Ц.Энхжаргал Германы бөхтэй барилдана

Хуучирсан мэдээ: 2011.09.14-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал Германы бөхтэй барилдана

Туркийн Стамбул хотноо даваа гаригт эхэлсэн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй, чөлөөт бөхийн барилдаан өнөөдрөөс эхэлж байна. Хуваарь ёсоор эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болсон бол өнөөдөр сонгомол бөхийн үлдсэн ганц жин болох 74 кг-ын жингийн барилдаанаас гадна эмэгтэй, чөлөөт бөхийн 48 болон 51 кг-ын жинд аваргууд тодорно. Эдгээр жинд Монголын тамирчдаас 48 кг-д Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 51 кг-д ОУХМ Д.Отгонцэцэг нар баг тамирчдын салхийг хагалж, дэлхийн аваргын дэвжээнд барилдах юм. Өнөөдөр болох гурван жингийн барилдааны сугалаа гарсан бөгөөд Ц.Энхжаргал эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы бөх Жаклин Шеллинтэй барилдахаар сугалаа таарчээ. Германы бөхийг ялбал удаахь барилдаанд Бээжингийн олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгө, гурван хүрэлтэй, Канадын бөх Кэрол Хвин болон Францын Ванесса Бубрем нарын ялагчтай барилдана. Энэ жинд нийт 40 бөх хүч үзэх юм байна. Харин эмэгтэй, чөлөөт бөхийн 51 кг-д 23 орны бөхчүүд барилдахаар Стамбулд цуглажээ. Тус жинд өрсөлдөх Монголын тамирчин Д.Отгонцэцэгийн тухайд мөн л эхний тойрогт хийлсэн бөгөөд хоёрдугаар тойргийн барилдаанд Сингапурын өсвөрийн олимпийн аварга, Азербайжаны залуу бөх Патимат Багомедоватай хүч үзэхээр болжээ. Харин дараагийн тойрогт Герман болон Эквадорын бөхчүүдийн ялсантай барилдах юм.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 19.00 цагаас эхэлнэ.


С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж