Б.Мөнгөнтуул эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул эхний хожлоо авлаа

Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Хятадын Шенжень хотноо FIDE буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний энэ улирлын хоёр дахь цувралд өрсөлдөж байна. Тэмцээнд энэ сарын 7-нд буюу өнгөрөгч лхагва гаригт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шатарчид таван өрөг тоглоод байгаа юм. Харин өнөөдөр тэмцээний зургадугаар өргийн тоглолтууд болно. Уламжлал ёсоор дэлхийн шилдэг 12 шатарчин тойргоор өрсөлдөж байна.

Өнгөрсөн жилийн наймдугаар сард Монгол Улсад нэг цуврал нь зохиогдож байсан FIDE Women’s Grand Prix 2011/12 оны тэмцээний эхний цуврал наймдугаар сарын 1-15-нд ОХУ-ын Ростов хотноо болсон юм. Харин хоёр дахь цуврал нь өдгөө Шенженьд болж буй бөгөөд энэ сарын 20-нд өндөрлөх юм.

Жилийн туршид эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний гурван цуврал болох ба хоёр жилд нийт зургаан тэмцээн болсны эцэст нэгдсэн дүнгээр аваргаа тодруулдаг. Нэг тэмцээний шагналын сан нь 40 мянган евро. Түрүүлсэн шатарчин 6500 еврогийн эзэн болох ба цуврал тэмцээнүүдийн төгсгөлд нэгдсэн дүнгээр түрүүлсэн тамирчин нь 15 мянган еврогийн мөнгөн шагнал хүртэх юм.

Өнгөрсөн сард зуны “Универсиад” наадмыг хүлээн авсан Шенжень хотноо болох гран-пригийн хоёр дахь цувралд Монголын шатарчин Б.Мөнгөнтуулаас гадна 2010 оны дэлхийн аварга, Хятадын шатарчин Хоу Ифань, өнгөрсөн жилийн дэлхийн аваргад аман хүзүүдсэн, Хятадын Луань Руфей, Катарын Чжу Чень, ОХУ-ын Алиса Галлиамова, Екатерина Ковалевская, Туркийн Бетул Илдиз, Армяны Елина Даниельан нарын 12 шатарчин оюун ухаанаа сорьж байна. Тэмцээний таван өргийн дараах байдлаар Жао Сьюэ /Хятад/, Хоу Ифань /Хятад/, Анна Музычук /Словень/, Руань Луфей /Хятад/, Тан Жуни /Хятад/ нарын таван шатарчин ижил 3,5 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Монголын шатарчин Б.Мөнгөнтуулын тухайд нэг хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдсоноор 2 оноотой наймдугаар байрт бичигдээд байгаа юм. Тэрбээр өчигдөр болсон тавдугаар өргийн тоглолтод Литвийн шатарчин Виктория Кмилытетэй хараар нүүж, хожсоноор тэмцээний анхны хожлоо авчээ. Өнөөдөр болох зургадугаар өргийн тоглолтод Б.Мөнгөнтуул Хятадын шатарчин Руань Луфейтэй /Хятад/ цагаанаар тоглоно.

Б.Мөнгөнтуулын тоглолтын дүн:

1. Жао Сьюэ /Хятад/ 1-0 Б.Мөнгөнтуул
2. Б.Мөнгөнтуул 0-1 Хоу Ифань /Хятад/
3. Анна Музычук /Словень/ ½ – ½ Б.Мөнгөнтуул
4. Б.Мөнгөнтуул ½ – ½ Тан Жуни /Хятад/
5. Виктория Кмилыте /Литва/ 0-1 Б.Мөнгөнтуул

Дашрамд сонирхуулахад, тэмцээний дараагийн цуврал аравдугаар сарын 8-23-нд ОХУ-ын Нальчик хотноо болох бол 2012 онд болох гурван тэмцээн нь Турк, Армян болон Орост болох тов гарчээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж