Өнөөдөр манай гурван бөх зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Өнөөдөр манай гурван бөх зодоглоно

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гараагаа амжилттай хийж, Стамбулын дэвжээнд гарсан эхний өдрөө мөнгөн медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдаас Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Д.Нармандах /59 кг/, О.Насанбурмаа /63 кг/ нарын гурван тамирчин өнөөдөр дэлхийн аваргын дэвжээнд хүч үзнэ. Өнөөдөр болох гурван жингийн барилдааны сугалаа гарсан бөгөөд манай гурван бөх гурвуулаа эхний тойрогт хийлсэн байна. 55 кг-д нийт 41 бөх зодоглох ба ОУХМ Б.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойргийн барилдаанд Грекийн тамирчин Мария Преволаракитай барилдахаар сугалаа таарчээ. Харин 59 кг-д барилдах дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Нармандахыг хоёрдугаар тойрогт хүндхэн учраа хүлээж байна. Эхний тойрогт хийлсэн тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанд Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Шведийн София Мэттссонтой барилдах юм. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жин олимпийн бус жин учир харьцангуй цөөн буюу 21 орны бөхчүүд зодоглоно. Харин 63 кг-д 45 бөх барилдахаар Стамбулд цуглажээ. Тус жинд өрсөлдөх Монголын тамирчин О.Насанбурмаагийн тухайд хоёрдугаар тойрогт Румыны тамирчин Михаила Панайттай хүч үзэх юм.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 19.00 цагаас эхэлнэ.

Залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Д.Отгонцэцэгийн эхлүүлсэн медалийн буухиаг үргэлжлүүлэхийг ерөөе.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж