайт” ундаа ууснаас болж хорд­лоо” гэж хэлсэн байдаг юм байна. Үүний дараа уг асуудлаар тайлбар авахыг хүсэхэд тайлбар өгөхөөс тат­галзаж, “Цагдаагийн газраас ал­бан бичиг өгвөл мэдүүлэг өгье” гэжээ. Тиймээс тайлбар авахгүйгээр ярил­цахад “2010 оны аравдугаар сарын 25-ны орой хэрэг явдал гарсан. Талийгаач ах Д.Энхбаттай холбоотойгоор хү­мүүс надад халдсан. Цаг нь болохоор холбогдох баримтыг гаргаж өгнө. Одоо үзүүлэхгүй” гэсэн байх юм. Харин Д.Баяраагийн амьдардаг байрны харуул, СӨХ-ны захирал нар тийм явдал болоогүйг батлан хэлжээ. Ингээд хохирогч байж болзошгүй Д.Баяраа нь мөрдөн байцаагчид тайлбар өгөхөөс татгалзсан тул шүүх эмнэлэгт үзүүлж, хордсон эсэхийг тогтоох, бусад ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болжээ. Улмаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэж үзээд прокурорын  2010 оны арванхоёрдугаар сарын 7-ны 111 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна. Ийм бичиг ч илгээсэн байх юм. Харин эдүгээ “Д.Баяраа Германд Б.Хурцын эсрэг мэдүүлэг өгөхөөр очоод байгаа” гэх мэдээлэл хэвлэлд гарчихаад байна. Цаад утга нь “Ахыг нь үхэлд хүргэсэн гол эзэн нь Б.Хурц” гэж үздэг хэвээрээ бололтой. Хэдийгээр Б.Хурц Д.Энхбат агс­ныг Монголд авчирсан нь үнэн бо­ловч яах аргагүй хоёр хөл дээрээ зогсдог, эсэн мэнд хүн хүлээлгэн өгсөн байдгийг нотлох баримтууд ба­талдаг юм. Өнөөдөр Б.Хурцын ч, Д.Энхбатын ч ар гэрийнхэн хүнд байдалд байгаа. Хэн хэн нь “Энэ хэргийн үнэн мөнийг олоосой” гэж, бас битүүхэндээ ямар тавилангаар хол­богдсондоо гомдолтой ч явдаг биз ээ.

Дашрамд дурьдахад, Дамиран­гийн Энхбат гэж хэн бэ гэдгийг урьд нь хэвлэлээр хангалттай мэдээлсэн бай­даг. Товчхондоо, 1961 онд Улаан­баатарт төрсөн. Эхнэртэйгээ дунд сур­гуульд хамт суралцаж байгаад 1987 онд гэр бүл болсон. Тэд хоёр хүүтэй болоод 1993 онд салсан. Эдүгээ эхнэр нь хоёр хүүгийн хамт Берлин хотод амьдардаг. Тэд бүгдээрээ Герман улсын иргэн болжээ.

Д.Энхбат 16 настайгаасаа гэмт хэрэгт холбогдож эхэлсэн бө­гөөд 1977-2004 онд нийт 47 жил зур­гаан сарыг шүүхээс сонссоноос 16 жи­лийн ялыг биеэр эдэлсэн гэх харамсалтай түүх буй. Түүний үйлд­сэн гэмт хэргийн зүйл анги, шүүхээс ногдуулсан шийтгэлийг харж бай­хад 1977, 1978, 1979 онд “зодож тарч­лаасан”, “танхайрсан”, давтан бүлэглэж хулгай хийсэн”, “хорих газ­раас бүлэглэн оргосон” гэсэн тайл­барууд хөвөрчээ.

Харин 1982 онд “Хутга мэс ашиг­лан, бусдын биед санаатай гэмтэл давтан учруулсан”, 1992 онд “Улс нийтийн эд хөрөнгийг хулгайлж, ашиглан шамшигдуулсан”, “Хууль бусаар хил зөрчсөн, тэр ч байтугай “Үүргээ гүйцэтгэж явсан засгийн төлөөлөгчийг эсэргүүцсэн”, “Тээв­рийн хэрэгсэл авч зугтаасан” зэрэг дөр­вөн зүйл ангиар 14 жилийн ял шийтгүүлсэн байх юм. Үүнээс дөрвөн жилийн ялыг биеэр эдлээд 1996 онд өвчний учир ялыг хойш­луулах шийдвэрээр суллагдсан бай­на. Дараа нь 1998 онд “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, ашиг­лан шамшигдуулсан хэргийг дав­тан үйлдэж , “Хорих ял эдлэхээс зайлсхийх, “Баримт бичиг, тамга тэм­дэг, хэвлэмэл маягт хуурамчаар үйл­дэх, бэлтгэх, борлуулах, ашиглах” гэмт хэрэг үйлдэн 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч 1998 онд эмнэлгийн магадлагааг хуурамчаар гаргуулж, шоронгоос суллагдсан гэсэн түүх байдаг ажээ. Мөн албан ёсны зарим баримтад “Эрүүл мэндийн шалтгаанаар ял хойшлуулсан”  хэ­мээн бичсэн байх юм. Яг энэ үеэс л талийгаачийн биеийн байдал хүн­дэрч, хатуу тавилантай өвчнийх нь эхний шинж тэмдгүүд илэрч эхэл­сэн байдаг. Тухайлбал, элэг нь хатуурч, устан амьсгал бачууран ярьж чадахгүйд хүрээд байсныг гэрч­лэх хүн цөөнгүй байдаг. Тэгэ­хээр Д.Энхбат агсан Б.Хурцаар хүр­гүүлж ирээд тамлагдсандаа бус хүнд өвчнөөсөө болж амиа алдсан болов уу. Үүнийг батлах баримт, холбогдох акт ч хангалттай бий. Түүнчлэн тангараг өргөсөн эмч нар өвчтөнийг ялтан уу, хэн бэ гэдгийг ялгалгүйгээр амь насыг нь аврах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ч чадах бүхнээс хийсэн байдаг билээ.

Энэ талаар эрэл хайгуул хийх явцад Хорих ангийн нэгдсэн эмнэлэгт түүнийг эмчилж байсан мэс заслын эмч Т.Даваатай хэдэн хоором ярилцах боломж олдсон юм.

-Та Дамирангийн Энхбат агс­ныг 2003 оны зургаадугаар са­рын эхээр ирэхэд анх үзэж, хүлээж авсан эмч мөн үү. Тэрбээр эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ биеийн байдал нь ямар байв. Түүнийг “Эрүүдэн зодож тарчлаасан” гэж ярьдаг. Тэгж үзэхээр хэмжээний ил шарх сор­витой ирсэн эсэхийг батлах цөөн хүний нэг нь та болоод байна л даа?

-Намайг Түдэвийн Даваа гэдэг. Би 2001-2009 онд Хорих ангийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан. Талийгаач Д.Энхбат манай эмнэлэгт эхлээд ирэхэд анхны үзлэг хийж, хүлээж авсан эмч нь би биш.  Тунгалаг гэдэг эмч анх үзлэг хийж хүлээн авсан. Тэрбээр одоо ч Хорих ангийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа. Д.Энхбат манай эмнэлэгт 2003 оны зургаадугаар сарын 3-23-ны өдрүүдэд хэвтэж эмчлүүлсэн. Тэгэхэд би мэс заслын эмчийн хувьд үзлэг, эмчилгээ хийж байсан нь үнэн. Эмчлүүлэхээр ирэх үед гадны нөлөөллөөр үүссэн, задарсан ил гэмтэл, шарх, сорвигүй байсан. Эмнэлэгт хүргэгдэн ирэх болсон шалтгаан нь шулуун гэдэс­нээс нь цус гараад байсан учраас хэвтэж эмч­лүүлэх шаардлагатай болсон юм билээ. Гэхдээ бид хагалгаа хий­гээгүй.

-Яагаад хагалгаа хийгээгүй юм бэ?

-Яагаад гэвэл, элэгний хатууралтай байсан. Цус нь бүлэгнээд хэт шингэн байсан учраас мэс заслын дараах шарх нь эдгэхгүй байх. Мөн дахин цус алдаж болзошгүй гэж үзсэн юм.

-Тэгээд хагалгаа хийлгэл­гүй­гээр эмнэлгээс гарсан гэсэн үг үү?

-Тийм. Эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Ингээд нэг жи­лийн дараа дахин ирж хэвтсэн. Тэр үед бүр муудсан байсан.

-Яагаад улам муудсан юм бол. Яг ямархуу байдалтай байсан бэ?

-Элэгний хатууралтай, арьс нь шарласан, хэвлийн өмнөх ханын су­дас­нууд нь томорсон. Цус алдах нь ч ихэссэн байдалтай байсан. Да­хин ирэхдээ дотрын тасагт хэвтэж эмч­лүүлсэн. Бараг 40-өөд хоног хэвтсэн байх. Сүүлдээ эмч нарын зөвлөлийн хурлаар оруулж  хэлэлцүүлэн “Эрүүл мэндийн хувьд  ял эдлэх боломжгүй” гэж үзээд эмнэлгээс гаргасан юм. Эмнэлгээс гэртээ гараад гурав хоноод нас барсан гэдэг. Бид эмнэлгээс гаргасан өвчтөнөө эргэж тойрдог. Тэгээд л нас барсныг нь мэдсэн.  

-Таны хэлж буйгаар сүүлд ирэхэд харагдаж байсан тэр шинж чанарууд болон онош нь шууд үхлийн шалтгаан болох магадлалтай юу?

-Үхлийн шалтгаан мөн. Элэг хатуурч, судас томорч, цус алдаад байна гэдэг бол шууд үхэлд хүргэх үндэслэл болно. Гадны нөлөөгүй. Өвчний явц нь хурдан байсан болохоор л амархан хүндэрсэн. Гол онош нь холимог вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл. гуурсан хоолойн багтраа, хүндэвтэр хэлбэрийн, байнгын хөдлөлтэй. Ийм оноштойгоор эмчлүүлж байсан.

-Эмнэлгээс гараад дахин ирэх хоорондоо ямар нэг эмчилгээ хийлгэсэн болов уу?

-Хорих ангийн эмнэлэгт эмч­лүүлж байгаад ирсэн юм билээ. Гэх­дээ байнга эмчлээд байгаагүй байх. Хорих ангийн эмнэлэг 10-20 хоног эмчлээд л гаргадаг юм. Сүүлд ирэх­дээ биеийн ерөнхий байдал нэлээд муудсан байсан.

-Тэр хооронд гадны нөлөөллөөс болж бие нь улам муудсан бол дахин ирэхэд мэдэгдэнэ гэж үү?

-Мэдэгдэнэ шүү дээ.

-Та эмчилж байсан эмчийн хувьд түүнтэй ярилцаж байсан уу. Ер нь хувь хүнийхээ хувьд ямархуу санагдсан бэ. Өөрт тохиолдсон зовлон бэрхшээлийн талаар танд ярьж байв уу?

-Ярилгүй яахав. Гэхдээ өвчнийхөө тухай л ярьдаг байсан. Их зөөлөн харил­цаатай, энгийн л хүн байсан. “Элэг их өвдөж, зовоож байна” л гэж ярьдаг байлаа. Өвчний шалтгаан нь багадаа шарласан, шарын вирус үлдчих­сэнээс болсон гэж ярьж бай­сан. А, С хоёр вирус хавсарсан уч­раас өвчин нь их хурдтай газар авч бай­­гааг өөрөө ч мэдэж байсан юм билээ.

-Энэ нь эмч нарын оноштой нийцэж байсан уу?

-Эмч нарын хувьд нэгэнт онош нь батлагдсан, мэс засал хийхэд найдвар муутай учраас амьд мэнд дээрээ гэр орныхонтой нь уулзуулсан нь дээр гэж үзсэн.

-Эмч нарын зөвлөлд хэдэн эмч байдаг юм бэ. Санал нэгтэйгээр ийм шийдвэр гаргасан уу?

-Комисст зургаан эмч байдаг. Бид ярилцаад, дээр нь гаднаас доктор профессор Цэрэндаш багшаа урьж авчраад энэ шийдвэрийг гаргасан.

-Талийгаачийг хэвтэж эмчлүүлж байхад хуулийнхан ирж уулзаж байсан уу?

-Ирж уулзаад л явдаг. Эрүүгийн цагдаагийн газраас болон хорих ангийн төлөөлөл ирж байсан. Дээрх дүгнэлтийг гаргахад ч байлцсан. Талий­гаач Хан-Уул дүүргийн шүү­хэд харьяалагддаж байсан. Бид шүүгч, өмгөөлөгчийг нь авчирч, өвчтө­нийг үзүүлж, биеийн байдал, нөхцөл байдлыг танилцуулна.

-Гэр орноос нь эргэлт хэр ирдэг байв. Тантай уулзаж байв уу?

-Байнга ирнэ. “Ийм болчих гэж” гээд харамсаж, халаглаад, бусад өвчтөний ар гэрийнхний адил хэцүүхэн л байдалтай байсан.  Эх­нэр, хүүхэд хоёр нь их ирдэг. Бид жур­мын дагуу боломжийн хэмжээнд нэг их цааргалахгүй уулзуулдаг бай­сан.  Өмгөөлөгч нь ч гэсэн олон ирж уулзсан.

-Уучлаарай. Сүүлийн үед талий­гаачийг таньж мэдэх зарим хүн түүнийг “Хоригдож байхдаа зодуулснаас болж их хэмжээгээр шарх сорвитой болсон байсан” гэх яриа үүсгэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор танаас лавласан юм. Та түүнийг зодуурын шарх, сорвигүй ирснийг баттай хэлж байна уу. Яагаад ийм яриа гарах болсон юм бол?

-Ёстой мэдэхгүй юм. Эхлээд эмнэ­лэгт ирэхдээ өөрөө явдаг байсан. Зөвхөн шулуун гэдэснээс нь цус гардаг, ходоод нь өвддөг болсон тийм л хүн ирсэн. Сүүлд ирэхдээ босч чадахаа больж, тамир тэнхээгүй болсон байсан.

-Ер нь таныг Хорих ангийн нэгд­сэн эмнэлэгт ажиллаж байх хугацаанд эрүүл мэндийн шалтгаа­наар хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт бичиж өгөхийг шаардах, дарамтлах явдал гарч байсан уу?

-Үгүй. Бид бие даан дүгнэлт гаргах боломжгүй. Шүүхийн шийд­вэр биелүүлэх газрын төлөөлөл, бусад эмнэлгийн эмч нар бас үзнэ. Шинжил­гээ хийхэд байлцана. Хуулийн эсрэг дүгнэлт гаргах ямар ч боломж байхгүй.

Тэрбээр ингэж ярилаа. Ямартай ч Д.Энхбат 1996 онд өвчний учир Мааньтын хорихоос суллагдсан. Гэхдээ хуулийнхны хэлдгээр “ял хойшлуулсан”. Өөрөөр хэлбэл, би­еийн байдал нь сайжрахаар үргэлж­лүүлэн эдлүүлэх ёстой, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ гэж ойлгох учиртай аж. Гэмт хэрэг нь цагаатгагдсан гэсэн үг биш. Тэр ч байтугай улсын хилээр гарч, гадаадын улс оронд зорчихыг нь хориглосон байсан нь ойлгомжтой. Гэтэл тэрбээр 1998 оны нэгдүгээр сард дахин хэрэгт холбогдоод, тэр жилдээ эмнэлгийн магадлагаа хуурамчаар гаргуулж, мөн л ялыг хойшлуулж байжээ. Тэгээд гадаад руу оргон зайлсан. Интерполоор түүнийг эрэн сурвалжилсан. Ингээд 2003 оны тавдугаар сард Берлин хотноо Монголын хууль, хяналтын байгууллагын ажилтнуудад баривч­лагдан ирсэн. Дашрамд сануулахад Интерполоор эрэн сурвалжилж буй хэрэгтнийг тухайн орны цагдаагийн байгууллага баривчлахдаа хэрэгтний байгаа газрыг олж тогтоогоод, зарлуулсан улс оронд нь мэдэгддэг. Өөрөөр хэлбэл, эх орных нь хуулийн байгууллагынхан очиж авдаг журамтай юм байна. Хэрэв тогтоосон хугацаанд очиж аваагүй бол баривч­лаад тухайн улсын хуулийн байгууллагынханд хүлээлгэж өгөх тохиол­дол ч байдаг гэнэ. Юутай ч Д.Энхбат агсан Монголд ирснээсээ хойш нэг жилийн дараа эмнэлэгт очихдоо биеийн байдал нь хүнд боловч өөрөө явж, ярьж чаддаг байжээ. Яваандаа биеийн байдал нь улам доройтож, амиа алдсан талаар дээрх эмч ярилаа. Тэгэхээр эндээс лав л Б.Хурц Д.Энхбатыг амьд мэнд авчирсан, мөн талийгаач Д.Энхбатзодуулж тамлуулснаас болж амиа алдаагүй юм байна гэсэн хоёр дүгнэлтэд баттай итгэж болох юм биш үү.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж