Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Манай ”Талибууд”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Ц.Да­ваасүрэн, Ш.Сайхансамбуу, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, З.Энх­болд, Д.Энхбат, С.Эр­дэнэ… Яасан танил  царайнууд вэ. Янз нь аваргаар ахлуулсан фракцийнхан ажилдаа гарч дээ. Тэд Ерөнхий сайдыг уржигдар өрөөндөө ганцаараа байхад нь  бөөнөөрөө очиж “айлгажээ”. “Оюутолгойн ор­­дыг ашиг­лах Хөрөнгө оруу­­­лалтын гэрээний тухай УИХ-ын 57 дугаар тогтоолын хэ­рэг­жилтийг ирэх сарын 1-ний дотор бүрэн хангаж, үр дүнгийнх нь талаар парламентад мэдэгдэхийг танаас шаардаж байна. Шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй то­хиолдолд УИХ-ын гишүүд бидний зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээ авах болно” гэсэн утгатай мэдэгдэл хүргүүлсэн байна.  Манай “талибууд”-ын амралт дуусч ийн  ажлаа  эхэлсэн нь тэр юм байлгүй. МАНАН-ын гадна  өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй хоцорсондоо бухимддаг болоод удаж байгаа юм, тэд. Тэгээд ч  УИХ-ын 2012 оны сонгууль дөхсөн болохоор ажлаа хийхгүй  хаачих вэ. “Талибан”-ы зэвсэгт босогчид  Афганистан болон тэдний хамтрагчдыг байнга хорлодог  байсан бол одоо  Осама Бин Ладены өшөөг авахаа мэдэгдэж, энд, тэндгүй террорист халдлага үйлдэж байхад манай “талибууд” яаж зүгээр суух вэ.

Нэг нэгэн рүүгээ факс биш, мессеж илгээн ордны хувьсгал хийцгээхээр шийджээ. Хорьж болдоггүй 20 гишүүн ийнхүү хамтдаа замд гарцгаалаа.  

Манай “талибууд”-тай МАХН-ынхан ч хүч хавсрав. Тэд өнгөрсөн лхагва гарагт буюу яг нэг өдөр хэдхэн цагийн зөрүүтэйгээр МАНАН-ын эсрэг хоёр жигүүрээр дайралт хийв. Үйл хөдлөлөө жигдрүүлж, үгээ нэгтгэсэн нь ч тодорхой байлаа. Д.Тэрбишдагва тэргүүтэй тэрслүү гишүүд, З.Энхболд ерөнхийлөгчтэй Ардчилсан хүчний холбооныхон, бас МАХН-ынхан улс төрийн тавцнаа холбоотон болсноо ийнхүү ил тод зарлав. Үгсэж тохиролцон гараанаас гарах нь энэ. Тийм ээ, тэдэнд нэгдэх шалтгаан бий. Ардын намыг МАХН байхад Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн зэрэг тэрслүү 26 этгээд С.Баярт шаардлага гардуулах гээд бүтэлгүйтсэн. Бүтэлгүйтсэн ч гэж дээ, намын даргатайгаа мэнд мэдэлцэхийн завдалгүй нөгөөх нь ажлаа өгчихсөн хэрэг. Тиймээс барьцгүй болсон тэд мөнөөх шаардлагынхаа гарчгийг сольж, С.Батболдод гардуулсан. Тэгээд ч нэмэр болсонгүй. Намын шинэ даргатайгаа Их тэнгэрт уулзаж, дипломат утгатай хариулт сонссоноос цааш хэтэрсэнгүй. Энэ бол өнгөрсөн оны эхээр болсон явдал. Харин үүнтэй зэрэгцэн З.Энхболд, С.Эрдэнэ нар Ардчилсан хүчний холбоо байгуулснаа зарласан юм. Анхдугаар их хурлаа хийж “Н.Алтанхуягийг намын даргын албанаас огцруулж, С.Баярын бүрдүүлсэн стандарт бус засаглалыг үгүй хийнэ” гэв. Гэсэн ч тусыг эс олов. Ардын намын тэрслүү 26-тай адил хувь, хувийн эрх ашгаа бодоцгоосон, нэгдсэн удирдамж, нэгдмэл байдалгүй гэдгээ л тэд нийгэмд харуулцгаасан.

Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан ч “талибууд”-ын сургамжийг давтах болов. МАНАН-ын төөрөгдлөөс хэрхэн гарах тухай айлдаж явсан экс Ерөнхийлөгч намын дэд дарга Ц.Шинэбаяраа МАНАН дунд алдчих нь тэр. Өнөөх нь бүр зүг чиггүй төөрөөд алга болжээ.  Эцэст нь  С.Молор-Эрдэнэ ч үгүй болж, нүүрээ улалзуулав. Тиймээс мань эр Ардын нам болон Ардчилсан нам дахь “талибууд”-тай нэгджээ.  Нөгөөдүүл нь ч  эзнийхээ дохиогоор хөдөлцгөөж эхлэв бололтой.   Хамгийн сонирхолтой нь тэд тэрслүү 26-ийн түүхийг давтаж, С.Баярыг Ерөнхий сайд байхад УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг С.Батболдоос шаардаж эхэллээ. С.Батболд Ерөнхий сайд, С.Баярын байгуулсан хамтарсан Засгийн газрыг тэргүүлж байгаа учир өөр хэн рүү ч довтлох билээ. Гэхдээ л азгүй юм, тэд. С.Баяр биш, С.Батболд л тэднийг ямагт угтаж байдаг! “Талибууд” байгаа онилох зуур МАХН-ынхан яаж аягласан гээч. Тэд Ардын намын гишүүд, дэмжигчдийг эгнээндээ элсэхийг урьж  эхлэв. Сонирхолтой биш гэж үү.   

МАХН-ынхан ийм утгатай мэдэгдэл хийжээ. “Олигархиудын хувьд, 2012 оны сонгуулийн дүн аль хэдийнэ тодорхой болсон. Тэд ирэх онд болох сонгуулийг зүгээр л шоу болгож, ард түмний сэтгэл зүйгээр тоглох гэж байгаа юм” гэж. Энэ ч яах вэ, гайхаж, цочирдоод байх зүйл алга. Н.Энхбаярыг эзэн байхад ч сонгууль хэмээгч шоу төдий болж, МАХН-ынхан ямагт УИХ-д олонхи болдог байсан. Харин одоо Ардын намынхан Н.Энхбаяргүйгээр ирэх сонгуульд оролцоно. Ардын нам болон Н.Энхбаярынхан эрх баригчийн тугийг барихын төлөө өөр хоорондоо өрсөлдөх болно. МАХН-ынхан ч цаг үеэ сайн мэдэрч байна. МАНАН-ынхан сонгуулийн тогтолцоон дээр тохиролцож чадахгүй толхилцох зуур тэд түрүүлж хөдөлж байна. “Сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамааран сонгуулийг шударга явуулах, ард түмний өгсөн санал элдэв засваргүйгээр гарч байдаг санал тооллогын шударга тогтолцоог бүрдүүлэхийн тулд МАХН-ынхан улс төрийн бусад хүчинтэй хамтран “Шударга сонгууль” хэмээх иргэдийн хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааг зохион байгуулж, УИХ-ын болон орон нутгийн 2012 оны сонгуулийн үеэр орон даяар ажиллуулах болсноо мэдэгдэж байна” гэлээ.  Бүр тодорхой баримт бүхий авлига, хээл хахуулийн хэргүүдийн талаар “Улс төрийн хар ном” гаргахаа ч зарлав. Товчхондоо, экс Ерөнхийлөгчийн багийнхан дохио өгч эхэллээ. Харин МАНАН-ынхан тэдний эсрэг ашиглах “сум”-аа зэхсэн болов уу. Манай “талибууд” ч яах вэ, байлдах дуртай хүмүүс. Н.Энхбаярт элдэв­лүүлчихгүй бол байж л байг, тэд. Ямар гэмтэй юм биш. Сүрийг үзүүлэхээс цааш хэтрэх ч үгүй. Харин тэдний дунд Ц.Шинэбаяр байдаг нь юу ч вэ дээ. Экс Ерөнхийлөгчөөс саяхан салан тусгаарласан биш билүү. Ногоон намын дарга асан Д.Энхбат ч бас “талибууд”-тай нэгджээ.

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж