Цагийн хуваарь дүүрэн “Цайны цаг”

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Цагийн хуваарь дүүрэн “Цайны цаг”

”Үйлчилгээний байгууллагуудын алдаа дутагдлын талаар  бид “Mongol service” буландаа хөнддөг. Энэ удаагийн дугаартаа цагийн хуваариа огт мөрддөггүй талаар бичлээ.
ЧАМД ИНЭЭД НАДАД ХАНИАД…

Сонин жишээ татаж байгаад уучлаарай. Дээхнэ би яагаад ч юм өмдөө урчихсан юм. Ажил их, гэр хол хүн болохоор оёдолчин хайж баахан гүйж таарна аа даа. Хүрэмнийхээ хоёр ханцуйг бэлхүүсээрээ зангидаж, юбкатай юм шиг баахан таваргав. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр орчмоос эхлээд “Хувцас захиалга, засвар” гэсэн хаятай болгоны хаалгыг татлаа. Гэвч “Оёдолчин байхгүй, хоолонд гарсан” гэх баахан тайлбар сонссоор залхаж гүйцэв. Үдийн 11.00 цаг болж байхад хоолонд гараад явчихдаг үгүй мөн сонин улс шүү. Хамт явсан найз маань өмдөө урсан намайг үе, үе шоглоно. Би юу хэлэх вэ дээ. Чамд инээд, надад ханиад гэсээр муухай царайлан дараагийн оёдолчиныг хайсаар байв.

ТАНИЛ ҮСЧНИЙ МААНЬ ЦОНХ ГЭРЭЛТЭЙ

Хөдөөгийн жижиг суурин, хүн багатай сумын төвийн дэлгүүрээр үйлчлүүлж үзсэн үү та минь. Хэдэн арван киллометр явж, явж арай гэж дэлгүүр олохоор худалдагч нь айраг уухаар алга болчихсон байдаг. Бас болоогүй “Цагийн дараа ирнэ” ч гэх шиг. Нэг тиймэрхүү үйлчилгээ энэ нийслэлд байна аа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд би үсээ хоёр л үсчнээр засуулдаг байлаа. Байнгын үйлчлүүлэгч нь болсон гэх үү дээ. Харин сар гаруйн өмнө үсээ засуулах зайлшгүй шаардлагатай болоход мөнөөх хоёр үсчний маань хэн нь ч байсангүй. Тэд байдаггүй. Тиймээс ойролцоох нэгэн үсчний газрыг зорилоо. Үсчдийн занг мэдэхгүй биш, “Суух ёстой” гэж бодоод л сандал дээр нь лаглайж орхив. “Үс чинь гельтэй байна. Угаана” гэхэд нь үсээ угаалгаж, эргээд суудалдаа очтол өнөөх үсчин маань алга. “Хаачсан бэ” гэсэн чинь “Цайны цагаас өмнө үдийн холоо” захиалах ёстой гээд гараад явж л дээ. Уг нь би яарч явсан юм. Арван минут хүлээлээ. Ашгүй ирж байна. Тэгснээ, “Миний дүү чиний үсийг толгой амраадаг шампуниар угаасан юм. Одоо бараг болж байна” гээд цайгаа уугаад суучихлаа. Цайны цаг юм даа гээд хэсэгтээ дуугүй суусан ч тун удалгүй уур минь хүрч эхэллээ. Удаж, удаж толгойг минь боосон алчуураа авч үсийг минь засаж гарлаа. “Энэ хэлбэрээр нь жаахан шингэлчих” гэснээс өөр юу ч хэлээгүй тул тэрбээр нэг их юм ярьсангүй.  Хэдэн хормын дараа “За болсон” гэж байна. Тэгснээ дахин угааж, сэнсдэж хатааж дууслаа. Хамгийн сонин нь үсийг минь зассан хөлсөө 15 мянган төгрөг гэж байна. Энгийн спорт билүү,  халимаг ч билүү засалтаар үсээ хяргуулдаг би тэрхэн зуур гайхлаа. Аль ч үсчинд очиход 5000 төгрөгөөс хэтэрдэггүй тариф яагаад ийм байгааг лавлавал би үсчин гэсэн хаягтай салонд ороод ирсэн гэнэ ээ. Үсчин эмэгтэй хэдэн хормын дараа намайг бүр онигоонд орууллаа. Хаанаас ч олж хараагүй шампуниар үсийг минь угаачихаад, өнөөхийгөө “Тусгай үйлчилгээтэй” гэж байна. Мөн “Taft” гэх гелийг Монголд орж ирэхээ больсон гэж “залж” гарлаа. Дээр нь хотод орж ирээд 10 гаруй жил болж байгаа намайг “Аймгийн төвөөс ирсэн иймэрхүү залуучууд юмны үнэ цэнийг ойлгохгүй л дээ” гэж  байна. Энэ маягаар баахан маргаан өрнүүлсэний дараа “Хайран цаг” гэж амаа барих л надад дутаж л дээ. Бүхэл бүтэн хоёр цагийг тэр үсчний газарт би өнгөрөөжээ. Хэрвээ үйлчлүүлж сурсан хоёр үсчнийхээ нэгнээр засуулсан бол ингэж цаг, мөнгөө үрэх шаардлагагүй байлаа. Ер нь үсчин гэдэг чинь үйлчилгээний ажил биз дээ. Үйлчилгээ гэдэг хурдан, шуурхай, хүртээмжтэй байх ёстой гэдэг байх аа. Тиймээс тогтсон цагт нь ажлаа эхэлж, мөн цагт нь дуусгах ёстой баймаар сан. Тэгэхийн тулд л хүнд үйлчилж, түүнийхээ хөлсийг авч байгаа биз дээ. Барууны нэгэн дуунд бүх ажил нь бүтэхгүй баларч яваа нэгэн эр оройхон үсээ засуулахаар танил үсчин дээрээ очсон нь тэр өдрийн хамгийн бүтэмжтэй ажил нь болсон талаар өгүүлдэг юм. Тиймээс “Танил үсчиний маань цонх л энэ өдөр гэрэлтэй байв” гэж хэлдэг. Гэхдээ цонх гэрэлтэй гэдэг нь цагийн хуваарийнхаа дагуу ажиллаж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэгээд ч Герман зүгийн энэ дуу германчууд шигээ үйлчилгээ, цаг гээчийг номлосон мэт.

ТӨРИЙН АЛБА ЦАГ НАРГҮЙ ГЭЖ ҮҮ

Сэтгүүлч хүнд мэдээлэл олж авах эрх гэж бий. Тэр эрх нь ихэнхдээ байгууллагуудын дотоод журмаар зохицуулагддаг л даа. Гэхдээ түүнээс ч илүүгээр төрийн албан хаагчдын ажиллах цагийн хуваарийн эрхшээлд ордог гэвэл үгүйсгэх мэргэжил нэгтэн гарч ирэхгүй болов уу. Сурвалжлагчид яагаад цайны цагаас өмнө хамаг эх сурвалжуудтайгаа уулзах гээд гүйгээд байдаг нь ч түүнтэй холбоотой. Тэгэхгүй бол өнөөх төрийн албаны хурган дарга нар нь ихэнхдээ цайны цагаас хойш ажлаасаа гараад явчихдаг юм. Тэгээд оройхон буцаж орж ирэх магадлал 50-аас доош хувьтай. Тэд ихэвчлэн “Гадуур ажилтай байлаа” гэж тайлбарладаг. Мэдээж “Гадуур ажил хийж болохгүй. Өрөөндөө байх ёстой” гэж хэлэх гэсэн юм биш шүү. Зүгээр л ямар ч сурвалжлагчийн хэлэх “Хоосон хаалга мөргөх” гэх ойлголтыг л энд тайлбарлах гэсэн юм. Тэгээд ч сурвалжлагч бид цаг бүртгэгч биш шүү дээ.

Сэтгүүлч найз маань хэлж байна. Аль нэг яам руу “Хэвлэлийн төлөөлөгчөөр ч болтугай орох юмсан” гэлээ. Хоёр жил өдөр тутмын нэгэн сонинд ажилласан тэрбээр төрд ажиллах нь хамгийн зав чөлөөтэй гэж үзжээ. “Ядаж л хүүхэд төрүүлээд ирэх зуур ажлаас минь халчихгүй байх” гэв. Төр төрийн албаныхандаа завтай байх боломж олгож, заримдаа бүр ажлынхаа хажуугаар ажил хийх боломж олгодог байх.

Миний сайн таних эгч нэгэн хувийн дээд сургуульд багшилдаг. Ажилдаа түүртэж, ядарсан үедээ “Аль нэг улсын сургуульд ажилламаар байна” гэж хэлэхийг нь бишгүй л сонсож байв. Яагаад гэвэл төрийн өмчийн их, дээд сургууль хийх ажил багатай гэнэ. Би мэдэхгүй л дээ, улсын сургууль төгссөн биш. Гэхдээ төр ч бас үйлчилгээний байгууллага. Тэгэхээр манай төр зав чөлөөг нь бодож ажилд ордог мэргэжилтнүүдээр дүүрсэн юм биш үү. Тиймээс л “Мессенжерийн манаач”, “Зумо-ийн мастер” гэдэг үг бий болсон биз.

M.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж