“Локомотив” багийг дахин бүрдүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.13-нд нийтлэгдсэн

“Локомотив” багийг дахин бүрдүүлж эхэллээ

Дэлхий нийтийг тэр тусмаа хоккейн ертөнцийг уй гашууд автуулсан ЯК-42 онгоцны ослоор ОХУ-ын “Локомотив Ярославль” багийн 26 тоглогч амиа алдсан билээ. КХЛ буюу Хоккейн тивийн лигийн улирлын нээлтийн тоглолтоо хийхээр Беларусийн Минск хотыг зорих замдаа онгоц нь осолдсоны улмаас 45 хүний 43 нь амиа алдаж, амь гарсан цорын ганц тоглогч болох Александр Галимов эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч өчигдөр амьсгал хураасан билээ. Одоо ослоос ганцаараа амьд үлдсэн нь нисэх багийн гишүүн Александр Сизов болж байна. Түүний биеийн байдал харьцангуй тогтворжсон гэнэ. 

Ослоор амь үрэгдсэн 44 хүний 37 нь “Локомотив” багийн “харьяалалтай”. Тэдгээрээс 27 нь тоглогчид бол үлдсэн нь багийн дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, эмч, илээчид болоод албаны хүмүүс юм.

Тэдний хөлөглөсөн ЯК-42 онгоц Ярославль хотоос хөөрмөгцөө Туношно нисэх буудлаас ердөө дөрөвхөн км-ийн зайд осолдсон. Минск хотыг зорин хөдөлсөн онгоцонд “Локомотив Ярославль” багийн нэг гишүүдээс бусад нь бүгд сууж явжээ. Мөн “Локомотив”-ийн залуучуудын багийн дөрвөн гишүүн болоод дасгалжуулагчийн багийнхан ослоор амь үрэгдсэн юм. Нислэгийн бүрэлдэхүүнд багтаагүй ердөө хоёрхон гишүүн байгаагийн нэг нь багийн довтлогч Максим Зюзякин, нөгөөх нь хаалгачийн дасгалжуулагч, Финландын мэргэжилтэн Йорма Валтонен нар. Өдгөө 20 настай Зюзякин багийн ахлагч дасгалжуулагч, Канад мэргэжилтэн Брэд МакКриммоны заавраар Ярославльдаа үлдсэн бөгөөд “Локо”-гийнхон Минск хотод тоглочихоод эргээд Москвад ирж, “Спартак” багтай ээлжит тоглолтоо хийх хуваарьтай байсан учир Зюзякин Ярославлиас шууд Москвад очиж, багийнхантайгаа нэгдэх учиртай байжээ.

“РЖД” буюу “Оросын төмөр зам” компанийн “Локомотив Ярославль” баг аймшигт ослын улмаас 2011-2012 оны КХЛ-ийн тэмцээнд оролцохгүй гэдэг шийдвэрийг энэ сарын 10-нд албан ёсоор гаргасан. Гэхдээ нэр хүнд, чансаагаараа КХЛ-ийн дараа бичигдэх ВХЛ буюу Оросын хоккейн лигт тоглоно гэдгээ мэдэгдсэн бөгөөд энэ оны арванхоёрдугаар сар гэхэд багаа бүрдүүлж, тэр цагаас эхлэн тус лигийн тоглолтод оролцох болсон байна. Тэднийг шууд ВХЛ-ийн плей-оффт өрсөлдөх эрхийг олгосноос гадна ирэх улирлын буюу 2012-13 оны КХЛ-ийн плей-оффт мөн автоматаар шалгаруулжээ.

КХЛ-ийн ерөнхийлөгч Александр Медведев “Локомотив Ярославль” багийг дахин бүрдүүлэхийн тулд тусгай драфт явуулах шийдвэр гаргасан бөгөөд лигийн бусад 23 баг гурав хүртэлх тоглогчоо “Локомотив”-д “зориулахыг” зөвшөөрчээ. КХЛ-д Оросоос гадна Беларусь, Казахстан, Латви болон Словакийн нийт 24 баг өрсөлддөг юм. Ингэснээр “Локо” 40-45 тоглогчоос сонгож, шинэ багаа бүрдүүлэх боломжтой болсон байна. Түүнчлэн тэд залуучуудын багаасаа таван тоглогчийг авахаар болсон гэнэ. КХЛ-ийн нэг багийн бүрэлдэхүүнд таван легионер тоглогч байх дүрэмтэй ба “Локомотив”-ийн зүгээс багийн бүрэлдэхүүн жигдрэх хүртэл зургаан легионертай байх зөвшөөрөл хүсэх талаар ярилцаж байгаа ажээ. Харин багийн ахлах дасгалжуулагчаар өмнө нь тус багийг хэсэг хугацаанд удирдаж байсан Пётр Воробьев ажиллах болсон байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж