9 сарын 11-нд болох байсан халдлагыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

9 сарын 11-нд болох байсан халдлагыг зогсоов

ГЕРМАНЫ ТУСГАЙ АЛБА ЕСДҮГЭЭР САРЫН 11-Д БОЛОХ БАЙСАН ХАЛДЛАГЫГ ЗОГСООВ

Германы нийслэл Берлин хотноо хоёр террорист АНУ-ын есдүгээр сарын 11-ний арван жилийн “ой”-д зориулан тэсрэх бөмбөг бэлтгэж, улмаар халдлага үйлдэх гэж байгаад баригдсан  талаар Английн “Telegraph” сонин мэдээлжээ.  Энэ талаар Германы Мөрдөн байцаах газрын хэвлэлийн төлөөлөгч “Халдлага хийх гэж байсан хоёр этгээд дөрвөн сарын хугацаанд энгийн амьдралаар амьдарч бидний дунд аймшигт халдлага хийхээр зэхэж байсныг манай хүчний байгууллагынхан эртнээс олж мэдсэн” гэжээ.  Тэгэхээр Германы Мөрдөн байцаах газрын мэргэжилтнүүд яах аргагүй гавъяа байгуулсан байгаа гэж хэлэхэд буруудах зүйл ч үгүй. Хүчний бай­гуул­лагууд нь ийм зүйлд бэлэн байгаа нь гайхамшигтай хэрэг.  Гэвч террористууд гэм зэмгүй хүмүүсийг золиослох санаагаа огтхон ч тавиа­гүй байгаа нь аймшигтай. Иймээс л араб царайтай хүн бүрийг террорист гэж хардах үндэслэл улам бүр нэмэгдэж байгаа нь эмгэнэлтэй байна.   

Мөрдөн байцаагчид тэднийг бү­тэн гурван сар ажиглаж, араас нь мөрдсөн аж. Энэ хугацаанд хаанаас  ирсэн, хэн болох, тэд эрхэлж бай­сан ажил гээд шаардлагатай бүх мэдээллийг  цуглуулж чадсан бай­на. Ингэснээр Герман улсын иргэншилтэй, 24 настай лебан үндэстэн, мөн Израй­лын Газа хотоос гаралтай 28 нас­тай хоёр залууг есдүгээр сарын 11-нд зориулан бөмбөг тэслэх гэж байсныг олж тогтоожээ. Мөрдлөгийн яв­цад хоёр террорист өөрсдийн ажил­лагааг маш нарийн зохион байгуулж байснаас харахад тусгай мэргэжлийн,  бэлтгэгдсэн террористууд байх ма­гадлалтай хэмээн мөрдөгч нар эмээж байжээ. “Ассошейтд пресс” агент­лагийн мэдээлж буйгаар  Анг­лийн тал өнгөрсөн зургаадугаар сард уг хоёр этгээдийн талаар Гер­маны талд мэдэгдсэн аж. Учир нь Английн Аюул­гүй албаныхан уг хоёр террористтой холбоотой байж бо­лох нэгэн залууг Манчестераас баривчилсан аж. Тэдний амьдарч байсан гэрээс 17 ширхэг гар бөмбөг, АК-47 калашников гурван  ширхэг, алсын удирдлагатай тэсрэх бөмбөг найман ширхэг байсныг хураажээ.  Хачирхалтай нь эдгээр тэсрэх бөмбөг нь гар утсаар дамжуулсан алсын удирдлагатай бөгөөд дуудлага  ирэх тоолонд, төдийгүй дууны өндөр намыг ихэсгэж багасгах үед автоматаар цэнэглэгдэж байсныг  Германы мэргэжилтнүүд онцолсон байна. Тэд  байцаалтын явцад  ганц ч үг  дуугараагүй гэнэ.  Одоогоор Германы хүчний байгууллагаас ир­гэддээ хандан сонор сэрэмжтэй байхыг сануулсан бөгөөд сэжигтэй тохиолдол гарвал шууд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүсчээ.  

Английн Аюулгүйн зөвлөлийн албаны хэвлэлийн төлөөлөгч “Ирэх зун манай улсад зуны олимп болох гэж байна. Бид бүхий л чадлаараа аюулгүй  байдлыг  хангах  болно. Олимпийн үеэр  нийт  800 мянган харуул хамгаалалтад га­рах тул санаа зовох хэрэггүй” гэж мэдэгджээ. Гэвч ийн сануулж хэлсний зоргоор санаа амрах нь юу л бол. Учир нь  сүүлийн хэдэн сард Англи улсад хандсан террорист заналхийлэл газар аваад байгаа юм. Англичууд Германы Аюулгүйн алба­тай хамтарч ажиллах санал тавьсан удаатай. Харин Германы зүгээс то­дорхой хариу өгөөгүй байгаа бө­гөөд хамгийн сүүлд болсон эл үйл явдал германчуудын санааг ихэд зовоох болсон талаар тус улсад ажиллаж буй “Ассошейтд пресс” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.

Зөвхөн Герман ч төдийгүй Европ болон АНУ тэргүүтэй барууны ор­нууд исламын орнуудын ээлжит халд­­лагаас сэрэмжлэх болов. АНУ-ын Террористуудыг шинжлэн суд­­­лах төрийн бус байгууллагын үзэж буйгаар “Террористууд Пакис­тан, Афганистан, Энэтхэг зэрэг ор­­нуудад халдах болсныг Америкийн Ерөнхийлөгч Б.Обамагийн Аф­ганистан, Иракаас цэргээ татах  шийдвэртэй холбон тайлбарлаж бай­гаа. Гэхдээ үүнд итгэхэд бэрх ч гэлээ яах аргагүй террористууд дээрх орнуудыг онилоод байгаа нь үнэн юм.  

Герман улсын Батлан хамгаалах яамны сайд Томас дэ Майцьюр “Ма­най улсын батлан хамгаалахын салбарт томоохон өөрчлөлт оруул­сан АНУ-ын террористтой тэмцэх албаныханд талархаж буйгаа илэр­хийлье. Өнгөрсөн арав гаруй жилд манай цэргүүд олон зүйлийг су­ралцсан. Мөн Дотоодоос хамгаалах аюулгүйн албаныхан, Мөрдөн     байцаах газрынхан гээд батлан хамгаалахын салбарт томоохон өөрчлөлт хийгд­сэн” гэж мэдэгдсэн юм. АНУ-аас суралцсан нь зөвхөн Гер­ман биш тул барууны ертөнц нэлэн­хүйдээ терроризмтэй тэмцэх арга барилд суралцсан гэж дүгнэвэл үнэнд ойртоно байх. Ямартай ч хүн төрөлхтөн терроризмын эсрэг байгаа нь ойлгомжтой. Энэ удаа германчууд болох гэж байсан хадлагыг тас­лан зогсоож чадлаа. Магадгүй дараагийн хүнд сорилт англичуудын өмнө тул­гарч болзошгүй юм. Гэтэл “Хуулийн цоорхойг ашиглан хууль зөрчихтэй адил дайн, байлдааны өөдөөс барих эсэргүүцлийн нэг арга бол терроризм” гэх Исламын зарим нийгмийн зүтгэлтний  тодорхойлолт байдаг. Гэсэн ч дайн, байлдааныг энхийн замаар шийдэх ёстой болохоос улам өдөөн турхирч аллага үйлдэх нь гал дээр тос хийхтэй л адил үйлдэл юм. Терроризм гэдэг ойлголт одоогоос арван жилийн өмнө буюу 2001 оны есдүгээр сарын 11-д  бүх америкчуудын тархинд хэзээ ч мартагдахгүйгээр суусан.  Хэ­дийгээр 1993-2001 оны хооронд террорист гэдэг ойлголт бий болсон ч есдүгээр сарын 11-ний өдөр шиг дэлхий нийтийг цочролд оруулж байсангүй. “Энэ бол исламын ертөнцийн америкчуудад барьж буй том хариу” хэмээн тайлбарлах нь ч бий. Гэхдээ мэ­дээж хүн төрөлхтөний хувьд маш аймшигтай алан хядлага мөн үү гэвэл мөн. “Хүн нүгэл хийсэн л бол түүнийхээ хариуг заавал хүртэх ёстой” гэх ойлголт тэдний дагаж мөрддөг “Коран” сударт ч байдаг шүү дээ. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж