Өндөр албан тушаалтнууд өөрсдөдөө ашигтай бодлого хэрэгжүүлдэг

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Өндөр албан тушаалтнууд өөрсдөдөө ашигтай бодлого хэрэгжүүлдэг

Wikileaks сайтад Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас илгээсэн Монголын урантай холбоотой материалыг нийтэлжээ. Үүнд, Монголын ураны нөөцийн талаар, олборлож байсан түүх, мөн Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийн тулд хууль дүрэм дагалгүй хэн нэгэн өндөр албан тушаалтанд хандах хэрэгтэй зэрэг сонирхолтой мэдээллүүдийг багтаажээ.

Монголын ураны нөөцийг Зөвлөлтийн геологичдийн судалгаанд үндэслэн хоёр сая тонн гэж тооцдог ч монгол мэргэжилтнүүд нөөцийн хэмжээ үүнээс хавьгүй их гэдэгт итгэлтэй байна. Олон улсын зах зээлд цөмийн гол түүхий эд ураны үнэ өсч байгаа нь Монголын ураны нөөцийг сонирхох сонирхлыг өдөөж эхэлсэн юм. Хоёр жилийн дотор Монгол уран олборлоно гэж гадаадын, тухайлбал, АНУ-ын компаниуд хэдийн тооцоолсон. ОХУ ч Монголоос уран олборлохын тулд цахилгаан станц байгуулах саналаа тавьсан. Харин Монголын Засгийн газар барууны уул уурхайн операторуудтай хамтран байгаль орчинд хор хохирол багатайгаар ашиглана хэмээн тооцоолж байгаа юм. Гадаадын уул уурхайн компаниудын санааг зовоож буй гол зүйл нь Монголын Засгийн газрын ашиг сонирхол аж. Яам агентлагууд уялдаа холбоогүй, зохион байгуулалт муутай, зөрчилтэй байдаг нь гадаадынхны эмээдэг зүйл. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай олон улсын олон гэрээ конвенцид нэгдсэн Монголын Засгийн газар асар өргөн хүрээтэй ураны олборлолт эхлүүлэхийн өмнө гэрээний үүргээ биелүүлэх асуудалтай тулгарч байгаа юм.

Монголын зэс, алт, нүүрсний асар их нөөц дэлхий нийтийн анхаарлыг татаж, хөрөнгө оруулагчид тийш хошуурч байгаа шиг ураны ордуудыг ч мөн сонирхож эхэлжээ. Дорнод, Өмнөговь зэрэг аймагт хамгийн их нөөцтэй ордууд тогтоогдсон юм. 1960-аад дунд үеэс 1980 хүртэл Зөвлөлтийн геологичдийн явуулсан хайгуул, судалгааны дүнгээр Дорнодын тал 500,000 тонн метр ураны нөөцтэй нь тогтоогдсон ажээ. Харин Өмнөговь болон говийн төв бүс 1,5 сая тонн метр ураны нөөцтэй. Монгол мэргэжилтнүүд Монгол үүнээс их ураны нөөцтэй гэдэгт итгэлтэй байдаг. Техник технологи өнөөгийнх шиг өндөр хөгжөөгүй байсан 1966-1980 оны үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголын нутаг дэвсгэрийн ердөө 30 хувьд дээрх хайгуул шинжилгээг явуулсан гэж тэд тайлбарладаг байна. Дэлхийн нийт ураны нөөцийн 10 хувь Монголын газар шороонд булаастай байгаа гэх монголчууд ч байгаа ажээ. Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг аймаг ураны асар их нөөцтэйг Зөвлөлтийн геологичдын судалгаа харуулдаг. 1966-1980 он бол Зөвлөлт өөрийн ашиг сонирхлын үүднээс Монголд ураны хайгуул шинжилгээг  явуулсан эхлэл үе юм. 1988 онд Дорнодын Мардайд анхны ураны олборлолтыг эхлүүлж, төмөр замаар Сибирийн үйлдвэр рүү тээвэрлэж байжээ. Тухайн үед Зөвлөлтийнхэн уурхайд түшиглэн Мардай хүртэл төмөр зам барьж, эрчим хүчний шугамаар холбож байсан ажээ. 1990 оны үед Мардайн хүн ам 26,500 хүрч, Монголын дөрөв дэх том хот болж байв. Зөвлөлт улс задарсны дараа хайгуул болон уурхайн ажил бүгд зогссон. 1991-2003 оны хооронд Монголын ураны нөөц дэх ашиг сонирхол алга болсон юм. Уурхай мартагдах шахаж байх үед Монголын Засгийн газар Мардайн үйлдвэрлэлийг сэргээн хуучин хэвийн ажиллагаанд нь оруулахын тулд худалдахаар шийдсэн байна. 1997онд Монголын Засгийн газар Мардайн эзэмшлийн 58 хувийг АНУ-ын уран олборлогч “Wallace Mays”-т худалдаж, Монголын Засгийн газар, ОХУ-ын Цөмийн энергийн яамны харъяа төрийн өмчит “Priagunsky” компани тус бүр 21 хувийг эзэмших болжээ. “Wallace Mays” Мардайг худалдаж авахаас өмнө уурхай уран баяжуулах үйл ажиллагаа явуулж байв. 90-ээд оны сүүлээр ураны үнэ ханш унаснаас “Wallace Mays” ураны шинэ ордод хөрөнгө оруулах болсон юм. Харин түүнээс хойш ураны үнэ тасралтгүй өсч Мардай дахин анхаарлын төвд гарч эхэлжээ. Мардайд хөрөнгө оруулалт татахын тулд “Mays” Канад, АНУ-ын хамтарсан “Khan Resources”-тай хамтран ажиллах болжээ. 1991 оноос хойш Орос- Монголын ураны салбар дахь хамтын ажиллагаа зогссон. Харин Н.Энхбаяр Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ОХУ ураны нөөцийн ашиглалтад хяналт тавих саналаа дахин тавьсан байна. Тухайн үед Монгол улсын Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, ОХУ-ын Цөмийн энергийн газрын дарга байсан Сергей Кириенко нар уул уурхай, ураны үйлдвэрлэл, цөмийн цахилгаан станц барих тухай асуудлыг ч хөндөж байжээ. Хоёр тал энэ салбарт хамтран ажиллахаар хэлэлцэж ОХУ-ын тал хариу болгож Монголд төмөр зам барихад зориулж хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцсон юм. Хятадууд ч үүнийг зүгээр хараад суугаагүй бөгөөд ураны салбарт хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлж байв.

Монголын хууль тогтоогчид Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж ялангуяа ураныг стратегийн нөөц гэж тодорхойлж, ураны олборлолтоос олох ашгийн 50 хувийг Засгийн газар эзэмшинэ гэж заасан нь уран олборлогчдод таалагдаагүй. Хэрэв Монголын Засгийн газар авсан зүйлийнхээ хариуд нөхөн олговор өгвөл ямар ч асуудал үүсэхгүйг уул уурхайн хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрдөг. Уран олборлох үйлдвэрийг байгуулахад саад болж буй гол чөдөр бол Монголын Засгийн газрын уялдаа холбоогүй бодлого. Үйлдвэр худалдааны яам уул уурхай, олборлолтыг хариуцах үүрэгтэй гэх боловч Түлш эрчим хүчний яам нь уул уурхайн салбарт гол бодлого хэрэгжүүлэгч гэнэ. Мөн Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар ч мөн энэ салбарт хяналт тавих үүрэгтэй аж. Энэ салбарт бодлого хэрэгжүүлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх, байгаль хамгаалах гээд олон шат дамжих ёстой болно. Монголд хэрэгждэггүй, эсвэл  огт байдаггүй мэт хууль дүрэм байдаг. Тиймээс Монголд үйл ажиллагаа эрхлэхээр ирсэн хэн нэгэн ажлаа бүтээхийн тулд олон хаалга тогших хэрэгтэй болно. Түүнээс гадна Засгийн газар өөрчлөгдөх бүрд бүх зүйл өөрчлөгдөнө гэдгийг санах хэрэгтэй. Ийм хүнд суртлыг арилахыг хүлээснээс Засгийн газрын хэн нэгэн том албан тушаалтанд анхаарлаа хандуулахаас өөр аргагүй болно. Нэмж хэлэхэд Монголын Засгийн газар байгаль орчинд ээлтэйг биш харин өөрсдөдөө ашигтай  бодлого хэрэгжүүлдэг. Монголын Засгийн газрын зарим албан тушаалтнууд Монголын ураныг эзэмших Оросын санал ураны зах зээлийг хяналтдаа байлгаж, дэлхийн зах зээл дэх бусад өрсөлдөгчдөдөө боломж олгохгүй байх санааг агуулж байна гэдэг. Гэвч Монголчууд уранаа өөрсдөө олборлолоо гэхэд хаана хэнд худалдах болж байна гэдэг асуултыг тэд мөн тавьж байсан юм. Оросоос өөр хэн уран худалдаж авах юм бэ? “Wallace Mays” Мардайн эзэмшлийн хувьцааг Энэтхэгийн талд худалдах талаар нэгэнтээ үг цухуйлгаж байсан. Гэвч тээвэрлэлтийн асуудал урган гарч ирсэн. Учир нь, Оросын тал уран олборлолтод хяналт тавих боломж олгохгүй бол тээвэрлэлтийг тус улсын нутаг дэвсгэрээр дамжуулахаас татгалзсан бол Хятад мөн л уран үйлдвэрлэлд өөрсдийн тоног төхөөрөмжийг оруулахгүй бол тус улсын нутгаар дамжуулан тээвэрлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ Монголын Засгийн газарт мэдэгдсэн юм.

Монголын эрх баригчид Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг дагаж мөрдөх үндэсний илтгэл 2004 онд боловсруулсан. Засгийн газрын зарим албан тушаалтан Монголын урантай холбоотой улс төр, эдийн засгийн асуудлыг авч хэлэлцэж эхэлсэн авч Засгийн газар цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэнээ мартсан бололтой. Монгол 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж  2000 оны хоёрдугаар сарын 3-нд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж