”Алдаагаа засаач ээ, Ц.Нямдорж сайд аа”

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

”Алдаагаа засаач ээ, Ц.Нямдорж сайд аа”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх М.Батчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХЗДХЯ-ны харьяа гурван сургуулийг нэгтгэж, Дотоод хэргийн их сургууль байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ шийдвэр хууль зөрчсөн тул шийдвэрээ буцаахыг Ерөнхийлөгч шаардаж байгаа талаар мэдээлэл гарсан. Засгийн газарт Ерөнхийлөгчөөс хүргүүлж байгаа шаардлагын үндэслэлийн талаар танаас тайлбар авах гэсэн юм?

-Засгийн газрын 229-р тогтоол гарсан. Энэ тогтоолд Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи, Тагнуулын академи гэсэн гурван байгууллагыг татан буулгаж, Дотоод хэргийн их сургууль байгуулах шийдвэр гаргасан. Эхний хоёр сургууль цэргийн ангийн статустай цэргийн байгууллагууд. Цэргийн анги, байгууллагыг байгуулах, татан буулгахдаа Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, шийдвэрлэнэ гэж Батлан хамгаалахын тухай хуульд заасан. Энэ нь Засгийн газар дангаараа ийм шийдвэр гаргахгүй гэсэн үг. Дээрх тогтоолыг гаргахын өмнө Засгийн газраас Ерөнхийлөгчтэй ямар нэгэн байдлаар зөвшилцөөгүй. Түүнээс гадна санаа зовж байгаа асуудал бол эдгээр байгууллагуудыг нэгтгэснээр гарах үр дагавар.

-Ямар үр дагавар гарах вэ?

-Тагнуулын академи ХЗДХЯ-ны харьяа биш, Ерөнхий сайдын шууд удирдлагад байдаг Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх байгууллага. Тагнуулчдаа Дотоод яамныхаа мэдэлд бэлтгэдэг тогтолцооноос Монголчууд 20 жилийн өмнө татгалзсан. 1930-аад оны их хилмэгдүүлэлтийн түүх ийм тогтолцоотой холбоотой.  Өнөөдөр тагнуулын байгууллагын чиг үүрэг тэр үеэс их өөр болсон. Бид хуучин тогтолцоог сэргээж болохгүй.

-Гурван сургуулийг нэгтгэх асуудал яригдаж байхад Тагнуулын академи нэгдэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байсан юм билээ?

-Тагнуулын байгууллага бол үндэсний аюулгүй байдлыг хангахад тусгай чиг үүрэгтэй оролцох ёстой нарийн мэргэжлийн байгууллага. Тагнуулын гүйцэтгэх ажилтнууд мэргэшсэн байгууллага, тусгай шугамаар бэлтгэгддэг, далд байдаг. Энэ тогтолцоогоо үгүй хийнэ гэдэг улс оронд ямар хор хохиролтойг бодох ёстой. Засгийн газрын өөрийнх нь үндсэн байгууллага дэмжихгүй байхад ХЗДХЯ-наас хүчээр нэгтгэчихсэн гэж ойлгож байгаа.

-Бусад хоёр сургуулийн хувьд?

-Ер нь цэрэг, цагдаа, тагнуул гэдэг тус тусдаа нарийн чиг үүрэгтэй чухал бүтэц. Эдгээр байгууллагыг хооронд нь хольж хутгах биш, харин ч дотроо улам нарийсч мэргэших ёстой. Тус тусдаа өөр өөрийн үүргээ мэргэжлийн төвшинд хариуцлагатай биелүүлж,  бие биедээ хуулийн хүрээнд тодорхой хяналт тавьж ажиллах ёстой. Ямар ч салбарт боловсон хүчний гүйцэтгэх үүрэг маш чухал. Тухайн салбарын боловсон хүчин юу мэдэж байна, салбар нь тийм л дүр төрхтэй байдаг. Улам нарийсч мэргэших ёстой эдгээр байгууллагыг нэгтгэж, юу ч биш болгохоор бүхэлдээ Үндэсний аюулгүй байдлыг хангах чухал салбар маань бантан болоход хүрч байна. Тиймээс л энэ шийдвэрийн цаана нь байгаа, гарч болох хортой үр дагаваруудыг тооцоолох хэрэгтэй гэж үзэж байна. Бид ийм асуудлын хажуугаар нүдээ аниад өнгөрөх эрхгүй.

-Засгийн газраас Ерөнхийлөгчийн хүргүүлсэн шаардлагад ямар нэг хариу өгсөн үү?

-Одоогоор хариу ирээгүй байна. Засгийн газраас энэ асуудалд нухацтай хандаж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд анхааралдаа авна гэдэгт эргэлзэхгүй байна. ХЗДХЯ-ны удирдлагаас “хууль зөрчөөгүй” гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Хууль зөрчсөн, төрийн бодлого гажуудсан нь тодорхой байхад, алдаагаа хурдан засаачээ, Ц.Нямдорж сайд аа гэж хэлмээр байна. Ц.Нямдорж сайд их хатуу байр суурьтай байгаагаас асуудлыг хүндрүүлээд байна гэж ойлгож байгаа.

-Салбар хариуцсан сайдынх нь шийдвэр мэдээж, Засгийн газрын шийдвэрт хамгийн их нөлөөлнө гэдгээр нь энэ үгийг хэлж байна уу?

-Салбар хариуцсан сайдынх нь хувьд Засгийн газар Ц.Нямдорж сайдын байр суурийг харж байгаа байж таарна. Гэхдээ энэ бол Ц.Нямдорж сайдын хувийн асуудал биш шүү дээ. Засгийн газар төрийн бодлого, хуулиа биелүүлэх үүрэгтэй. ХЗДХЯ-нд ажил мэргэжилдээ эзэн болсон хүмүүс мэдээж байгаа. Бүхэл бүтэн салбар, улс орны эрх ашгийг бодоож мэргэжлийн хүмүүс ч Ц.Нямдорж сайдад зөвлөж асуудлаа шийдэхэд нь туслах байх гэж бодож байна.

-Хичээлийн шинэ жил эхэлсэн байгаа энэ үед буцаагаад гурван сургуульд өөрчлөлт оруулна гэдэг хэр боломжтой бол?

-Засгийн газраас асуудлыг судалж үзээд алдааг залруулсан зөв шийдвэр гаргах байх гэж бодож байна. Хууль зөрчсөн болон бусад хор уршгийг нь мэдсээр байж орхичихож болохгүй. Оройтоогүй дээрээ алдаатай шийдвэрийг залруулах л ёстой. Засгийн газар хууль зөрчсөн шийдвэр гаргаад, ХЗДХЯ өөрөө хуулийн зөрчлийг залруулахгүй гээд гэдийгээд байвал энэ улсад хэн хууль биелүүлэх вэ. Тийм учраас Засгийн газар энэ асуудалд нухацтай хандана байх.

-Өмнө ГХ-ны яам мөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байна гэх мэдээлэл гарч байсан. Энэ мэтээр өрнөж байгаа асуудлууд хүмүүст институци хоорондын маргаан болж харагдаад байна. Үүнийг хэрхэх ёстой юм бэ?

-Үүнийг институци хоорондын маргаан, өрсөлдөөн төдийгөөр харвал явцуу ойлголт болно. Яагаад ийм институциуд байгуулагдаад, яагаад ийм чиг үүрэгтэй болсон юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Төрийн байгууллагуудыг зохих ёсоор нь ажиллуулахын тулд хууль гаргадаг. Хуулиа зөрчөөд дураараа авирлаад  байвал төрийн машин гацаж, ажиллахгүй болно. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Түүнээс биш Ерөнхийлөгч миний бүрэн эрхэд халдчихлаа гээд эмзэглээд байгаагаас болоод байгаа юм биш. Эрх зүйт төрийг төлөвшүүлэх гэж байгаа бол Монголын төр хуулийн дагуу ажиллах ёстой.

-Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий прокурор Д.Дорлигжав С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Энэ талаар бага зэрэг мэдээлэл өгч болох уу?

-Энэ талаар би мэдээлэл өгөх боломжгүй.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Тавантолгойн асуудлыг судалж байгаа. Засгийн газраас танилцуулсан энэ ажил дээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудлууд гарч ирсэн гэх мэдээлэлүүд бий. Манай улсын аюулгүй байдалд ямар зүйл харшилж байгаа юм бол?

-Одоогоор эцэслэн шийдвэр гаргаагүй байна. Тавантолгойн асуудал Монгол Улсын эдийн засагт асар их ач холбогдол, нөлөөтэй. Улс орны амьдрал, иргэд, үндэсний эрх ашигт чухал нөлөөтэй. Дотоод асуудлаас гадна гадаад хүчин зүйлүүд их байна. Олон улсууд Тавантолгойд оролцох сонирхолтой байгаа. Урьд нь хэзээ ч дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүд манай нэг бизнес төсөл дээр ингэж өрсөлдөж байгаагүй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн асуудлын шийдэл нь нэг талаас улс орны хөгжил, ард түмний амьдралд бодитойгоор түлхэц өгөхөөр байх ёстой. Нөгөө талаас гаднаас ирж байгаа хүчтэй сонирхлыг тэнцвэржүүлж, үндэсний эрх ашиг, аюулгүй байдлаа бэхжүүлэх шаардлагатай. Энэ мэт олон асуудал Тавантолгойн асуудалтай холбоотой. Энэ бол нэг ордын тухай асуудал төдий зүйл биш учраас Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл асуудалд нухацтай хандаж байгаа.

-Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох асуудлаар Ц.Нямдорж, М.Энхболд сайд Английн шүүх рүү захидал бичсэн байсан. Үүний хариуг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцсэн гэсэн. Үнэн үү?

-Би энэ асуудалд шууд оролцож байгаа хүн биш тул хариулт өгөх нь зохимжтой биш гэж үзэж байна.

С.Энхзаяа

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж