Монгол Улс сүүлийн гурван жилд өрсөлдөх чадвараа ахиулжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.11-нд нийтлэгдсэн

Монгол Улс сүүлийн гурван жилд өрсөлдөх чадвараа ахиулжээ

Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхий дахины өрсөлдөх чадварын тайлангийн судалгааг гаргалаа.

Манай улсын хувьд энэ судалгаанд сүүлийн таван жилд хамрагдаж байгаа бөгөөд тасралтгүй ахиц, дэвшил гаргаж байгаа юм. Энэ жилийн тайлангийн талаар Нээлттэй нийгэм форумын эдийн засгийн асуудал хариуцсан менежер Б.Мөнхсоёлоос тодрууллаа.


-Дэлхийн эдийн засгаас дэлхий дахины өрсөлдөх чадварын тайланг гаргажээ. Монгол Улсын хувьд байдал ямархуу байна?

-Дэлхийн эдийн засгийн форумын дэлхий дахины өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс сүүлийн гурван жилийн хугацаанд тодорхой хэмжээний ахиц гаргасан. Жишээлбэл, 2009 онд 117 дугаар байранд орж байсан бол 2010 онд 99 дүгээр байранд орсон. Харин энэ жил 96 дугаар байранд орж, гурван байраар ахисан байгаа.

Монгол Улсын эзэлж буй байр урагш ахихад нэлээд олон үзүүлэлт нөлөөлсөн. Ялангуяа макро эдийн засгийн орчны үзүүлэлтүүдийг дурьдах хэрэгтэй. Тодруулбал, макро эдийн засгийн үзүүлэлтээр бид нийт 15 байраар урагшаа ахисан. Үүн дотор улсын төсвийн ашиг өсч, алдагдлын хэмжээ буурсан, Засгийн газрын өрийн хэмжээ багассан нь нөлөө үзүүлсэн байгаа. Өрийн хэмжээ 26 хувиас 20 хувь хүртэл буурсан учраас урагшаа 17 байраар ахисан.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал, татвар ногдуулалтын хамрах хүрээ ба үр нөлөө, гадаадын өмчлөлийн цар хүрээ, худалдан авагчдын боловсронгуй байдал, дотоодын нийлүүлэгчдийн тоо, маркетингийн цар хүрээ гэх мэт үзүүлэлтээр хамгийн багадаа долоон байраар урагш ахисан үр дүнтэй байна.

-Гэхдээ бас буурсан үзүүлэлтүуд ч байгаа байх?

-Хэдийгээр ерөнхий дүнгээр гурван байраар урагш ахисан боловч бусад 113 үзүүлэлт дотроос хойшоо ухарсан үзүүлэлт нэлээд байгаа. Жишээлбэл инфляци. Инфляци 2009 оны байдлаар 6.3 хувьтай байсан бол өнгөрсөн жил 10.2 хувьтай болсон нь 26 байраар ухрахад хүргэсэн. Үндэсний хуримтлалын хэмжээ бас буурч, 46.3-33.7 болсон. Гэх мэтчилэн бусад олон үзүүлэлтүүдээр хойшоо ухарсан байгаа.

Энэ онд дэлхийн нийт 142 улс энэ судалгаанд хамрагдсан. 142 улстай харьцуулахад манай улсын хувьд 120 дугаар байраас хойш байр эзэлж байгаа үзүүлэлтүүд нэлээд олон байна. Ялангуяа дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, түүн доторх бусад үзүүлэлтүүд ихэвчлэн 120-оос доош үзүүлэлттэй.

-Ухарсан гэхээр тухайн салбарууд дахь өрсөлдөх чадвар муудсан гэсэн үг үү?

-Муудсан гэсэн үг. Муудаагүй ч гэсэн ахиагүй гэсэн үг. Бусад шинээр орж ирж байгаа, энэ жил тайланд нэмэгдсэн улсууд байна. Эсвэл өмнө нь орж ирж байсан улсууд тодорхой шинэтгэл хийгээд, урагшаа ахисан байхад Монгол ухраагүй юм гэхэд байрандаа л байж байсан гэсэн үг. Ухарсан гэхээсээ илүү ахиц гараагүй гэсэн утгатай л даа. Тэгэхээр бусад хойно байсан улсууд дэд бүтэц, санхүүгийн зах зээлээ хөгжүүлээд явбал урагшаа ороод ирнэ шүү дээ.

-Судалгааг гаргаснаар Монгол Улсын эдийн засагт хэр ач холбогдолтой юм бэ?

-Бодлого боловсруулагчид өөрсдийн гаргаж байгаа шийдвэр, эсвэл явуулж байгаа арга хэмжээндээ анхаарал хандуулаад явчих юм бол ахиц гарах боломжтой үзүүлэлтүүд уг нь байгаа. Тэр нь урагшаа ахиагүй юм гэхэд хойгуур байр эзэлсэн хэвээрээ л байна. Тэгэхээр манай улсын бодлого боловсруулагчид юун дээр илүү анхаарах ёстой вэ гэдэг дээрээ анхаарал хандуулаад тэргүүлэх бодлогоо тодорхойлох боломжтой мэдээ мэдээлэл байгаа юм.

Л.Дэлгэр

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж