“Аваргуудын лиг” өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

“Аваргуудын лиг” өнөөдөр эхэлнэ

Буурал Европийн хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг” өнөө шөнө эхэлнэ. Нэр хүнд, хөрөнгө санхүүгийн хувьд өндөрт тооцогддог энэхүү тэмцээний E, F, G, H хэсгийн тоглолтууд болно. Мэдээж “Аваргуудын лиг”-ийн тэмцээн гэсэн утгаараа бүх тоглолтууд сонирхолтой болно. Гэхдээ E хэсэгт учраа таарсан Английн “Челси” багийн талбайд Германы “Байер Леверкузен” зочлон тоглох тоглолт бусдаас онцлог болно. “Челси” багт хүчин зүтгэж байсан Германы шигшээ багийн ахлагч асан Михаэль Баллак хоёр жилийн дараа “Стэмфорд Бриж”-д зочилно. Тэрбээр “Челси”-гийн төлөө 2006-2010 оны хооронд тоглохдоо 105 тоглолтод 17 гоол оруулж, Английн “Премьер лиг”-т  нэг, “FA cup”-д гурав, “Аваргуудын лиг”-т нэг удаа аман хүзүүдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг юм. Сүүлийн үед гэмтэл бэртлийн улмаас шилдэг тоглолтоо үзүүлж чадахгүй байгаа Баллак бүрэн эдгэснээр “Леверкузен” багийн гарааны бүрэлдэхүүнд багтах болсон. Мөн өнгөрсөн жил Германы “Бундеслиг”-ийг хамгийн залуу бүрэлдэхүүн түрүүлсэн “Боруссия Дортмунд”, шилдэг тоглогчдоо зуны солилцоо наймааны цонх болон гэмтлийн улмаас алдан, шинэ улирлын гараагаа тааруухан тавьсан “Арсенал”-ыг талбайдаа хүлээн авна. “Дортмунд”-чууд мөн Нури Шахин зэрэг гол тоглогчоо алдан лигээ муухан эхлүүлсэн.

Эдгээр хэсгийн хамгийн шилдэг “тулаан” аваргаа хамгаалж буй Каталон үндэстний нэр төр гэгддэг “Барселона”, Италийн алдарт “АС Милан” багуудын хооронд болно. Эдгээр багууд лигтээ сүүлийн тоглолтууддаа тэнцсэн. Италийн “Интер”-ээс өндөр үнээр ирээд “Барса”-д төдийлөн амжилт гаргалгүй байсаар буцсан Златан Ибрахимович ”өөрийнх нь мөрөөдлийг үгүй хийсэн Гүн ухаантныхаа” эсрэг дахин тоглохоор ирнэ. Тэрээр “АС Милан” руу буцахдаа багагүй хэл ам гаргаж, дасгалжуулагч Пеп Гуардиолаг ийнхүү нэрлэсэн юм.

Одоогоор хоёр багийн урьдчилсан гарааны бүрэлдэхүүн тодорсон байна.

“Барселона” уламжлалт 4-3-3 гэсэн байрлалаа сонгон хаалгачаар Вальдес, хамгаалагчаар Дани Алвес, Пуйоль, Машерона, Абидаль, хагас хамгаалалтад Фабрегас, Шави, Иньеста, довтлогчоор Месси, Вилья, Педрог гаргах бол “АС Милан” 4-3-1-2 гэсэн байрлалаар хаалгач Аббиати, хамгаалагчаар Абате, Тиаго Сильва, Неста, Антонини хагас хамгаалалтад Амброзини, ван Боммел, Акуилани, Боатенг довтлогчоор Ибрахимович, Кассано нар тоглохоор болжээ.

Маргааш үлдсэн хэсгүүдийн тоглолт болно.

Б.ОЙНБИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж