”Манай мөнгөний бодлого гацаанд орчихоод байгаа”

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

”Манай мөнгөний бодлого гацаанд орчихоод байгаа”

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороооны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Танай хорооны хийж гүйцэтгэж байгаа олон л ажил байгаа байх. Тэдгээрээс иргэдийн дунд хамгийн их анхаарлыг нь татаж байгаа асуудал бол орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санг бүрдүүлэх бондын асуудал болов уу?

-Монгол Улсын Засгийн газар энэ оны эхээр иргэдийг орон сууцжуулах тухай шийдвэр гаргасан. Үндэслэл нь дунд хугацааны хөгжлийн бодлогоос эхтэй гэж хэлж болно. Ялангуяа Улаанбаатар хотын орон сууцны нөхцөлийг илүү сайжруулья гэсэн зорилт юм. Энэ төсөл дотор 100 мянган айлын орон сууцыг барих тухай хэсэг байгаа. Энэ саналыг юун дээр үндэслэж гаргасан бэ гэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотод 40 мянган айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байдаг. Энэ бол багагүй амжилт байсан хэдий ч өнөөдөр хангалтгүй тоо болж харагдаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн ердөө 29 хувь нь л орон сууцанд амьдарч байгаа. Үүнээс харахад л Монголд орон сууцны эрэлт хэчнээн их байгааг харж болно. Нэг талаас иргэдээ орон сууцжуулах нөгөө талаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудлаас үүдэн ийм зорилт тавьсан байгаа юм.

Энэ зорилтыг хангахдаа хоёр зүйлийг анхаарч үзэх ёстой байгаа. Юуны өмнө манай иргэдийн авч байгаа цалин, өрхийн орлого ямар байгааг харах ёстой. Иргэдийн дундаж цалин одоо л 300 орчим ам.долларын хэмжээнд хүрч ирж байна. Гэтэл хоёр өрөө байрны үнэ 60  мянган ам.доллар байсан үе бий. Одоо 50 орчим сая төгрөг болж байна. Тийм болохоор энэ бодит нөхцөл байдалд орон сууцжуулах зорилтыг биелүүлэх арга замыг олох л хэрэгтэй болсон. Тэгэхээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр дотроо орлого багатай иргэдэд зориулж 15 мянган айлын орон сууц барих зорилтыг тусгаж санхүүжилтийн арай хөнгөлөлттэй арга замаар орон сууцжуулахаар болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд зориулсан квот бий болгосон.Энэ нь бодлогын эхний арга хэмжээ болж байна. Гэхдээ асуудал ингээд бүрэн шийдэгдчихгүй. Тийм болохоор манай хорооноос стратегийн шинж чанартай санал оруулсныг Засгийн газар хүлээж авсан. Өнөөдөр ихэнх орон сууцны зээлүүд 10 жилийн хугацаатай, өндөр хүүтэй байгаа болохоор орлого багатай иргэд орон сууц авахад нэн бэрхшээлтэй.  Дээр нь урьдчилгаа төлбөр их өндөр. Тийм болохоор 15 мянган айлын орон сууцны зээлжилтийн хугацааг арав биш илүү урт, тухайлбал хорин жилээс багагүй урт хугацаагаар иргэдэд олгохоор төлөвлөж байгаа юм. Энэ бол эхний асуудал. Өөр нэг асуудал нь энэ зээлийг авч байгаа иргэдэд тусгай данс нээж өгөхөөр болсон. Тэгэхээр хүний хөгжлийн сангаас иргэдэд хүрч байгаа мөнгийг шууд тэр дансаар нь дамжуулж орон сууцны хөтөлбөрт оруулахаар зохицуулах юм. Ингэснээр зах зээл дээр мөнгө цацахгүй байж аль болох инфляци үүсгэхгүй гэсэн санаа.  Энэ бүхнийг Засгийн газраар батлуулаад Орон сууц санхүүжилтийн корпораци хэрэгжүүлэхээр болсон.

Дээр нь санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг шийдэхдээ аль болох бага хүүтэй зээл байхаар зохицуулах хэрэгтэй болж байна.

-Яаж зохицуулах вэ?

-Тухайлбал, Засгийн газар 15 мянган айлын орон сууцны зээлийн хүү жилдээ дээд тал нь 6 хувь байхаар тогтоож өгсөн. Энэ нь ямар байдал үүсгэж байгаа вэ гэхээр өнөөдөр арилжааны банкуудаас өгч байгаа зээлээс бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг олох хэрэгтэй болж байгаа юм. Энэ бодлогыг арилжааны банкууд хэрэгжүүлэх боломжгүй. Тийм болохоор энэ зээлийг хэрэгжүүлэх газар нь Хөгжлийн банк л болж байгаа юм. Дашрамд хэлэхэд, хэрэв бид Хөгжлийн банк байгуулаагүй бол өөр ямар ч банк ийм байдлаар зээлийн санхүүжилт олж ирэхгүй байсан. Харин хэчнээн шүүмжлэлтэй тулгарч байсан ч Хөгжлийн банк байгуулсан нь биднийг бага орлоготой иргэдээ орон сууцжуулах боломжийг олгож байна.

-Манайхан зургаан хувийн хүүтэй зээл гэж нэрлээд яваад байгаа энэ ажил одоо яг ямар шатандаа байгаа вэ?

-Хөгжлийн банк санхүүжилтийн асуудлыг энэ сараас эхлэн шийдвэрлэж хэрэгжүүлэхээр болоод байна. Хүмүүс дээрхи санхүүжилтийн асуудлыг яагаад удаагаад байгаа юм бэ гэж багагүй шүүмжилдэг. Гэтэл Хөгжлийн банк маань саяхан байгуулагдсан. Нэг үгээр хэлбэл, зургаан сартай хүүхдээс 600 сая ам.доллар нэхээд байгаатай адил зүйл болох гээд байна. Гэхдээ асуудлыг хурдан шийдэхийн төлөө ажиллаж байгаа. Ер нь бол зах зээл дээр санхүүжилт, мөнгө босгох ажилд наанадаж 2-3 сарын хугацаа орж байна. Ямар ч байсан бид бэлтгэл ажлаа хийж дуусаад одоо бонд гаргах эцсийн шатны ажлыг хийж байгаа. Энд онцлоход, бид маш бага хүүтэй зээлийн санхүүжилт хайж байгаа учраас нэг хоёр сар ч хүлээх шаардлага гарч болно. Дайралдсан санхүүгийн эх үүсвэрээс өндөр хүүтэй мөнгө оруулж ирэх юм бол үндсэн зорилт маань хангагдахгүй. Өөрөөр хэлбэл, иргэдэд бага хүүтэй зээл олдохгүй болно гэсэн үг. Тийм болохоор эх үүсвэрээ олтол хугацаа шаардагдана. Ажил явж байгаа. Саяхан Хятадын Эксим банк орон сууцны санхүүжилтэд баталгаа гаргахаар болсон нь нэг үр дүн. Хэдийгээр өөрсдөө шууд санхүүжилт хийхгүй ч энэ чиглэлээр өөр эх үүсвэрээс санхүүжилт хийхэд эрсдэлийг нь дааж авна гэсэн баталгаа өгч байгаагаараа маш чухал. Энэ мэтчилэн ажил цэгцэрсэн. Одоо бондыг гүйлгээнд гаргах ажилдаа орж байна.

Дүгнээд хэлбэл, иргэд Хүний хөгжлийн сангаас авах мөнгөө орон сууцны санхүүжилтдээ зарцуулах боломжийг хангаад өгчихлөө. Дээр нь бондыг гаргах ажил үндсэндээ шийдэгдсэн.

Мөн ЗГХЭГ-ын дэргэд байгуулагдсан Үндэсний хороо чухам ямар орон сууцнууд хаана баригдах гэх мэт асуудлуудыг шийдэж дуусч байгаа гэж бодож байна. Бас өөр нэг асуудал шийдсэн нь 15 мянган айлых нь буюу бага орлоготой иргэдийн орон сууцны стандартыг гаргасан. Энэ нь 1-2 өрөө бүхий 50 ам.метр талбай бүхий орон сууцнууд байх юм. Ийм стандарттай байрыг Хүний хөгжлийн сангийн мөнгийг ашиглаад, дээр нь жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг нэмж аваад, хориос доошгүй жилийн хугацаатай эргэн төлбөл бага орлоготой өрхүүдэд очих дарамт харьцангуй бага болно. Тооцоогоор бол сар бүр 200 орчим мянган төгрөгийн төлбөр л төлж байхаар гарсан. Ирэх сард ямар байршилтай, ямар стандартын байруудыг санал болгохоо олон нийтэд зарлаад эхлэх байх. Тухайлбал, Яармагт баригдах орон сууцнуудын тийм байрууд нь орон сууцны хөнгөлөлттэй зээлийн байрууд гэх зэрэг мэдээлэл хүмүүст хүрч эхэлнэ. Хэнд энэ асуудлаар хандах нь ч ойлгомжтой болсон байгаа. Орон сууц санхүүжилтийн корморацид хандана. Мэдээж барих компаниуд нь ч тодорхой байх болно. Ингэхээр 100 мянган айлын орон сууц барихтай холбоотой ажлуудыг цэгцэлж дуусч байгаа юм. Бас энэ ажилтай зэрэгцээд өөр бусад томоохон ажлуудыг ч бас хийж байна. Тухайлбал, дэд бүтцийг барьж байгуулах ажил үргэлжилж байна. Урьд нь ямар байсан гэхээр төсвөөс барилга орон сууц барих зардлыг өгдөг ч дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгдөггүй байсан болохоор нэгэнт бий болчихсон дэд бүтцээ тойрч шавах байдлаар орон сууц барилгыг барих болсон. Харин одоо бол Хөгжлийн банк урьдчилаад дэд бүтэц барих санхүүжилтийг нь өгчихөж байгаа. Тэгэхээр бэлэн болсон дэд бүтэц дагуулан хувийн компаниуд 100 мянган айлын орон сууц бариад тэндээсээ 15 мянган айлын сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэдэд санал болгох юм. Онцгой анхаарах нэг зүйл бол хөнгөлөлттэй нөхцөлийн зээл нь өрх бүрт очихгүй, зөвхөн орлого багатай 15 мянган айлд л хамаатай байх юм. Зуун мянган айлын орон сууцны бусал хэсэг нь одоогийн арилжааны банкуудын санал болгож байгаа нөхцөлийн зээлийн болон бусад тансаг зэрэглэлийн үнэ бүхий байрууд ч байх болно гэсэн үг. Манайхан моргейжийн хэлбэрээр гэж ярьж байгаа байх.

-Манайхан ч аливаа асуудлын сүүдэртэй талыг нь эхэлж хардаг. АНУ-д яг ийм моргейжийн зээлийн асуудлаас болж хямрал эхэлсэн байдаг. Бид энэ алдааг нь давтахгүй байгаа?

-Намайг АНУ-д байх үед буюу 2007 оноос энэ хямрал яг эхэлж байсан санагдаж байна.  Эхлээд гэм хоргүй мэт эхэлж байсан юм. 2007 оны хавраас эхний таагүй мэдээнүүд гарч эхэлсэн дээ. Хүмүүс моргейжийн зээлээр авсан байрныхаа төлбөрийг төлж дийлэхгүй байгаа тухай мэдээнүүд байнга гарах болж ирсэн. АНУ яагаад энэ асуудлаар алдаа гаргав гэж судлаад үзэхээр хөнгөлөлттэй хямд орон сууцны зээлийг иргэддээ ямар ч хязгаарлалт байхгүйгээр олгосонтой холбоотой юм билээ. Чухам ямар орлоготой хүн бэ,барьцаалах хөрөнгө байна уу гэх зэргийг нь бүр анхаарахаа болиод л хавтгайд нь өгсөнөөс үүдэлтэй гэж хэлж болно. Хүмүүс байр авч л байвал банкуудын баланс сайхан харагддаг, эдийн засаг нь өсөөд байгаа мэт үзүүлэлт гарч байсанд л хууртагдсан болж таарч байна. Мэдээж орлогогүй иргэд нь байрныхаа мөнгийг төлж дийлэхээ байж эхэлмэгц хямрал үүсч эхэлсэн. Зарим банкууд иргэдийн зээлийг цаашаагаа дамжуулан худалдсан байсан. Ингээд л найдваргүй зээл, барьцаалагдсан иргэд гээд санхүүгийн хямрал үүссэн байдаг. Манайх ийм байдлыг давтахгүйн тулд ийм төрлийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бүх хүнд өгөхгүй гэж шийдэж байгаа. Тодорхой иргэд зах зээлийн одоогийн нөхцөлөөр төлбөрөө хийгээд л байр сууцаа аваад байж болно. Нөгөө талаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах орон сууцны стандартыг тогтоож өгч байгаа нь эрсдэлийг бас буурулах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний худалдан авах чадвараас нь давчихсан байр байх ёсгүй юм. Дээр нь тухайн зээл авч байгаа өрхийн худалдан авах чадварт нь нийцүүлж нөхцөлийг нь тогтоож өгсөн.

Гадаадынхан зарим нэг шүүмж хэлдэг юм билээ.

-Ямар…?

-Жишээ нь, улсын орлогод бөөн мөнгө орж ирмэгц аль нэг салбар руу бүгдийг нь хийгээд баахан юм барьж орхидог. Нэг салбараа хэт санхүүжүүлснээс хямрал үүсдэг. Тийм зураглал танайд ч гарч ирж байна гэдэг шүү.

Үнэхээр хөндөх асуудал бол мөн. Гэхдээ бид бас бодсон юм бий. Ганцхан орон сууц л бариад больчих юм биш. Тухайлбал, үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын ажил явж байгаа. Үүний тулд бодлогын хоёр чухал ажил хийсэн. Эхнийх нь Концессийн тухай хууль гаргаж энэ зохицуулалтыг эрх зүйн хувьд шийдэж өглөө. Нөгөөх нь Хөгжлийн банк байгуулсан явдал. Ингэхээр энэ хоёр зохицуулалтыг ашиглаад дэд бүтэц болон боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах боломжтой болчихсон. Өмнө нь зөвхөн төсвийг л хардаг байсан болохоор бодлогоор хөрөнгө оруулалт хийх боломж гардаггүй байсан хэрэг. Одоо өөр болж байна. Бид өнгөрөгч тавдугаар сард анхны Концессийн гэрээгээ байгуулж Завханд цахилгаан станц барихаар болж байна. Бидний ажил биеллээ олж байгаа хэрэг. Одоо Хөгжлийн банк маань зээлээ олгож эхэлбэл биелэлээ олох хоёр дахь ажил маань энэ болно. Цаашдаа боловсруулах үйлдвэрүүдийг барих ажилд хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ асуудлыг шийдэхийн тулд төслийн боловсруулалт дээр нь гадаадын арвин туршлагатай компанитай хамтран ажиллаж байгаа. АНУ-ын аж үйлдвэрийн паркийг байгуулсан асар их туршлагатай “Бекделл” гэдэг компани хамтарч байгаа. Монголын аж үйлдвэрийн паркийг Дорноговьд байгуулах ажлын судалгааг хийж байгаа юм. Судалгааны эцсийн тайлан арваннэгдүгээр сард ирнэ. Эдгээр судалгаан дээр тулгуурлаж дотоод, гадаадын аж үйлдвэрүүдийн бүсийг бий болгож хөрөнгө оруулж барих юм. Дээр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт бас хөрөнгө оруулалт хийх болно. Нэг үгээр хэлбэл, дан ганц салбарыг тойглоод байх асуудал гарахгүй. Бид хөрөнгө оруулалтыг нь дэмжсэнээр 2015 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоог одоо байгаагаас хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна. Жилдээ ядаж нэг сая жуулчин ирдэг болно гэсэн үг. Үүний тулд зам барих, орон нутгийн тээврийг хөгжүүлэх, нислэгийн тоог нэмэх гээд хөрөнгө оруулалт шаардлагатай ажил олон байна. Сангийн яамтай хамтарч ажилласны үрээр Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх буудлыг барихаар болж байна. Орон нутгйин тээврийн сүлжээг сайжруулахын тулд жил бүр 600 км зам барьж байхаар төслийг батлуулсан. Энэ нь олон төрлийн санхүүгийн эх үүсвэрээр хийгдэнэ. Гэх мэт дагнасан биш харин далайцтай олон салбарт хөрөнгө оруулалт хийгдээд явах юм. Нэгэнт бодлогын зээл гэдэг утгаараа барьж байгаа чиглэл бий. Манай улсын хувьд үндэсний аюулгүй байдалд заналхийлж болох гурван том аюул бий. Нэгдүгээрт, нефть бүтээгдэхүүний хангамж. Энэ асуудлыг нэн түрүүн шийдэж хараат байдлаас гарах ёстой. Тийм учраас бидний хөгжлийн зорилтод оруулж байгаа зорилгын нэг нь нефтийн үйлдвэрүүдээ барих ёстой болж байна. Хоёрдахь нь, эрчим хүчний хангамжийн асуудал байна.Сүүлийн үед гаднаас авч байгаа эрчим хүчний хэмжээ нэмэгдэж байгаа мэдээлэл бий. Тиймээс эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлэхэд хөрөнгө зарах болно.Гуравдугаарт нь, дэд бүтцээ хөгжүүлэх шаардлага байна. Энэ гурван асуудлыг бодлоготойгоор санхүүжүүлж хөрөнгө зарж хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Ийм маягийн бодлогоор хөрөнгө оруулалт хийх ажлыг Хөгжлийн банк л хийж чадах юм.

-Хөгжлийн банк гэснээс энэ банкийг маш богино хугацаанд байгуулсан гэх шүүмж бий. Ийм шүүмжид хэрхэн хандаж байгаа вэ?

-Хөгжлийн банк байгуулах асуудал бол саяхны санаа биш шүү дээ. Аль 2008 онд л ярьж байсан ч тухайн үеийн эдийн засгийн хямрал болон сонгуулийн дараахь таатай бус улс төрийн нөхцөл гэх мэт хүчин зүйлээс болоод хойшилсон. Дараа нь бодлогын боловсруулалтаа хийх зэргээр багагүй хугацаа орж байж л шийдсэн болохоор ганц өдөр байгуулсан юм шиг хэлж болохгүй. Байгуулах шаардлага бол байсан гэдгийг ганцхан жишээгээр хэлье. 2008 онд Монголд орж ирсэн уул уурхайн ашиг орлого маш их байсан. Нэг тэрбум илүү ам.долларын ашиг орж ирсэн. Эрчим хүчний салбарт гайгүй хэдэн хөрөнгө оруулалт орсноос бус үнэндээ бодлоготой ашиглаж чадаагүй. Олигтой хэдэн зам ч бариагүй л өнгөрсөн.Тэгвэл одоо байдал өөр болж байгаа юм. Хөгжлийн банк бодлогын дагуу хөрөнгө оруулалт хийснээр уул уурхайн ашгийг зөв бодлогын дагуу зарцуулна. Тэгээд ч дэлхийд үлгэр жишээ болдог Японы болон Германы Хөгжлийн банкуудын туршлага, хамтын ажиллагааг авч байгаа. Тэд одоо ч хамтарч ажиллаж л байна.

-Бас гадаад хүмүүсээр удирдуулах болсныг ч таашаахгүй хүмүүс байгаа л бололтой…?

-Яагаад гадаадынхныг уриад байна гэхээр Монголд өмнө нь Хөгжлийн банкийг огт байгуулж байгаагүй юм. Харин бусад орнуудад ийм арвин туршлага байсан гэдэгтэй энэ асуудал холбоотой. Шууд хэлэхэд, бидэнд туршлагатай боловсон хүчин байхгүй байна. Хөгжлийн банк гэдэг нь өөрөө онцлогтой ажилладаг байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Нэг талаасаа арилжааны банкууд шиг ажиллаж болохгүй гэсэн үг. Арилжааны банкинд жишээ нь худалдааны төв болон нефтийн үйлдвэрийн гэсэн хоёр төсөл бариад ороход ашгаа хурдан өгөх ч гэдэг юм уу, энэ үүднээс магадгүй худалдааны төвийг сонгоно. Тэгвэл Хөгжлийн банк бодлогын дагуу хөрөнгө оруулалтаа хийдэг. Тийм болохоор ашиг нь тэр дороо гарахгүй ч стратегийн хувьд шаардлагатай гэж үзээд нефтийн үйлдвэрт нь хөрөнгө оруулалт хийх гэх мэт зарчмын ялгаа гарч байдаг. Гэхдээ нөгөө талаасаа Хөгжлийн банк нь захиргаадалтын арга барилаар бас явж байж болохгүй. Өөрөөр хэлбэл төсвөөс зам бариуллаа гэхэд эргээд тооцох хариуцлага сул байх тал бий. Гэтэл Хөгжлийн банкнаас олгож байгаа хөрөнгө оруулалт нь эргэж төлөгдөх зээлийн нөхцөлөөр олгогдоно. Ингэж харвал Хөжглийн банк нь арилжааны банк шиг биш, бас төсвийн албадлага хэлбэрээр ч ажиллахгүй болж байна. Гэтэл манайд нэг бол төсвийн эдийн засгаар дадлага туршлагатай болсон эдийн засагчид, эсвэл арилжааны банкинд ажиллаж байсан эдийн засагчид л байгаад байдаг. Харин Хөгжлийн банкинд өөрийн гэсэн арга барил шаардсан мэргэжилтнүүдийг ажиллуулах хэрэгтэй байгаа болохоор гадаадын багийг шалгаруулж ажиллуулсан. Гэхдээ бид гадаад дотоодын сайн баг байвал удирдлагад нь ирээч гэж тендер зарлаж шалгаруулсан байгаа. Ингээд Өмнөд Солонгосын баг шалгарсан юм. Өмнөд Солонгосын Хөгжлийн банк гэхэд 1954 онд байгуулагдсан байдаг. Одоог хүртэл 50 гаран жил ажиллахдаа улс орноо хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулчихсан, дээр нь 2008 оны эдийн засгийн их хямралын үед хохиролгүй аваад гарсан арвин туршлагатай байгууллага. Ингэж ажилласан туршлагатай хүмүүс нь багаар ирж ажиллаж байна. Сонголтод юу нөлөөлсөн бэ гэхээр нэгт, дэлхийд эхний гуравт ордог нэр хүнд, арга туршлагыг нь харсан. Хоёрдугаарт Өмнөд Солонгосын Хөгжлийн банк маш сайн сургалтын системтэй, тэндээ манай боловсон хүчнийг сургахаар тохирсон. Өмнөд Солонгосын удирдлагын баг дөрвөн жилийн гэрээтэй л ажиллана. Дараа нь манайх боловсон хүчнээ бэлдчихээд өөрсдөө аваад явж ч болно. Жил болгон 15 хүртэл тооны монгол мэргэжилтнүүдийг сургахаар болж байна. Одоо монгол ажилтан гэхэд 40 байна. Цаашдаа 100 ч болж болно. Тэднийгээ бэлдээд 4 жилийн дараа Хөгжлийн банкаа өөрсдөө авах явах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож байгаа.

-Хөгжлийн бодлого хэрэгжүүлэх болон уул уурхайгаас хөрөнгө орж ирэх гэсэн хоёр зүйл хоорондоо хэр уялдаатай явж байна вэ? Өөрөөр хэлбэл бид ордуудаа ашиглаж дуусахаас өмнө хөгжиж амжих уу?

-Тавантолгой ордын одоо тогтоогоод байгаа нөөцөөс жил бүр 30 сая тонн нүүрс зөөгөөд байхад л 200 жил олборлох нөөц байгаа юм. Оюутолгойн нөөцийн хувьд 70 хүртэл жил гэх зэргээр тооцвол байгалийн баялгийн асар их нөөц байгаа хэрэг. Цаана нь ч хөндөгдөөгүй нөөц байсаар байна. Ингээд харахад ойрын 60 жилд уул уурхай бидэнд ашгаа өгөөд явах нь байна. Гэвч уул уурхай бол бидний ганц зорилго огт биш юм. Бид энэ салбараас олж байгаа ашгийг оюуны боловсролд зориулах болно. Бид төсвөөс жил бүр 20 гаран хувийг нь боловсролын салбарт зарцуулсаар ирсэн. Цаашдаа ч өгнө. Монгол бол зөвхөн газрын доорхи төдийгүй газар дээрхи баялаг ихтэй улс. Тухайлбал өвс ургамал, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргадаг мал амьтан ч байна. Тийм болохоор биотехнологийг дэмжих хэрэгтэй. Мөн технологийн чиглэл, нанотехнологи, мэдээллийн технологи гэх мэт оюуны чадварт түлхүү суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байна. Монгол одоогоор хүн ам багатай байгаа нь үнэн. Ажиллах хүч ихээр шаарддаг аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд дутагдах зүйл байна гэсэн үг. Сүүлд сонсож байхад уул уурхайн салбарт ажиллах хүч багагүй татагдаж байгаагаас болж ажиллах хүчний хомсдол бусад газраа дутах тал ажиглагдаж эхэлсэн байна лээ. Тийм болохоор харьцангуй оюуны чадвар шаардсан салбарыг л түлхүү хөгжүүлбэл оновчтой юм. Гар утасны системүүд дээр тулгуурласан бүтээгдэхүүнээс өгсүүлээд олон боломж бий.

-Нээрэн аппликэйшн хийх талаараа сайн өрсөлддөг юм билээ. Хэр ирээдүй байгаа бол?

Одоо ч амжилт гаргаж байгаа. Манай монголчуудын өрсөлдөх чадвар тун сайн.Тухайлбал, мэдээллийн технологийн салбарын гаргаж байгаа бүтээгдэхүүн ДНБ-ний 9 хувийг дангаараа эзлэх болсон. Энэ чиглэлээр 400 гаран монгол компани ажиллаж дэлхийн 21 оронд программ нийлүүлж байгаа юм. Үүнийг бид цаашдаа улам дэмжиж уул уурхайгаас орж ирж байгаа ашиг орлогыг энэ салбарт хөрөнгө оруулалт болгон өгөх ёстой. Оюутны хотхон түшиглэсэн мэдээлийн сайн сүлжээ бүхий системийг бий болгоод өгөхөд л залуус маань өөрсдийн бүтээлээ шууд зах зээл рүү гаргаж ч болохоор тийм нөхцөл хэрэгтэй байна. Монгол залуус хэнээс ч дутахгүй сэтгэж бүтээж байгаа. Нөгөө талаар уламжлалт нүүдлийн мал аж ахуйг ч хөгжүүлэх шаардлагыг бас орхиж болохгүй юм. Энд онцлоход, Монгол орон үсрэнгүй хөгжлийнхөө эхний шатанд орчихсон байгаа. Урьд нь энэ талаар ярихаар хүмүүс биднээс “тэр чинь хаана байна” гэж асууж шүүмжилдэг байсан. Тэгвэл  одоо  хэдийнээ эхэлчихээд байгаа. Энэ жил гэхэд л Монголын эдийн засгийн өсөлт 14 хувьд хүрлээ. Ирэх жил 17 хувьд хүрэх байх. Малайз, барууны зарим орны нөхдүүд энд ирсэн хойноо “Танайх ойрын гурван жилд танигдахын аргагүй өөрчлөгдөх болно” гэж хэлцгээж байна. Тэгэхдээ манай орныг уул уурхайн орон гэж хэлэхгүй байгаа юм. Харин уул уурхайн ардчилсан орон гэж нэрлээд байгаа. Асар их ялгаа харагдаж байна. Жишээлбэл, уул уурхайн баялаг болон энэ салбарын хөгжил нь дэлхийд томоохонд ордог улс орнуудад байгалийн баялаг нь хяналтгүй шахуу олборлогдож, зарагдах нь элбэг байдаг. Манайд өөр байна. Хяналт төрийн зүгээсээ ч тэр, олон нийтийн зүгээс ч тэр сайн хяналттай байгаа гэж би үздэг. Үүнийг л тооцож үзээд гадаадынхан бидний хөгжилд итгэж байна, нөгөө талаар дээр өгсөн тодорхойлолтыг хэлж байгаа байх. Нэг үгээр хэлбэл засаглал сайн байна гэсэн үг. Ливи,Венесуэл, Төв Азийн гэх зэрэг зарим орныг харахад уул уурхайн баялаг нь бараг солигддоггүй шахам засаглалын хэрэглээнд л яваад дуусч байдаг жишээ олон. Манайд бас ч гэж хуваарилалт хийхийг хичээж байна. Энэ жил гэхэд л Хүний хөгжлийн санд 100 тэрбум төгрөг орж ирсэн байгаа юм билээ. Гэх мэтээр шүүмжлэл олон ч сайн талууд бас бий.

-Хятадууд эдийн засгийн өсөлт хөгжлийн бодит үзүүлэлт байхаа болилоо гэж ярих болсон. Бас урд хөрш маань гаднаас авах түүхий эдийн хэмжээгээ багасгах, царцаах байдал ч гарах болж. Ийм нөхцөлд бидэнд ямар нөлөө мэдрэгдэх вэ?

-Яг үнэндээ бол түүхий эд гаргадаг гэж бид шүүмжлэгддэг ч Хятад гэх зэрэг ийм том зах зээлд түүхий эд гаргана гэдэг бол муугүй үзүүлэлт юм шүү. Хэрвээ Хятад авдаггүй байсан бол бид энэ их түүхий эдээ хаашаа ч хийх байсан юм, бүү мэд. Одоо Хятадын эдийн засагт ч бас бүтцийн өөрчлөлт орж эхэлж байна. Бусдын тухай ярих нэг их зохистой биш л дээ. Гэхдээ Хятад их хэмжээгээр үйлдвэрлэсэн хямд бараагаа гадаад зах зээлд асар ихээр нийлүүлдэг байсан нөхцөл өөр болсон. Үүнд Европ, АНУ-ын зах зээлийн хямрал нөлөөж байгаа гэдэг үнэн. Нөгөө талаар Хятадын иргэдийн орлого, цалин нэмэгдэж, дотоод зах зээлийн худалдан авах чадвар ч мөн нэмэгдэж байгаа болохоор дотоодын зах зээл рүүгээ хандсан байдал нь идэвхжиж байгаа юм.

Ийм нөхцөлд бидэнд ямар зүйл мэдрэгдэх вэ гэхээр эхлээд бид юу нийлүүлж байна вэ гэдгээ харъя. Монголоос Хятадад нийлүүлж байгаа экспортын гол зүйл гэхээр нэгт зэс, хоёрт нүүрс, гуравт алт болж байна. Тус бүрт нь ярихад алтны үнэ ойрын хугацаанд буурна гэсэн ойголт бараг байхгүй л болов уу. Улам л өсч байна. Шалтгаан нь дэлхийн санхүүгийн байдал тогтворгүй болж, ам.доллар болон еврогийн ирээдүй бүрхэг болж ирсэнтэй нэг талаараа холбоотой. Дээр нь Грек,Испани зэрэг орны хямрал бас сэтгэхүйн хувьд нөлөөлөөд байгаа юм. Ийм нөхцөлд алтны үнэ буурдаггүй. Тогтворгүй иймэрхүү нөхцөлд хүмүүс үнэ цэнийг алтаар баримжаалж, тодорхойлдог гэсэн үг. Ингэж харахаар алтны зах зээл гайгүй харагдаж байна. Зэсийн тухайд гэвэл Хятадын экспорт ихэссэн ч, багассан ч бай зэсийн хэрэглээ өөрчлөгдөхгүй болов уу.  Зэс өөрөө үйлдвэрлэл болон дэд бүтцийн салбарт маш өргөн хэрэглэгддэг. Эрчим хүчний станцуудаас авахуулаад, машин үйлдвэрлэл, цахилгаан барааны үйлдвэрлэл, компьютер гээд өргөн ашиглагдана. Зэсийг ашигладаг гол үйлдвэрлэгч компаниудын хэрэглээ ойрын хорин жилдээ хэвээрээ байна. Эцэст нь нүүрс байна. Хятад улс гэхэд тэрбум хүнтэй. Эрчим хүчний хэрэглээ нь улам л өсч байгаа. Хятад улс цахилгаанаа гаргаж авахдаа цөмийн энерги гэхээсээ илүү нүүрсийг ашиглаж эрчим хүчээ гаргаж авдаг. Нүүрсний хэрэглээ Хятадад асар их байгаа бөгөөд манай гаргаж байгаа хэмжээ тун бага хувийг эзэлж байгаа юм. Гэхдээ Монголоос л нүүрс авахгүй юм бол өөр нийлүүлэх орон төдий л олон биш. Тэгээд ч үнэтэй. Австрали гэхэд далайн тээврийн зардал нь шингээд манайхаас авч байгаа үнээс хоёр гурав дахин өндөр үнээр Хятадад очиж байна. Ойрхон гэвэл Орос байгаа. Гэхдээ оросууд Сибирь орчмын томоохон нүүрсний ордуудаа ашиглаж эхлээгүй байгаа болохоор ойрын хугацаанд Хятадад нийлүүлж амжихгүй л болов уу. Гэхдээ бас бодох юм байна. Бид нийлүүлж байгаа нүүрснийхээ чанарыг дээшлүүлэх хэрэгтэй байгаа юм. Угаах, бутлах зэргээр анхан шатны боловруулалт хиймээр байгаа юм. Тэгвэл илүү л үнэтэй болно.Одоо бол манайхаас шороо, чулуутайгаа л гарч байна. Саяхан МСS компани гэхэд боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулсан нь сайн хэрэг. Гаргаж байгаа нүүрс нь үнэтэй болно. Бүхэлдээ харахад ойрын арван жилд Монголоос гаргаж байгаа гол гурван түүхий эдийн үнэ гайгүй байх төлөв бий.

-Урд хөршид их хэмжээний зээлийг эдийн засагт оруулснаас үүдсэн хямрал болж байгаа тухай яригдаж байна. Эргээд зээлийг татаж, мөнгөний бодлогоо чангаруулсан нь жижиг дунд үйлдвэрлэлийг сүйрүүлж байгаа гэсэн. Энэ асуудал Монголд ч бас тулгарах юм шиг санагдах юм.  Хааяагүй л зээл, лизинг гээд л ..?

-Наад чинь бол их зөв асуулт. Ер нь бол манай зах зээлийн нэг онцлог нь сүүлийн жилүүдэд банкны зээлэн дээр тулгуурласан эдийн засаг болчихоод байгаа юм. Хөрөнгийн бирж олигтой хөгжөөгүй учраас бизнест хөрөнгө босгохын тулд банкин дээр л очих болчихоод байгаа юм л даа. Банкууд болохоор хүү өндөр, зээлийн хугацаа богинотой байна. Ийм учраас л Хөгжлийн банк байгуулсан юм. Гэхдээ Хөгжлмийн банк жижиглэнгийн зээл гаргахгүй. Ингэхээр жижиг дунд бизнест гарц муутай л болж байгаа юм л даа. Үүнээс гарахын тулд жижиг дунд бизнесийг дэмжих сангуудын ажиллагаа их идэвхжиж байна. Сүүлийн үед гэхэд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг өгсөн байгаа. Дээр нь зах зээл харьцангуй сайжирч байна Хүмүүсийн бэлэн мөнгөний хуримтлал багагүй өссөн нь цаанаа хөрөнгө оруулалтын өлсгөлөнг бий болгочихоод байгаа юм. Хүмүүс автомашин, орон сууц худалдаж авах байдал, өөрөөр хэлбэл тансаг хэрэглээний худалдан авалт нь нэмэгдсээр л байна. Дээр нь борлуулалтын хэмжээ байнга өссөөр байгаа юм. Эрэлт ийм их байгаа болохоор нийлүүлэлтийн эрмэлзэл  мөн нэмэгдэх нь ойлгомжтой. Гэвч хөрөнгө оруулалтын ганц эх үүсвэр болох банкуудын хүү өндөр байх юм бол зах зээлийн энэ эрэлт хангагдахгүйд хүрнэ.

Яг үнэндээ өнөөдөр манай мөнгөний бодлого гацаанд орчихоод байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг талаас эдийн засаг хурдацтай хөгжөөд, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдээд бас хүмүүсийн гар дээр байгаа мөнгөний хэмжээ өсөхөөр дагаад инфляци өсөх гээд байдаг. Тэгэхээр мөнгөний бодлого чанга байж энэ инфляцийн өсөлтийг бууруулах учиртай. Гэвч нөгөө талаасаа бодит эдийн засаг хөгжөөд байгаа болохоор хүмүүст хөрөнгө оруулалт хийх сонирхол маш их байна. Гэтэл мөнгөний хатуу бодлого тэрийг нь боочихоод байгаа юм. Хүү өндөр байгаа учраас гэсэн үг. Жишээ нь манай төв банк гэхэд арилжааны банкуудад сул байгаа мөнгийг нь өөртөө татаж жилийн 11 хувийн хүүтэй байршуулж байгаа. Өөрөө алдагдалд орон байж л хадгалж байгаа хэрэг. Инфляцитай тэмцэж байгаа хэлбэр л дээ. Гэвч энэ нь хэрэгжих байсан олон хөрөнгө оруулалт, маш олон ажлын байр бий болох байсан боломжийг “алж” байгаа юм. Эдийн засгийн хэт халалтаас хамгаалах арга гэж байгаа ч үнэн хэрэгтээ инфляци маань мөнгөний бодлогоос шууд хамаараад байгаа гэхэд бас хэцүү. Тухайлбал 7,8-р сард инфляци өссөн нь автобусны зорчих төлбөрийг нэмсэнээс, оюутны сургалтын төлбөр нэмсэнээс, бензиний үнэ өссөнөөс болсон нь харагддаг. Мөнгөний бодлого огт хамаагүй байсан.

-Энэ гацаанаас гарах гарц байна уу?

-Энэ барьж байгаа мөнгөний бодлого нэг хэсэгтээ хэвэндээ байхаас өөр аргагүй болчихсон л доо. Цаашдаа бол бодлогын өөрчлөлт хийхээс өөр аргагүй болно л доо. Тэр үед хоёр зам байна. Нэг бол ерөөсөө ажлын байр, хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлыг бодохоо болъё. Өөрөөр хэлбэл одоогийн мөнгөний хатуу тогтвортой бодлогоо бариад явах зам бий. Ингэхээр хүүгээ маш өндөр байлгаад, үнэ хэт өсөхгүй, ингээд л явна. Нэг талаасаа нийгэмд энэ нь бас хэрэгтэй байдаг. Цалин тэтгэвэр гээд тогтмол орлоготой хүмүүст үзнэ өсөхгүй байх нь чухал. Эсвэл ийм их эрчимтэй болж байгаа үед хөрөнгө оруулалт, жижиг дунд бизнесээ дэмжээд явья гэж болно. Тэгвэл банкууд төв банк дээр мөнгөө байршуулахаа болих хэрэгтэй. Мөнгөний нөөцөө ашиглаж эхэлнэ гэсэн үг. Хүү ч бууна. Харин үнийн өсөлт гарч ирж болзошгүй байгаа юм. Тэгэхээр нийгэмд тогтворгүй байдал үүсэх эрсдэл бий. Ингэхээр одоогийн мөнгөний бодлогыг сайн бодлого гэж хэлэхэд хэцүү ч өөр сонголт бас харагдахгүй байгаа юм л даа. Нэг  гарц байгаа нь Засгийн газар мөнгийг өөр дээрээ татаж аваад бизнес рүү оруулдаг арга зам руу орж эхлээд байна. Жишээ нь 300 тэрбумын аж үйлдвэрийн бонд байна, Хөгжлийн банкны бонд байна. Харин энэ хоёр хосолсон арга хэмжээ чухам ямар үр дүн авчрахыг хэлж мэдэхгүй байна. Ойрын хугацаанд инфляци цаашдаа ямар болох нь тодорхой болно. Яагаад тэгэж хэлж байна гэхээр 300 тэрбумын аж үйлдвэрийн бондын босгосон мөнгийг Засгийн газар татаж аваад эдийн засагт оруулна. Хөгжлийн банк ч мөн бондын мөнгөө эдийн засагт оруулна. Харин Монголбанк хүүгээ 11 хувьдаа л барьж байх юм. Ийм нөхцөлд эдийн засаг өсөөд харин инфляци өсөхгүй бол одоогийн мөнгөний бодлого боломжийн юм байна гэж харагдах юм. Харин эсрэгээр байвал өөрчлөх л хэрэгтэй болно. Ийм л хоёр замын зааг дээр явж байна.

-Яг хэзээ тодорхой харагдах вэ?

-Энэ оны сүүлийн саруудад л тодорхой болчихно доо, ер нь бол.

М.ТҮМЭННАСТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж