Японоос сайд импортлоё

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

Японоос сайд импортлоё

Японы Худалдааны сайд Ёшио Хачиро газар хөдлөлт, цунамид өртсөн Фукушимаг  “Үхлийн хот” гэж хэлжээ. Дээр нь тэрбээр өнгөрсөн пү­рэв гаригт гамшигт сүйдсэн газарт зочлох үеэрээ нэгэн сурвалжлагчийн хувцсанд гараа хүргэн “Би чамд цацраг идэвхит бодис халдаачихлаа” гэж хошигносон аж. Үүнийг нь япончууд цагаа олоогүй хошигнол байна гэж үзэн, дургүйцлээ илэрхийлсэн бай­­гаа юм. Ингээд л мань хүн албан тушаалаасаа ог­цорчээ. Нээрээ шүү. Ин­гээд л огцорсон байна. Гэх­дээ би хувьдаа үүнийг тийм ч сүртэй асуудал гэж ойл­гохгүй байна. Жишээ нь Оросын Ерөнхийлөгч Д.Мед­ведев гэхэд олны өмнө шал согтуу гарч ирээд, баахан гуйвчихаад яагаачгүй л байна. Бас манайд иймэрхүү зөрчил гаргасан улстөрч, сайд, дарга олон байдаг шүү дээ. Үүнээс ч эвгүй байдалд орчихоод үгүйсгэж, зогсдогуудыг нь ч мэдэх юм байна. Ялангуяа сонгуулийн үеэр Японы сайдынхтай харьцуулашгүй том алдаа гарах вий. Харин манай төрд ийм сайд байна уу. Мөн сэтгүүлчидтэй ингэж хошигнох сайд олдох уу. Манай сайдууд сэтгүүлчидтэй хошигнох бус шүүхэд өгөх, болж өгвөл хүн хөлсөлж зодуулахад ч бэлэн байж мэдэх юм. Гэтэл “Үхлийн хот” гэж үнэн үг хэлчихээд огцроод байх даа яахав дээ. Бас болоогүй, бүр уучлалт гуйж онигоо болж байж индэрээс буусан байгаа юм. Бодоод үзэхэд манай улсад хамгийн сүүлд ард иргэдээсээ уучлалт гуйсан хэн байдаг билээ. Үзээд өгье гэсэн ч байхгүй болов уу даа. Аан тийм. Бүр дээхин үед Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргыг өшиглөчихөөд, наадамчдаас уучлал эрж байсан юм байна. Тэгэхээр бид яаж ч бодоод үзсэн дотоодоосоо ёс журамтай, хариуцлагатай, шударга сайд олохгүй нь. Харин гаднаас авчирж, ажиллуулахад ёоз, ёозоороо бий дээ. Манай гудамжаар дүүрэн япон машин явж байгаа юм чинь аль нэг салбарын сайд маань япон хүн байхад болохгүй нь юу байхав. Тэгээд ч Монголын эдийн засаг сайжирч, төгрөг чангарч байгаа гэсэн. Төгрөг чангарна гэдэг чинь гадаад худалдааны салбарт тустай шүү дээ. Сайд худалдан авах шаардлагатай энэ үед төгрөг чангарч байгаа нь бүр ч сайн хэрэг. Нэгэнт л гадагш нь мэдлэгтэй, чадвартай хү­мүүсээ экспортолж чадах­гүй байгаа юм чинь энэ улсыг зөв удирдан чиглүүлэх “легионер” сайдуудтай болцгооё. Үүний тулд тэднийг импортлоё.

Т.Есөн-Эрдэнэ

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж