Чөлөөт худалдааны гэрээг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Чөлөөт худалдааны гэрээг хүсч байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Эрхүү хотноо болж байгаа Байгаль орчмын эдийн засгийн Форумд оролцох үеэрээ Монгол улс ойрын хугацаанд Орос, Белорусь, Казахстан зэрэг орнуудын байгуулсан Гаалийн Холбооны орнуудтай болон Ази Номхон далайн орнуудын худалдааны гэрээнд нэгдсэн Япон зэрэг улсуудтай чөлөөт худалдаа эрхлэх гзрээ хэлцэл байгуулах эрмэлзэлтэй байгаагаа дурдсан гэж Оросын Интерфакс агентлаг мэдээлжээ.

Тэрээр Эрхүүд болж байгаа Форумын үеэр хэлэхдээ, “Сүүлийн үед чөлөөт худалдааны хэлэлцээ хийх сонирхол, бодлого маш тодорхой илэрхийлэгдэх болсон. Бид ийм бодлогыг анхаарч үзэхдээ манай сонирхлын тусгал илэрхийлэгдэж байх эдийн засгийн интеграцийн аливаа бүтцүүдэд нэгдэх асуудалд найртай хандаж байгаа юм” гэжээ.

Мөн С.Батболд хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн байдлаар бид Ази Номхон далайн орнуудын худалдааны гэрээнд нэгдэх асуудлаар ажиллаж байгаа бөгөөд Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахаар бэлдэж байна. Мөн ОХУ, Казахстан, Белорусь улсуудын байгуулсан Гаалийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудлыг судалж үзэхээр Оросын талтай тохиролцсон байгаа” гэж онцолжээ.

Дашрамд дурдахад Ази Номхон далайн орнуудын худалдааны гэрээг анх 1975 онд “Бангкокийн гэрээ” нэртэйгээр байгуулж байсан бөгөөд 2005 оноос одоогийн нэрээ авсан байна. Энэ гэрээнд Бангладеш, Энэтхэг, Хятад, Лаос, Шри Ланка, Өмнөд Солонгос зэрэг орнууд л багтаж байгаа ажээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж