“Anemone” “Учиртай гурван толгой”-н дууг дуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

“Anemone” “Учиртай гурван толгой”-н дууг дуулжээ

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” алдарт зохиолыг орчин цагийн хэв загварт оруулан бүтээж буй дэлгэцийн бүтээл ирэх сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Залуу хосын хайрын түүхийг өвөрмөц байдлаар үзүүлэх тус киноны “Хагацаж чадах уу” дууны аяыг дуучин Д.Болд зохиож, шүлгийг Ө.Пүрэвсүрэн бичсэн бол дууг Д.Болд, “Гурван охин” хамтлагийн Д.Солонготой хамтран дуулж олны хүртээл болгоод байгаа юм. Харин уг киноны дараагийн дууг “Anemone” хамтлаг дуулахаар болсон байна. “Making The Band” реалити шоунаас төрсөн охидын хамтлагийн ээлжит уран бүтээл энэ киноны дуу болж байгаа юм. “Учиртай гурван толгой” киноны “Anemone” хамтлагийн дуулах дууны хөгжмийг хөгжмийн зохиолч Н.Халиун зохиосон байна. Харин хамтлагийнхан дууны үгэндээ маш их ач холбогдол өгч, олон шүлэгнээс сонголт хийжээ. Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч их зохиолчийн “Учиртай гурван толгой” зохиол нь 1934 онд анх харилцаа дууны хэлбэрээр аялгуут жүжиг болгон амилуулсан юм. Түүнээс хойш 1943 онд Б.Дамдинсүрэнгийн шинэчлэн зассанаар дуурийн бүтээл болсон нь Монголын сонгодог урлагийн оргил бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог. Хамгийн сүүлд 1987 онд Б.Жамъяндагвын цомнол, УГЗ Ж.Мэнд-Амарын хөгжмөөр “Үйлийн гурван толгой” балет бүтээсэн нь одоог хүртэл УДБЭТ-т тавигдсаар байгаа шилдэг бүтээл юм. Тиймээс энэхүү уран сайхны кино хэр чансаатай бүтээл болох нь олны анхаарлыг татах нь зүйн хэрэг юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж