Ю.Тимошенкогийн эсрэг нотлох баримтуудыг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.16-нд нийтлэгдсэн

Ю.Тимошенкогийн эсрэг нотлох баримтуудыг дэлгэжээ

Украйн улсын Ерөнхий сайд асан Ю.Тимошенког дэмжигчид түүний буруутайг нотолсон баримтыг олонд дэлгэснийг "Гутамшиг, гутамшиг…" гэж үзэв.

Хэдхэн жилийн өмнө "Улбар шар хувьсгал" хийн мандан бадарч явсан Украйны Ерөнхий сайд асан Ю.Тимошенкод холбогдох хэргийг эцэслэн шийдлээ. Одоогоос хэдхэн сарын өмнө түүнийг баривчилж, украйнчуудын цөсийг хөөргөсөн үйл явдал болсон. Тухайн үед Ю.Тимошенког дэмжсэн хүмүүс хоёр, гурван өдөр эсэргүүцлийн жагсаал хийж байлаа.

Асуудлын гол нь Засгийн газрын хөрөнгөнөөс завшиж, байгалийн хийн гэрээг Орос ахан дүүстэйгээ хийчихсэн юм байна. Үүнийг энэ долоо хоногийн эхээр Украйны шүүхээс нотолж хэргийг хаасан талаар "Итар-Тасс" агентлаг мэдээлсэн. Уг нь түүнийг "Өмгөөлж хамгаалах байх" гэж бодож байсан нь эндүүрэл болж, эцсийн эцэст шоронгийн хаалга татлаа.

Ю.Тимошенко нэг хэсэг өмгөөлөгчөөрөө дамжуулан "Намайг хороож магадгүй. Тиймээс өдөр болгон гэгээн эцэг ламтантай уулзуулж байхыг хүсье" гэсэн. Тэр ч бүү хэл "Намайг ямар ч үндэслэлгүйгээр баривчилсан нь хууль бус ажиллагаа. Нотлох баримтгүй байж хүний эрхэнд дураараа халдах нь ёс зүйд нийцэхгүй" хэмээн зөвхөн Украйн төдийгүй дэлхий нийтэд хандаж хэлсэн билээ. Тэр ч бүү хэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон хүртэл "Ардчилал шударга ёсыг үл тоомсорлосон уг баривчилгаа хууль бус. Түүнийг сулла" хэмээн өмгөөлж байсан удаатай.

Харин ОХУ-ын зүгээс өдий хүртэл Ю.Тимошенкогийн талаар нэг ч удаа байр сууриа илэрхийлээгүй хүмүүс одоо л ойлгож байгаа бололтой. Түүнийг баривчлагдсаны дараа Украйн улсын эрх баригчидтай оросууд байгалийн хийн шинэ гэрээ хийсэн нь бодлоготой алхмын шинж. Магадгүй Ю.Тимошенко шиг улстөрч тэдний замд саад болж байсан ч юм билүү. Оросууд угаасаа гярхай, аливаа зүйлд буурь суурьтай ханддаг. Энэ улсад учир мэдэх хүн олон. Харин Украйн улсын улс төр судлаачид Ю.Тимошенкогийн талаар "Ю.Тимошенко мэтийн шинэхэн "жүрж" оросуудын үгэнд итгэж, улс орны эрх ашгийг умартан шуналдаа автсан байж. Уг нь бид түүнийг сайн замаар олон ч зүйл бүтээх нь хэмээн итгэж байсан. Цаг нь ирэхээр бүхнийг үнэн ялан дийлэх юм" хэмээсэн.

Украйны прокурорууд Ю.Тимошенкод холбогдох нотлох баримтыг үзээд эцсийн байдлаар дахин хянаж шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхийн зүгээс "Буруутай нь нотлогдсон" гэсэн аж. Ийнхүү түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авлига авсан, өгсөн гээд хэд хэдэн үндэслэлээр буруутгаж байгаа юм байна. Хийсэн хэрэг нь нэгэнт нотлогдсон болохоор түүнийг гэх дэмжигчид цөөрч, эх орон нь нүүрээ бурууллаа.

Украйны Ерөнхийлөгчийн өнгөрсен сонгуулиар Ю.Тимошенко В.Януковичийн ялалтанд тун сэтгэл дундуур байсан. Магадгүй түүний энэ байдал ОХУ-тай эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, байгалийн хийн гэрээ хийсэн явдалтай холбоотой байж ч мэднэ. Харин Ерөнхийлөгч В.Янукович бүх зүйл эргээд хэвэндээ орсон талаар өчигдөр ард түмэндээ хандан мэдэгдсэн байна.

Тэрбээр "Ямартай ч эхний ээлжкнд Ю.Тимошенкогийн хэрэг эцэслэн шийдэгдлээ. Бүх зүйл дахин хэвэндээ орлоо" гэсэн юм. Улбар шар хувьсгалын гол эзэд Украйны улс төрийн тавцнаас ийнхүү нэг, нэгээрээ хасагдаж байгаа нь олныг гайхшруулж барахгүй нь бололтой. Үүнээс хойш болох ёстой юм болох л учиртай мэт Украйны ард түмэн хүлээн авах биз.

Ю.Тимошенкогийн өмгөөлөгч Андрей Федур "Миний зүгээс боломжтой бүх зүйлийг хийсэн. Ямартай ч шүүх хурал дээр түүнийг буруутайг нь дэлгэн харуулж, ялын тогтоол унших нь бараг тодорхой боллоо" гэсэн байх юм. Өмгөөлөгчийн хэлсэн үг Ю.Тимошенког буруугаа хүлээх зам л үлдлээ гэж байгаа мэт сонсогдож байв. Улбар шар хувьсгалаар тодорч гарч ирсэн түүний нэр хүнд ийнхүү шалдаа буутал унав. Нэгэнт нотлох баримтыг шүүх зөвшөөрч байгаа болохоор одоо түүнийг гэх дэмжигчид байхгүй болсон гэж үзэж болох юм.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж