Дэлхийн хоккейн ертөнц эмгэнэн гашуудаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоккейн ертөнц эмгэнэн гашуудаж байна

ОХУ-ын Ярославль хотод орон нутгийн цагаар лхагва гаригийн орой 16.02 цагт Як-42 загварын онгоц осолдсоны улмаас тус онгоцонд зорчиж явсан “Локомотив Ярославль” багийн хоккейчид, дасгалжуулагч, эмч, илээч, албаны хүмүүс гээд зөвхөн тус багийн 36 хүн амь үрэгдсэн дэндүү эмгэнэлтэй хэрэг гарсан билээ. Энэ ослоор мөн онгоцны нисэх багийн найман гишүүн амиа алдсан бөгөөд онгоцонд сууж явсан 45 хүнээс ердөө хоёр нь амь гарсан юм. “Локомотив Ярославль” багийн тоглогч Александр Галимов 90 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал тун хүнд эмнэлэгт эмчлүүлж байгаа бол амьд үлдсэн нөгөө хүн нь онгоцны багийн гишүүн Александр Сизов. Тэдний энэ аймшигт ослоос амь мултарч чадсаныг азтайд тооцох уу, эсвэл насан туршдаа сэтгэлийнхээ гүнд мартаж чадашгүй айдас, хар дарсан зүүд мэт мөчийг тээж явах тэднийг азгүй гэх үү?

Ослоор амь үрэгдсэн хүмүүсийн 11 нь гадны иргэд. Өөрөөр хэлбэл, тус багт хүчин зүтгэж буй гадны тоглогчид юм. Тэдний дунд багийн ахлах дасгалжуулагч, Канад мэргэжилтэн Брэд Маккриммон, Шведийн хаалгач Стефан Лив болон Беларусь, Чех, Герман, Латви, Словак болон Украйны тоглогчид бий. Аймшигт ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев “Ярославлийн онгоцны ослоор амь насаа алдсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхон болоод Локомотив Ярославль багийн бүх хөгжөөн дэмжигчдэд гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн Twitter-тээ бичжээ. Ноён ерөнхийлөгч өнөөдөр Ярославль хотноо очиж, форумд оролцох байсан ч Туношна нисэх онгоцны буудлаас 4 км-ийн зайд болсон ослын газарт очихоор форумын товыг өөрчилсөн байна.

Ослын талаар IIHF буюу Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч ноён Фазель “Энэ бол зөвхөн Орост тохиосон эмгэнэл биш. Локомотивийн багийн бүрэлдэхүүнд 10 өөр орны тоглогч, дасгалжуулагчид байсан” гэдгийг хэлээд гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгджээ.

Словакийн Тренчин хотод хоккейн хөгжөөн дэмжигчид ослоор амь үрэгдсэн од тоглогч Павол Демитрагийн дурсгалыг хүндэтгэн олон зуун лаа асаасан бол Чехийн нийслэл Праг хотын төв талбайд дээрхийн адилаар эмгэнэл илэрхийлжээ. Онгоцны ослоор Чехийн Йозеф Васичек, Карел Рачунек, Ян Марек нарын хоккейчид амь үрэгдсэн юм. Харин осол болсон Ярославль хотод тус багийн мянга мянган фенүүд Локомотивийн цэнгэлдэхийн гадна талбайд цуглан, хайртай тоглогчдынхоо өмсгөлийг өмсч, багийн сүлд дууг дуулан эмгэнэн гашуудаж байна.

Мөн "Континентал хоккей лиг"-ийн өнгөрсөн улирлын аварга “Уфа” багийн улирлын нээлтийн тоглолт хэдийнэ эхэлсэн байсан ч аймшигт ослын мэдээг дуулмагц тоглолтыг цуцалжээ. “Уфа”-гийн цэнгэлдэхэд цугласан 10 мянга гаруй хүн нэг минутын чимээгүй эмгэнэл илэрхийлсэн байна.  Мөн Twitter-ээр оросууд хоккейн ертөнцийн хар өдөр хэмээн бичсээр байгаа юм. Ер нь сүүлийн үед хоккейн спортод эмгэнэлт үйл явдал тохиосоор байгаа. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд гэхэд л NHL-ийн гурван тоглогч өөр өөр гэнэтийн, харамсалтай тохиолдлоор нас барсан билээ.

Осолдсон Як-42 онгоц нь “Yak-Service” компанийн онгоц байсан бөгөөд 1993 онд анх үйлчилгээнд нэвтэрснээс гадна 2011 оны аравдугаар сарын 1-нд буюу сар хүрэхгүй хугацааны дараа нислэг хийх  зөвшөөрөл нь дуусах байжээ. ОХУ-ын ерөнхийлөгч агаарын тээврийн салбарт нарийн хяналт шалгалт хийж, Зөвлөлтийн үеийн насжилт ихтэй онгоцнуудыг үйлчилгээнээс хасах болно гэдгийг мэдэгдсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж