Дөрвийг гүйцэж түрүүлэхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Дөрвийг гүйцэж түрүүлэхийн төлөө

Өнөөдөр ч би бас овоо хурдан алхлаа шүү, гэхдээ л арай амжсангүй. Уржигдар хоёрыг гүйцэж түрүүлсэн. Өчигдөр гурвыг, өнөөдөр дахиад л гурвыг гүйцэж түрүүллээ. Уг нь гадаа арай дулаан байсан бол бараг л дөрвийг гүйцэх байлаа шүү дээ. Чих даарч дэлгүүрт орж, худлаагаасаа юмны үнэ асууж зогсоогүй байсан бол яг гүйцэх байсан юм. Улаан бөгсийг нь нэг хараад л алдлаа даа муу “дөрөв дэхийг”. Маргааш бол дөрвийг  ч гүйцэхдээ л нэг гүйцнэ. Үгүй ээ, яршиг, унших юмтай юм чинь номоо аваад явдаг ч юм бил үү.  Нөгөөдрөөс л дөрвийг гүйцэхээ бодъё. Малгайгаа авах уу, номоо авах уу. Малгайгаа өмсөөд ширүүхэн алхчихвал чих даарахгүй, дөрвийг гүйцнэ, ажилдаа ч хоцрохгүй. Харин номоо авбал “нэгдэх” троллейбусандаа сууж хоёр зуун төгрөгөө өгнө, унших номоо дуусгачихна, дууссаны дараа хэсэгхэн зүүрмэглээд авна, хөөрхөн бүсгүйчүүдийг ханатлаа ажиглана, ажилдаа хоцорно. Өглөө бүр комбинатын буюу 19-ийн буудлаас Төв номын сан орох хооронд унаанд сууж явах уу, алхах уу гэж ийн бодно.

Уг нь унаанд суувал замын түгжрэлд ороод таг зогсчихдог учраас буугаад иймэрхүү зүйл бодоод алхаж байсан нь хамаагүй дээр. Хоорондоо хориод минутын зайтай гардаг гэх нэг чиглэлийн троллейбуснуудыг хэдийг гүйцэж түрүүлэх нь вэ гэж өөртэйгөө яриад алхахаар зам ч хурдан барагдана. Анхандаа мэдэлгүй автуусанд орж суучихаад өгсөн дөрвөн зуун цаасандаа гол харлаад бууж ч болдоггүй, сууж ч чадахгүй нэг нөхөр бухимдсан зорчигчдын эгнээнд нэгдэнэ шүү дээ. Зорчигч гэлтгүй, жолооч, кондуктор ч бухимдана. Ингэж түгжирч түгжирч арайхийн гарсан нь явах маршрутынхаа нэг талд бөөгнөрөн давхилдаж орлогоо булаацалдана.

Нисэх, яармаг, комбинатын иргэдийн хотын төвд ажиллаж байгаагийн олонх нь Энхтайвны гүүрээр хот руу орж ирнэ. Энэ хэд дээр зайсангийнхан нэмэгдэхээр гүүр маань ч жинхэнэ “багш аа, байя аа” болно доо. Зайсангаас хотын төв рүү чиглэхээс гадна тэнд байдаг гадаад сургууль руу хүүхдүүдээ зөөх унаанууд ч замын түгжрэлд өөрийнхөө хувь нэмрийг оруулна. Архан талд нь байдаг ХААИС-ын хэдэн мянган оюутнуудын сургуульдаа ирдэг унааны тооноос хэд дахин олон тэрэг тийш зүглэдэг гэсэн шүү, сонсох нээ. За тэгээд, Их тэнгэрийнхэн давуу эрхээ эдлээд хөдөлгөөн хаавал ч бүр урагшлахаа болино.

Нийслэлийн харьяа байгууллагуу­дын 9000 төрийн албан хаагчийн ажил­даа ирэх цагийг нэгээр урагшлуулаагүй байсан бол мань мэт нь дөрөв байтугай троллейбусыг гүйцнэ шүү дээ.  Уг нь түгжрэлтэй хэсгийг нь ингэж алхаж өнгөрөөгөөд төв зам руугаа орчихвол ч нийтийн тээвэрт явах ч урамтай болоод байгаа шүү. Хажуунаас шахах, хойноос дуут дохиогоо хангинуулж бааварладаг үнэтэй машинуудын хажуугаар харин ч нэг инээмсэглэсэн шиг явна даа. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн том автобус зорчих болсноос хойш такси хөлөглөсөнтэй адилхан очих газраа салхи татуулан оччихож байхад ингэж онгиролгүй яах вэ дээ. Яг л энэ үед зам хаалгаж байгаад сүнгэнүүлдэг Их тэнгэрийнхэн ийм зүйлийг мэдэрдэг байх гэж бодно шүү. Энэ онгироо гар худлаа ярьж байна гэж бодвол маргааш надтай хамт алхаад үзээрэй. Буу халцгаасан шиг ээ, дөрвийг гүйцэж түрүүлье.  

А.Шархүү
"Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж