Далай ламын хойд дүр Монголоос тодрох уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.15-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүр Монголоос тодрох уу?

Дээрхийн гэгээн XIV Далай ламын хойд дүрээр есөн настай, монгол хүү тодорсон тухай сонирхолтой нийтлэлийг “Үндэсний шуудан” сонин өнөөдрийн дугаартаа онцолжээ. “Өдгөө 76 насны босго алхаад буй Дээрхийн гэгээнтэн өмнө нь “Миний хойд дүр яаж тодрохоос Түвдийн цаашдын хувь заяа хамаарна. Намайг жанч халсны дараа Хятадын Засгийн газраас өөрийн хүнийг XV Далай ламаар тодруулах вий гэсэн болгоомжлол бидэнд бий. Ингэх аваас Түвдийн асуудал бүдгэрч, бүгд Түвдийг мартах буй за. Тиймээс би амьд ахуйдаа хойд дүрээ тодруулж болох юм. Уламжлалт зан заншилд үл нийцэх ч ингэхээс өөр аргагүй” хэмээсэн нь тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байлаа. Тиймдээ ч амьд сэрүүн цагтаа хойд дүрээ тодруулж, Түвдийн хувь заяаг бүдгэрүүлэхгүйн тулд Балба, Энэтхэг, Монгол, Халимаг үндэсний 300 гаруй хүүхдээс хойд дүрээ сонгосон” хэмээн тус сонины нийтлэлд тэмдэглэсэн байна.

Хэдийгээр буддын шашны ёсноос гажиж, улс төрийн чанартай шийдвэр гаргалаа хэмээн багагүй шүүмжлэлд өртөж байсан ч Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам тэдгээрийг үл тоомсорлон Түвдийн ирээдүйн хувь заяаг бодолцон амьд ахуйдаа хойд дүрээ тодруулсныг энд онцолсон байв.

Эх сурвалжийн мэдээгээр Далай ламын хойд дүр буюу ирээдүйн XV Далай лам Монголоос тодорсон нь баттай гэнэ. Гэхдээ одоогоор аль аймаг хошууны хэн гэдэг хүүхдийг хойд дүрээр тодруулсан эсэхийг машид нууцалж байгаа аж.

Өндөр гэгээн Занабазар, Дилав хутагт Жамсранжав, Донхор Манзушир ламтан гээл олон хутагт хувилгаадыг төрүүлсэн Монгол нутагт Дээрхийн гэгээн XIV Далай лам удахгүй айлчлахаар төлөвлөсөн талаар ч тус сонин мэдээлсэн байлаа.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж