”Говь”-ийн оронд унадаг дугуй л авах байсан юм

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

”Говь”-ийн оронд унадаг дугуй л авах байсан юм

Япон улс дайнд ялагдса­ныхаа төлбөр болгон 1981 онд “Говь” ХК-ийг Засгийн газрынхаа санхүүжилтээр ма­­най улсад байгуулж өгсөн түүхтэй. Гэхдээ тухайн үед өнөөгийн улстөрчид шиг сэтгэлгээтэй хүмүүс “төрийн толгой”-г мэддэг байсан бол Монгол Улсад “Говь”-оос илүү ашиг үлдэх байсан ч байж болох талтайг учир мэдэх хүмүүс ярилцах нь бий. Учир юу гэвээс тэртээх 1981 онд Японы Засгийн газраас “Танай улсад ноос, ноолуур боловсруулах үйлд­вэр бай­гуулж өгөхийн оронд иргэн бүрт чинь унадаг дугуй, ноосон хөнжил өгье” гэсэн санал тавьж байсан гэлцдэг. Хэрэв тухайн үед тэрхүү саналыг нь хүлээгээд авчихсан бол өдийд замын түгжрэл гэгч толгойны өвчин байгаа ч уу, үгүй ч үү. Бүгд л дугуй унаад жирийлгэх байсан биз. Бас “Япон улсын Засгийн газраас бидэнд бэлэглэж байсан юм гээд л” унадаг дугуй, ноосон хөнжлөө үр хүүхдүүддээ өв­лүүлэн үлдээх байсан ч юм уу. Хэрэглэж болохооргүй болчихсон байвал гэр бү­лийнхээ “архив”-т хадгалах ч юм уу, өөрсдийн гээд өмчлөх юмтай л байх байсан даа.  Харин өнөөдөр “төрийн толгой”-г мэддэг эрхмүүд 1981 оныхноос өөрөөр сэт­гэж байгаа нь сайшаалтай. Тэд “Говь” ХК-тай тэнцэх хүчин чадал бүхий хэдэн арван үйлдвэр барих мөнгийг иргэддээ шууд л өгчихөж байна. Энэ бол тэдний увайгүй тактик энэ тэр биш шүү дээ. Угаасаа л улсын төсвийн орлого зарлагаасаа давж гарч байгаа өнөө үед энэ их мөнгийг “Хүний хөгжил сан”-аар дамжуулж иргэддээ олгохгүй бол алдас болох биз. Тэднийг л төрийн эрх барьж байх хооронд Монгол Улсын иргэд баярлаж байвал боллоо шүү дээ. Харин тэднээс хойш төрийн эрхэнд гарах хүмүүс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэрийн гачигдалд орж, “тархиа гашилгах” нь одоо бол хэнд ч хамаагүй. Цагийн юмыг цагт нь гэдэг байх аа. Хэдэн жилийн дараа “Тарааж байсан мөнгөөрөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлдвэр барих байсан юм” гэсэн шүүмжлэлд өртөх л байх. Тэр үед нь “Хэрэв тэр мөнгөөр дээрх зүйлсийг барьсан бол иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах бай­сан. Хоногийн хоолоо яаая даа гэж байгаа хүмүүст тэр үед бэлэн мөнгө л хэрэгтэй байсан юм” гээд л хэлчихээ эрх биш мэдэх байлгүй дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж